Алтран шаргалтах элсэн манхан дунд торойн байх Замын-Үүд хотод буугаад мордов. Нүд эцэм манхан дундаас мандах нар, шингэх сарыг харах юутай гайхмыг бишрэхийн зуурт их говийн анир чимээгүйд нүд сэтгэлээ бүрэн хүлүүлчихэв.
 
Улаанбаатар хотоос 780 км, Монгол Улсын хилээс 4.5 км-ийн зайд орших энэ нутаг 20 гаруй мянган хүн амтай гадна дотнын 5-6 мянган хүнийг өндөр босгоороо алхуулж Эрээн, Монголын эдийн засгийн чөлөөт бүс болон хөгжиж байна.
 
Өнгөцхөн харвал хотын бидний нүд сэтгэлийг татах нэгээхэн ч байшин сав, зам талбай үгүй ч тэнд татсан утас шиг төмөр зам зурайж эх орны хилийн баганыг ганхамгүй байлгахын төлөө Хилийн  мэргэжлийн хяналт, ТЕГ, Гаалийнхан бузрыг оруулахгүй, буяныг гаргахгүй гэх чин зүрхний халуун тангарагтай ажиллаж байна. Эх орны хүү байх сайхан юм, тэнд.
 
 
Замын -Үүдийг засъя
 
Нүүр нүдгүй элсээр шуурч, намартаа 30 гаруй хэм хүртэл халдаг гэсэн нутгийнхны яриаг батлах гэсэн мэт тэнд нарны өнгө, элсний нүүдэл даган улайссан тогоо шиг ууршин байна. Хэдийгээр аймгийн удирдлагууд “Хотын дайтай хот болно. Хөгжинө, дэвшинэ” гэж байгаа ч яг үнэндээ хаана л бол хаана биллъярд тоглосон залуус хотын чимэг болж байгаа дүр зураг харц гоёно.
 
Суудал тоссон тэрэгчид галт тэрэг ирж очих цагийг манаж Замын-Үүд хотын төв талбай вогзал орчмыг сахихыг хараад сэтгэл жаахан уйтгарласнаа нуух юун. Учир нь хотыг хот болгох хүмүүс энэ биш гэж үү. Тэд тэрэг түрж үгүй бол биллъяард тоглоцгооно. Тэндхийнхэн их тайван, амгалан юм.
 
Хотын бидэн шиг зөрж өнгөрөх зуураа л мэнд мэдэлцэх адгуу яаруу хүн алга. Өнгөрсөн жилийг бодвол хэд гурваараа 4-5 давхар барилга шинээр баригдаж бүтээн байгуулалтын ажил тэнд дөнгөж л эхэлж байна. Урд хөршийн хилээс 4.5 км-ийн зайд ч орон сууцны үнэ ам.метр нь 1200 ам.долларын үнэтэй байна. Гэсэн ч орон сууцны эрэлт нийлүүлэлтээсээ хол давжээ.
 
 
Замын-Үүдэд замын цагдаагийнхан байна уу
 
Хот болно хэмээн мөрөөдөгсөдөөр дүүрэн Замын-Үүдэд асуудал мундахгүй байна. Эл хульхан элсэн дундах энэ “хот”-д хөрсний эвдрэл, тоосжилт, ажилгүйдэл хөндөх сэдэв яалт ч үгүй мөн байна.
 
Мэдээж хилийн зурвасын наана цаана сүндэрлэх Эрээнийг сүүтийж буй Замын-Үүдтэй харьцуулах нь тэнгэр газар мэт ялгаатай боловч тэдний дундаас анхаарал татам үзэгдэл нь УАЗ-469 машины “үзэсгэлэн”.
 
Тэндхийнхэн бараг л бүгд шахуу тачигнаж түчигнэсэн ийм машинаар хоёр улсын хил орчим сүлжилдэх бөгөөд өнөөх манай Замын цагдаагийнхны ам нээвэл л аюулгүй, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал тэнд мөрдөгдөх нь бүү хэл замыг там болгогсдыг хянах замын цагдаа нэгээхэн ч харагдсангүй ээ. Замын-Үүд эзгүйрсэн байна.
 
 
Нийслэлээс 670 км-ийн зайд хөгжлийн хөлөө олох гэж бүдчиж буй энэхүү сумын эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулж, 2013 онд улсын төсвөөс 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэжээ. Тэгэхээр одоо зарцуулалтын үр дүнг л харах нь дээ гэх бодол хэн хүний толгойд бууна.
 
