Муухай явдал боллоо... гэж энэ үлгэрийн өрнөл эхлэснээр хэлэх цаад сургамж тайлагдаж эхэлдэг.

Ихэмсэг зантай муур авхай байх.Ганган дэгжин байшинд амьдардаг баян муур авгайнд зочлох зочин ч их найз нөхөд ч олон. Гэтэл тансаг байшин нь шатаж муур авгай орох оронгүй болдог. Энэ үед ганц шөнө толгой хоргодуулах жинхэнэ найз олдохоо больдог. Найрын хамгийн шоовдор зочид гудамжинд гарсан баян авхайд үүд хаалгаа нээдэг. Самуил Яковлевич Маршакийн энэхүү ёгт үлгэрийн дүрийг санагдуулах элдэв ааштай эгэл ардын хуурамч дүртэй зочид 4 жилээр төрийн ордонд суух боллоо. Гарахаа дөхөхөөр юу хийгээд байна.

 

Ард түмэн минь гоёмсог ордонд оруулаад өгөөч. Алтан дээр суусан гуйлгачин байхаа больё. Азийн бар юу ч биш. Арабын шейх шиг амьдрах баялаг бидэнд бий. Хувьцаа болгоод хувааж авцгаая л гэсэн. Огт худлаа ч биш бололтой. Гадаа хувьцааны очер гээд урт дараалал үүсчихээд байна.

 

Тойргийнхон минь. Хайртай шүү. Хамтдаа л баяжина хөгжинө шүү. Би найранд нь оролцохгүй. Гэр болсон төрөө цэвэрлэнэ. Явуулаад өгөөч л гэсэн. Тойргоос сураггүй бологсод хэдээр нэмэгдэхийг ирэх сард бид харна.

 

Бидний чихэн дээр ганц цэцэг биш бүтэн мандал босгоод арилж өгдөг түшээдийн цөөнгүй нь тойрогтоо эргэн ирээгүй. Харин дараагийн 4 жилийн найранд хойморт сууж харагдан гайхшруулсан юм. Шинэ хуулийн дагуу жагсаалтаар залраад байгаа тул төсвийг цохих их найранд урилгагүй иржээ гэж хөөх аргагүй. Энэ тэгээд нөгөө эцэг хуулинд таарч байгаа юм уу гэж хүндэт хуульчдаас асуусан. Асуудалгүй цаашаа явцгаая гэсэн.

 

Ажрахгүй өнгөрөөсөн 4 жилийн дараа асуудал байнаа л болоод явчихав. “Жагсаалтынхан танхимаас гараад жагс” гэж орчуулж болох лүндэнг Цэц буулгалаа. Үүнээс үүдээд Хуульзүйн байнгын хорооны хурал дээр бөөн дүнгэнэлдээн болжээ.

 

...Энэ хуулийг Б.Чимэд агсан бид нар хийж байсан. Нэгд хоёр өөр гишүүн байж болдоггүй юм, тойроггүй гишүүн байж болдоггүй юм аа гэж ярьж байсан. Энэ тухай би сануулж байсан...

 

...Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Ардчилсан намд наах гэж байгаа бол МАН олонхи байхдаа сонгуулийн холимогт тогтолцоог баталсан.

 

...Ардчилсан намынхан ард түмний санал орхигдож гээгдэж байна. Тийм учраас холимог тогтолцоо авах нь зөв юм. Эрүүл тогтолцоо гэж үзсэн. Гэтэл энэнээсээ Ардчилсан нам өөрсдөө эрх барьж байх үедээ ухарсан нь жудаггүй улс төрийг хийж байгаа юм биш байгаа.

 

...Байшин нурчихаад байхад байшин доторх ширээ яагаад эвдэрчих вэ гэсэн юм ярьж хоорондоо маргаад хэрэггүй. Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэр гаргадаг, эхнийх нь эцсийн шийдвэр байсан. Эцсийн шийдвэр гээд дахин эцсийн шийдвэр гаргаж байгаа нь Үндсэн хуулийн бус арга юм.

 

Ордны гадаа бас дүнгэнэлдээд явчихлаа.

 

...Үндсэн хуулийн Цэц МАНАН хэмээх хууль бус бүлэглэл ноёрхлоо тогтоохын тулд өгсөн захиалгыг үг дуугүй биелүүлж... Монгол Улсад жинхэнэ ардчилал дүр эсгэсэн ардчиллаар солигдож байна.

 

...Энэхүү ариун тэмцэлд МАНАН-аас өөр улс төрийн бусад намууд, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүр бидэнтэй хамт дуу хоолойгоо нэгтгэж, тууштай тэмцэхийг уриалж байна... гээд эхэллээ.

 

Эх оронч болоод эд нарыг нь дэмжье гэхээр Цэцийг нэг нам хүч түрж цэгцэлж байхад аль талд нь тал засаж кноптсон билээ гэж бодохоор дуу гарахаа байчихаж байгаа юм.

 

Монгол төрийн ордон дотор хямрал гэж хэлэхэд багадах завхрал гэж хэлэхэд хөнгөдөх хавтгай дампуурал нүүрлэж муурын байшингийн найр тараах хэмжээнд их муудалцаан эхэлсэн бололтой.

 

Хуурга хийх хэдэн арван жор байдаг шиг хуулийг хувирган найруулах засан залруулах, залруулсанаа бас дахин залруулах хөвөрсөн ажлыг эдийн засгийн хямралд үл автан явуулах хууль тогтоогчдын нөр их хөдөлмөр, намуудын шийдсэн алхмууд бидэнд юу үлдээх вэ. Манаачгүй Үндсэн хуультай, халаагүй түшээдтэй болох бий дээ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/