Ховд аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав
2016/04/25
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ, Засгийн газрын зарим гишүүд оролцов.
Улаанбаатар хотод АСЕП-ийн хуралд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг ёслолын үеэр Ховд аймгийн иргэдэд утсаар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Төрийн тэргүүн мэндчилгээндээ “Ховд аймгийн ард иргэддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.
Өнөөдөр Ховд аймаг Монгол Улсын Төрийн дээд одон-Сүхбаатарын одонгоор шагнагдсан явдалд Ховд аймгийн нийт ард иргэд, хуран цугларсан та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж баяр хүргэе. Ховд аймгийн сүүлийн жилүүдэд гаргаж байгаа ажлын амжилт их сайн байна. Сайн мэдээ байнга сонсож байгаа.
Ховд аймгийн хүн ам сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Мөн эдийн засаг нь өссөн байна. Бүтээн байгуулалт нэмэгдсэн байна. Мал сүрэг ч бас тоо толгойгоороо өсчээ. Энэхүү төрийн өндөр дээд шагнал бол Ховд нутгийнхны хөдөлмөр бүтээл, та бүхний хийж байгаа бүх зүйлийг үнэлж байгаа том шагнал юм. Ховд аймгийн өнөөдрийн амжилт бол үе үеийн ховдчуудын амжилт юм.
Хуран цугларч энэ мэндчилгээг сонсож байгаа ахмадууддаа, өнөөдөр ид ажиллаж байгаа нийт ард иргэддээ, залуу үеийнхэндээ дахин баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Төр, ард түмнийхээ өндөр хүндэтгэлийг хүлээж энэ алдрыг дааж явна гэдэгт итгэж байна. Одоо би Төрийн ордонд ажиллаж байна. Энд яг одоо Ази-Европын парламентчдын хурал болж, бид ажил ихтэй байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон бусад хүмүүс энэ өндөр хүндэтгэлийг хүлээлгэн өгч байгаа гэж ойлгож байна. Ингээд та бүхэндээ баяр хүргэе. Улам их амжилт гаргаарай. Дахин уулзахын ерөөл тавья. Ховд нутгийнхны буян заяа, хийморь улам өөдөө байх болтугай. Ажил үйлс нь улам өөдрөг байх болтугай. Хурай хурай хурай” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Ховдчууд аа,
Ерөнхий сайд аа,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Ахан дүүсээ,
Мөнх тэнгэр эрт хураа хайрлаж, газар эх шимээ дэлгэсэн урин хаврын шинийн 15-ны өлзий дэмбэрэлтэй энэ сайхан нарлаг өдөр Ховд аймгийн төв-Ард Аюушийн талбайд хуран цугласан Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилж, сайн сайхны ерөөл өргөн дэвшүүлье.
Та бид дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийг төрийн дээд одон-Сүхбаатарын одонгоор шагнасан түүхэн үйл явдлын гэрч боллоо. Энэхүү шагнал нь Ховд аймгийн үе үеийн удирдлага, тус аймагтай ажил, амьдралаа холбосон бүх хүмүүст олгосон шагнал. Энэ шагнал бол хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогссон эмч ажилтнууд, мал, сүргээ эсэн мэнд бойжуулахын төлөө нойр, хоолоо хугаслан зүтгэдэг малчин түмэн, газар эхийн шимийг амилуулах, аривжуулахын төлөө хөлсөө дуслуулсан газар тариалан эрхлэгчид, залуу үеэ эрүүл чийрэг, эрдэм боловсролтой иргэн болгохын төлөө хөдөлмөрлөсөн багш, сурган хүмүүжүүлэгчид, хүн ардынхаа энх амгалан амьдралын баталгааг хангуулахын төлөө зүтгэсэн хууль сахиулах байгууллагынхан, эх орныхоо торгон хил, нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлыг хамгаалах энхийн манаанд зоссон хилчин дайчид, зэвсэгт хүчнийхэн, ажил, амьдралаа болон хүн ардынхаа өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын төлөө ажилчин зөгий мэт хичээн зүтгэж ирсэн бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, улс, аймгийнхаа алдар нэрийг цуурайтуулсан тамирчид, соёл урлагийнхан, Монголынхоо төдийгүй хүн төрөлхтөний соёлын биет болон биет бус өвийг тээж ирсэн ардын авьяастнууд, Ховд аймгаа хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн төр, засгийн бүх албан хаагчид, нийт Ховдчуудын олон жилийн хичээл зүтгэлийг үнэлсэн, бас улам их үйлс бүтээхийг ерөөж, урам хайрласан өндөр дээд шагнал юм.
