Увс аймгийн Тэс сумын нутаг дахь Нарийны голын гүүр урд шөнө /04 сарын 24-25-нд шилжих шөнө/ нурсан байна. Тиймээс Тэс сумын чиглэлд тухайн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болоод байна. Мэргэжилтнүүд гүүр нурсан шалтгааныг тухайн газар нутаг, Нарийны гол нь элсний нүүдэл ихтэй, гүүр барихдаа тулгуур баганыг стандартын шаардлагад нийцүүлээгүй гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.

Уг гүүр нь өмнө нь олон асуудал дагуулж байсныг та бүхэнд сануулах үүднээс хүргэе.Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр нь 2008 оноос 2012 онд засаг даргын албан тушаал хажиж байхдаа төсвийн мөнгө шамшигдуулсан гэх хэргээр Хан-Уул дүүргийн шүүхэд дуудагдаж улмаар түүнийг Увс аймагт барихаар төлөвлөсөн Нарийны голын 325 км, Тээлийн голын 75.зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьсан гэх иргэдийн мэдээллээр АТГ-т шалгаж байжээ. Хэргийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд Э.Цасчихэрийг жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил хорих ял оноож мөн тодорхой албан тушаалд хоёр жил ажиллах эрхийг нь хассан байна.


Уг гүүрний сунжирсан үйл явц анх 2006 оноос эхлэж 2008 онд Мөнхжин компани Нарийн голын гүүрийг 1,8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэнэ гэж тендэрт шалгарсан байна. Гэвч тэд хийлгүй өөрсөддөө мөнгө унагаж улмаар хятадуудаар хийлгэсэн боловч төсөв нь хүрэлцэхгүй шон босгоод л орхисон гэнэ.

Улмаар 2011 он хүртэл 5 жил шонгоос өөр зүйлгүй гүүр хүлээгдэж байсан бөгөөд жилээс жилд төсөвт өртөгийг нь нэмүүлсээр 5,3 тэрбум төгрөг болжээ. Тэгээд эцэст нь 2011 онд Хятад компани хийж эхлээд 2012 оны 09 сарын 23-нд хүлээлгэн өгчээ. Өөрөөр хэлбэл өөрийнх нь компани бариад өөрөө хүлээж аваад 3 жил болоод нурсан хэрэг. Өмнө нь байсан модон гүүр ард иргэдийн ахуй амьдралыг залгуулж болоод л байсан хэмээн нутгийн иргэд сошиол хуудсанд гомдлонгуй бичжээ. Гэтэл өч төчнөөн хөрөнгөөр барьсан бетон гүүр нь 3 жил ч болсонгүй нуран унасан нь Цасчихэр болон түүний нөхдийн хариуцлагагүй үйлдлийн нэг жишээ бөгөөд төрийн мөнгөөр тоглож хэдхэн жилийн настай зүйлээр ард түмнийг хуурч хоосон тууз хайчилахаас өөргүй байсныг харуулж байна. Одоогийн байдлаар аймгийн удирдлагаас барьсан компанид нь мэдэгдэл хүргүүлжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр гүүрийг барьснаас хойшхи баталгаат засварын хугацаа болох гурван жилийн хугацаа дууссан гэнэ. Хэрэв энэ яриа үнэн бол өндөр өртөгөөр босгосон гүүрийн засварын зардалыг хаанаас шийдэх нь эргэлзээтэй хэвээр байна.