Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тиймээс өнөөдрийн шүүхийн тогтолцоо 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болох юм. Ингэснээр аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт анхан шатны шүүх байхаар болж байгаа. Тодруулбал шүүх дараах байдлаар шинэчлэгдэн байгуулагдах юм.

Давж заалдах шатны шүүхийн тухайд: Хуулийн төслөөр Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймаг бүрт Эрүүгийн болон Иргэний хэргийн танхим бүхий давж заалдах шатны шүүх байгуулагдана. Харин хүн амын нягтаршил, хэрэг маргааны гаралтын төвшнөөр өндөр Орхон, Дархан-Уул аймагт одоогийн байгаа Эрүүгийн болон Иргэний хэргийн төрөлжсөн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаа явуулна.

Аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Эрүүгийн, Иргэний хэргийн танхимын аль нэгэнд харьяалагдаж, бусад танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохгүй байх, мөн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад холбогдох өөрчлөлтийг оруулна.

Дүүргийн тухайд: Нийслэлийн 7 дүүрэг тус бүрт эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүх байх, харин Багахангай дүүргийн хүн амын тоо, хэрэг маргааны гаралт бага байгаа нөхцөл байдлыг харгалзан Багахангай, Налайх дүүргийн дунд эрүү, иргэний тус бүр нэг шүүх байхаар тусгажээ. Ингэснээр дагнан мэргэшсэн шүүх, шүүгчээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхийг зорьсон шүүхийн шинэтгэлээс ухрахгүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг арилгах юм.

Энэхүү хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдан анхан болон давж заалдах шатны 99 шүүх 115 болж нэмэгдэнэ.

Шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55,8 хувийг нүүлгэн шилжүүлнэ. Уг хуулийг хэрэгжүүлэхэд нийтдээ 2.5 тэрбум төгрөг шаардагдах юм байна.

Бид энэ талаар тодруулан эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа