Д.Сугарыг МИАТ-ийн хэрэгт татаж эхэллээ
2013/02/22
Д.Сугарын хамгаалалтыг хуулж, хуулийн байгууллагаар шалгуулж эхлэхээр шийдвэрлэжээ.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт тавьсан байна. Төрийн өмчийн хорооны даргаар олон жил ажилласан мань эртэй холбогдолтой гэмт хэргийн нотлох баримтууд бүрдсэн тул дээрх саналыг холбогдох байгууллагад нь хүргүүлсэн нь энэ аж.
Хэрэв Үндсэн хуулийн Цэц асуудлыг хэлэлцэж, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хангалттай үндэслэл байна гэж үзвэл Д.Сугарыг МИАТ-ийн хэрэгт сэжигтэн, магадгүй яллагдагчаар татах эрх зүйн үндэслэл бий болох юм. Үндсэн хуулийн 5.2-т зааснаар Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заажээ. Иймээс ирэх сарын эхээр Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал шийдвэрлэгдэх бололтой.
2001 аравдугаар сарын 15-наас эхлэн эрсдэлийн даатгал гэх нэрээр МИАТ-ийн зорчигч бүрийн тийзний үнэ дээр таван ам.доллар нэмж, Хонконгийн банкаар дамжуулан Японд харьяалалтай банк руу шилжүүлж мөнгө угааж байсан хэрэгт үе үеийн МИАТ-ийн удирдлагуудыг шалгаж буй.
Одоогоор тухайн байгууллагын үе үеийн удирдлагууд болон тэдний хамсаатнууд нийлсэн есөн хүн саатуулан шалгагдаж байгаа. Мөнгө угаасан гэгдэх дээрх хугацаанд ТӨХ-ны даргаар Д.Сугар ажиллаж байсан бөгөөд МИАТ-ийн үе үеийн удирдлагуудыг ч томилж байсан нэгэн билээ. Түүнчлэн түүнтэй холбоотой байж болох баримт нотолгоо байгаа тул бүрэн эрхийг нт түдгэлзүүлэн шалгаж эхлэхээр болсон тухай ч мэдээлэл бий. Д.Сугар ч өөрөө энэ хэргийн талаар “Намайг дуудаж шалгасан зүйл байхгүй. Хэрэв шалгана гэвэл хариуцлага алдсан л гэх болов уу” хэмээн ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэрбээр энэ хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээн учирладаг юм. Гэвч МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг Д.Сугарт зориулан зөвлөх гэх орон тоо гаргаж, сард сая гаруй төгрөгөөр цалинжуулдаг байсан баримт олдсон гэлцдэг. Юутай ч түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Цэцээр шийдвэрлэж, улмаар хуулийн байгууллагын ажиллагаа эхлэх нь.
Харин дээрх хэргийн талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
“ТӨХ-г Д.Сугар удирдаж байсан нь үнэн. Удирдлагуудыг нь ч томилж байхад Д.Сугар байсан нь үнэн. Иймээс хуулийн байгууллагынханд түүнээс асууж тодруулах зүйл бий. Д.Сугар ч энэ талаар хэлнэ гэдгээ хэвлэлээр дамжуулж хэлсэн байна лээ” хэмээн тодотгосон байдаг. Гэхдээ хатуу самар дээрх хэргийг улс төрийн зорилгоор, захиалгаар ил болгосон хэрэг хэмээн онцолж буй юм.
Тодруулбал, Ц.Нямдорж “Энэ их улстөржилт, захиалгат зүйлүүд наад хэргийг чинь будлиулна даа. Гол эздийг нь авч үлдээд, золиосны хүнийг шоронд явуулна. Улс төрөөр эхэлсэн хэрэг ингэж л дуусдаг” гэж байв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Арвин Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны а суудлаар СЕХ Үндсэн хуулийн Цэцэд хандсаны дараахан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үндсэн хуулийн Цэцийн Д.Сугар гэдэг хүн МАН-ын бүх өндөр албан тушаалыг зохион байгуулалттайгаар хийдэг нөхөр шүү дээ. Д.Сугар бол энэ бүхнийг зохион байгуулаад Сонгуулийн ерөнхий хороог ийм, тийм бичгээ өг гээд эхэлсэн. Тэр одоо төрийн өндөр албан тушаалд ч байж байдаг. Үндсэн хуулийн Цэцэд ч очдог залы этгээд. Бүх юман дээр л сууж байна шүү дээ. Хууль мэдэхгүй. Тэгээд хууль гуйвалчих ч мэдэх нөхөр” хэмээн ярьж байжээ.
Л.Нинжсэмжид