Төрд арай дүлий, сохор, хөгжлийн бэрхшээлтэй нөхдийг суулгачаагүй байгаа даа гэж сүүлийн үед бодогдох боллоо. Доллар төгрөгийг дарлаж, бүр үнэгүйдүүлчихээд байхад тайван бай “Бидэнд доллар өгнө гэсэн” хэмээн хөгжлийн сайд нь хэлэх юм.

Ерөнхий сайд нь болохоор худлаа үнэн нь мэдэгдэхгүй баахан статистик уншиж, зүгээр байгаа эдийн засгийг “ХОРОЛМАА” нар л хямарлаа, хэцүүдлээ гээд байна зөв зүгээр гэж хэлэх. Тэгж байтал бас УИХ-ын дарга нь бас л Монголын эдийн засгийн өсөлт 11 хувьтай гарсан. Эдийн засаг хямраагүй ээ. Зүгээр л хүндэрч байгаа юм. Хямарсан гэж орилж, хашиграад байгаа хүмүүс бол биднийг муухай харагдуулах гэсэн хүмүүс ухааны зүйл ярив.

 

Харин бодит амьдрал дээр эдийн засаг тэдний ярьж байгаагаас огт өөр байна. Долларын өсөлт бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, ард түмний амьдралд нөлөөлж, тэдний амьдралыг хямруулж эхлээд байна. Гэхдээ доллар өсөх энэ үед Монголбанк ёстой л гараа хумхиад суулаа. Үнэндээ сэтгэл гаргасангүй. Тэд интервенц хийгээд ч долларыг оосорлож, чадсангүй.  Өнөөдөр Монголбанкныхан инфляц өмнөх жилийнхнтэй харьцуулахад бага байна, үүнээс муу байх байсан юмыг бид ажиллаж байж гайгүй болголоо гэх мэт өөрсдийгөө зөвтгөх тайлбар хийж буй. Гэвч энэ тайлбар тэднийг аврах тайлбар биш гэж бодож байна. Монголбанк бодлого барьж, ханшийн тогтвортой байдлыг хангаж чадаагүй. Тиймээс Монголбанкны удирлагуудтай хариуцлага ярих цаг иржээ.

 

Түүнчлэн “Эдийн засгийн хөгжлийн яам” гэж гоё ганган нэртэй газрыг энд тэндээс улс орондоо өр нэм, энд тэндээс мөнгө гуй гэж байгуулаагүй байлтай. Харин Монголын эдийн засгийн хөгжлийг яаж авч явах бодлого боловсруулж улс орноо баян болго гэж байгуулсан байх. Гэвч яам толгойлж байгаа сайд нь юу хийгээд байгаа нь ойлгогдох юм алга. Японоос их хэмээний мөнгө өгнө гэж бахархан ярьснаас хойш таг чиг. Аргагүй юм байгаа ийнхүү ярьсаныхаа төлөө нэлээдгүй зэм хүртсэн. Дахиж тэр хүний амнаас ийм үг битгий унаасай бурхан минь.

 

Доллар Монголын нийгэмд ноёрхолоо тогтоогоод төгрөгийг цаас болгож байгаа энэ үед Засгийн газар нь ч, УИХ нь ч, Монгол банк нь ч юу ч хийсэнгүй, зүгээр л тайлбар хийж, ард түмнийг тайвшруулж сууна. Урьд урьд нь нийтлэлдээ дурьдаж байсан. Та бүхэн ард түмнийг тайвшруулавч, үнийн өсөлт, авч байгаа цалин маань тайван суулгахгүй байна аа гэж. Мөнгө үнэгүйдээд ядаж суухад төрөөс сурагчдийн хувцас нэртэй бизнесийн шахаа нь бүр ч хэцүү байна. Эцэг эхчүүд “Тэр дүрэмт хувцас гээд байгаа чанар муутай эд нь аймар үнэтэй юм байна ш дээ. Цалингийн доод хэмжээгээр цалинждаг хүн бол нэг сарынхаа цалинг хүүхдийн хувцасанд тавиад туух нь байна. Идэх хоолоо, унааныхаа мөнгийг яах болж байна аа” ярьж, шүүмжилж байна. Мэдээж үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа нь сайн ч гэлээ. Нийгэмд, ард түмэнд арай ойр зүйл ярьж, тэдний амьдралыг судалж үзсэний эцэст үнэ гэдэг зүйлийг нь тогтоох ёстой байсан юм. Доллар өсөөд байхад юу ч хийгээгүй мөртлөө дүрэмт хувцасны загвар суртчилах, үүнийг зөвтгөх тайлбарыг яаж идэвхтэй хийж байсныг түмэн мэдэх биз ээ.

 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ хуралдахгүй ч байж мэдэх шуум, улс төрийн хүрээнд тарсан байх юм. Эдийн засагт хүндрэл үүсч эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж магадгүй чимээ дуулдсан ч УИХ-ын дарга З.Энхболдын тааллаар зарлагдах эсэх нь тодорхой болно гэх мессеж “цацагдаж” эхэлжээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол улстөрчдөд улс орны эдийн засаг хүндрэх хамаагүй, тааллаар ажлаа хийдэг системд шилжсэн бололтой юм. Уг нь төв банк УИХ-ын бүтцэд харьяалагддаг болохоор ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж арга хэмжээ авах нь чухал болж байгаа. Гэхдээ эдийн засаг зүгээр байгаа гээд тайлбарлаад суугаа хүмүүс яалаа гэж яарч сандран хуралдаж, гарах арга замыг нь ярих гэж зүтгэх вэ дээ. Нэг үгээр хэлбэл нийгмийн амьдралаа мэдрэхээ байсан мэдээ алдсан нөхөд л төр засаг толгойлчихоод тайван суугаад байх шиг. Нөгөө ард түмэн бол миний аав ээж гээд тунхаглаад байсан Ерөнхийлөгч ч хаашаа алга болсон бүү мэд. Сүүлийн үед ерөөсөө сураг тасарч, нөгөө аав ээжийнх нь амьдрал хэцүүдэж, хэтэвчиндэх хэдэн төгрөг нь цаас болчихоод байхад хүүхэд нь алга. Нөгөө их аятайхан үгнүүдээ ч хэлэхээ бүр байлаа. Одоо Монголын ард түмэн яалтай ч билээ. Долларт дарлуулж, хэдэн цаас өвөртөлж, хоосон хончихгүйхэн шиг өл залгаад явахаас л өөр аргагүй болж байх шиг байна.

 

Н.Чинзориг