“Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг” хэмээн Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, МУСГЗ, яруу найрагч Б.Лхагвасүрэн хэлсэн байдаг.

Тэгвэл хүн, төрдөө зүтгэснийхээ төлөө 2011 онд 87, 2012 онд 110, 2013 онд 134, 201 онд 170, 2015 онд 156 цагдаа хохирсон байна. Тодруулбал 2011-2015 оны байдлаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа Эрүүгийн хуулийн 13 зүйлээр 471 гэмт хэрэгт хохирсон байна. Харин 2016 оны эхний улирлын байдлаар цагдаагийн 13 алба хаагч гэмт хэрэгт өртсөн байна. Энэ нь дөрвөн өдөр тутам нэг цагдаагийн алба хаагч гэмт хэргийн хохирогч болж байна гэсэн үг юм.

Өмнө нь сүлдтэй хувцас өмссөн алба хаагчийг хүн бүр төрийн минь сүлд өршөө хэмээн хүндлэн харьцдаг байсан. Тэр ч утгаараа цагдаад халддаггүй байсан. Харин хувцаснаас өөр хамгаалах хэрэгсэлгүй цагдаагийн алба хаагчид сүүлийн үед ийнхү гэмт хэргийн золиос болж байгаа нь эрх зүйн зохицуулалтгүй байхгүйтэй шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл цагдаа өөрийгөө хамгаалж чадахгүйдээ биш, гэмт хэрэгтний өөдөөс буу гаргах хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй. Мөн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс өөрийгөө гэм буруугүй мэт харагдуулахын төлөө цагдаа нарыг муулж, олон нийтийн дунд цагдаагийн байгууллагын нэрийг унагаж байгаатай холбоотой.

Уг нь цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албыг улс төржүүлэх ёсгүй. Харамсалтай нь эрүүл мэндийн салбарыг улс төржүүлснээр өнөөдөр “ялзраад” байгаа. Одоо цагдаагийн байгууллагаар оролдож, эрх зүйн орчинг сайжруулаагүйн улмаас 2011 оноос өнөөдрийг хүртэл 484 цагдаагийн алба хаагч гэмт хэргийн золиос болохгүй байсан.

Хамгийн сүүлийн жишээ, цагдаагийн байгууллагад алба хаагаад хоёр жил болж байгаа 22-хон настай цэл залуу үүрэг гүйцэтгэж яваад амь үрэгдэв. Түүнийг хөнөөсөн этгээд өөрийгөө боомилсон болохоор хэргийг хаана. Харин ар гэрийнхэнд нь 36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж өгнө. ЦЕГ-ын дарга Р.Чингисийн тушаалаар ЦЕГ-ын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч талийгаачид хүндэтгэл үзүүлэхээр болсон. Гэмт хэргийн золиос болсон цагдаагийн хэрэг ингэс хийгээд мартагдана. Харин ар гэрийнхэн нь хохироод үлдэнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл, зодоон, дээрэм гээд болохгүй бүтэхгүй бүхэнд цагдааг явуулдаг. Хэдийгээр муу муухай бүхэнд явж байгаа ч төр түмэндээ тангараг өргөсөн болохоор хэцүү байсан ч, өвдөж зовсон ч асуудал тоочилгүй үүргээ гүйцэтгэдэг. Уг цагдаа ч гэсэн хүн. Хүний ард хүн байдаг. Хүний ард хүн байдгийг санаж цагдаагийн эрх зүйн орчинг боловсронгуй болгохгүй бол цэл залуугаараа төр түмэндээ эн тэнцүү үйлчлэх залуусынхаа урам зоригийг мохоосоор байх болно.

Уг нь цагдаагийн албаар тоглож байхынхаа оронд эрх зүйн орчинг сайжруулсан бол 2011 оноос өнөөдрийг хүртэл 484 цагдаа хохирохгүй л байсан. Хичнээн цагдаагийн амь нас, эрүүл мэндээр “туг тахиж” байж эрх зүйн орчинг сайжруулах ёстой вэ эрх баригчдаа...

А.Баярмаа