Нөхөд өө, Монголчууд наран ургахаас жаргах хүртэл уудам их газар нутгийг эрхшээж, эрдэм мэдлэг, энх амгалан, дэглэм журмаар засаглаж явсан бахархам, бас сургамжтай түүхтэй ард түмэн. Монголчуудын тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээхийн төлөөх өглөө бүрийн залбирал, өдөр бүрийн эсэргүүцэл тэмцэл зуун зууныг дамнан байж, ХХ зуунд сая биеллээ олсон билээ.
Ховдчууд бол Манжийн түрэмгийллийг махран эсэргүүцэж, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1945-1948 оны баруун хилийн тулгаралтад гар бие оролцож, Монголын тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн баатарлаг түүхтэй. Ховдын цэнхэр хязгаар, Алтайн сүрлэг уулсын дундаас алдар цуутай, эрдэм боловсрол, авьяас билэгтэй олон охид хөвгүүд төрсөн. Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Амарсанаа, ард Аюуш нарыг залгамжлан Баясгалангийн Бадам, Лодонгийн Дандар, Цэндийн Олзвой, Баянбалын Тэгшээ, Пунцагийн Чогдон, Энхийн Шийлэг, Дамдины Намнан зэрэг олон Улсын болон Хөдөлмөрийн баатар, Ардын цолтон, Гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, эрдмийн зэрэг цолтой алдартнууд төрөн гарсныг бахархан тэмдэглэхэд таатай байна.
Монгол Улс тусгаар тогтнолоо улам баталгаажуулж, хөгжлийн шинэ үүдийг нээхэд 1990 оны Ардчилсан хувьсгал түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Ардчиллын төлөөх энэхүү зөв үйл хэргийг зөн билгээрээ эхнээс нь тууштай дэмжиж ирсэн Ховдчууд Та нартаа их баярлалаа.
Ховд аймгийн хүн ам сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж, дундаж наслалт 6 жилээр нэмэгдэж, 72-т хүрч, улсын дунджаас өндөр байгаа нь нэн сайшаалтай. Ховд аймгийн эдийн засаг сүүлийн 5 жил дараалан дунджаар 20-иос доошгүй хувиар өсч, эдийн засгийн өсөлтөөрөө, өрсөлдөх чадвараараа, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчноороо бусад аймгуудад үлгэр дууриал үзүүлж байгаад баяртай байна. Ховд аймгийн уирдлага Иргэний оролцоог дэмжсэн хөгжлийн бодлого явуулж, идэвх санаачилгатай ажиллаж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, бүтээлч, олон ажил өрнүүлэн аймаг, орон нутгийнхаа өнгийг жилээс жилд засаж сайжруулж байгааг харахад сайхан байна.
Нутгийн зон олон болон хол ойроос Ховдод ирсэн хүмүүс Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан нарт ам сайтай байгааг сонсоход сэтгэл их өег байдаг юм. Амжилт бүтээлээр жигүүрлэж яваа Та бүхэнд, Та нарын гар нийлсэн багт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаас талархал илэрхийлж, улам их хичээж ажиллахыг хүсэн ерөөе.
Ховдод авьяас билэгтэй, ажилч хичээнгүй, дайчин, бүтээлч, гайхамшигтай хүмүүсийн үр сад амьдарч байна. Мөн хүн төрөлхтний мянга мянган жилийн буурал түүхийг уул хадандаа хүртэл баринтаглан хадгалсан түүх, соёлын яндашгүй их өв, байгалийн үзэсгэлэнт газар ус байна. Бас газрын хэвлийн их үүц, баялаг байна.
Энэ бүхэндээ түшиглэн Ховд аймгаа тогтвортой, алсын хараатай хөгжүүлж, дэлхийн жишигт хүрсэн хөгжлийн шинэ төв болгох боломж бүрдэж байна. Энэхүү түүхэн боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадна гэдэгт Та нарт итгэж байна. Та бүхэнд төрийн дээд одон-Сүхбаатарын одонгоор шагнагдсанд дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.