Хөгжиж л байвал мэдээж сайхан. Эх орны торгон хил, өмнө зүгийн үүд хаалга болсон энэ нутгийг бид зөвхөн төмөр зам, галт тэргээр төсөөлдөг байсан бол хорин настай хонгор зүстэй Замын-Үүд өртөөнд өдгөө байхгүй юм үгүй аж. Энд суугаа манайхны эрчүүдийн ихэнх нь УАЗ-469 машинаар хоёр хилийн дунд ачаа ачна.
 
Тэдний ажил үүрийн таван жингээр эхэлж үдшийн 18.00 цагт дуусдаг. Учир нь энэ цагт хил хаадаг болохоор тэр юм. Тэндхийн жолооч нарын хувьд хэмжээлшгүй эрх чөлөөн дунд төмөр хүлэг жолоодож замд гардаг.
 
Анх харсан хүн бол цочирдож гайхмаар ч юм шиг үгүй бол ихээхэн хөгжилтэй ч юм шиг...бартаат замын уралдааныг ямар ч шүүгч үгүйгээр үзэх нь Замын-Үүдийн үнэгүй үзвэр. Үнэхээр гайхалтай уужуу дотортой жолооч нар ачаа ачих ба тээвэрлэлт хийх нь соньхон.
 
Юун өнөөх манай нийслэлийн Замын цагдаа нарын сүржигнэл. Хэн нь хэнийгээ мөргөөд, дайраад эгнээ байр булаацалдах, дарааллаасаа гэнэт ухасхийн дайрах нь хэнд ч падлийгүй. Ёстой л эр эмгүй цагаан тал дээр төмөр хүлгийнхээ хат бэхийг шалгацгаана.
 
Ямар сайндаа л машиныхаа хаалга, толь, сандал гэх мэтийг төмөр утас үгүй бол суран тэлээгээрээ уяж бэхэлчихээд тачигнуулж давхих вэ дээ. Энэ нөгөө манайхны цагдаа нарын сахиулаад торгоод асуудал үүсгээд байдаг техник хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй байдал мөн үү.
 
Хамгийн аймшигтай нь галзуу хулганд сууж буй хүмүүсийн аюулгүй байдал ихээхэн зөрчигдөөд байна, Замын цагдаагийнхаан. Зорчигдын тархи толгой нь хөдөлж нуруу нугасандаа гэмтэл авах магадлал хачин өндөр юм. УАЗ-469 нэртэй ч нэдэр дээрээ хэлхээтэй төмөр карказ дотор наймаачид, аялагчид сууж хилийн наана цаана хүрч байна.
 
Тэнд ийм байдлаар иргэдийн мөнгийг халаасалж байгаа жолооч нартай Замын цагдаагийнхан нүүр тулж өнөөх дүрэм журмаа мөрдүүлж болдоггүй юм уу. Хил орчмын бүс гэдэг бол хамгийн эмзэг чухал хэсэг. Тиймээс хэдэн хэлхээтэй төмөр машинаар хэдий болтол наймаачдаа мөргөлдүүлэх вэ. Замын цагдаагийнхныг тэр зүгт томиловол яасан юм бэ.
 
 
Хилийн тэнгэрийг бүрхэгдүүлэх шийдвэр МХЕГ-аас гарчээ
 
Манай улсын нийт бараа эргэлтийн 70 хувь нь Замын-Үүд дэх хилийн боомтоор дамжин нийслэлийг зорьдог байна. Импортын барааны 60 хувийг барилгын материал эзэлдэг ч сонирхол татсан хамгийн асуудалтай мэдээ нь ямар ч хяналт шалгалтгүйгээр тэр бүхнийг манайхан хүлээж авч байна.
 
Ингэхийн учир нь манай өнөөх МХЕГ-ын тушаал шийдвэр амьдралаас хол тасархай байгаатай холбоотой. ХМХГ-ын дарга Д.Мөнхжаргал “Импортын барааны дийлэнх хэсгийг цемент эзэлдэг бөгөөд сав баглаа нь бүрэн бүтэн, жин кг-даа хүрч байгаа эсэх чанарын шаардлага хангасан үгүй нь яг үнэндээ энэ дээд хүмүүсийн хэнд нь ч хамаагүй юм байна.
 
Элсэн дунд амьдарч суугаа эдгээр хүмүүсийн ажиллаж амьдарч байгаа орчин нөхцөл үнэхээр хэцүүхэн байлаа. Хэдийгээр манайхны олонхийн ойлголтоор хил манасан байцаагчдын талаар сайнгүй ойлголт байдаг ч манай ажилчид яг үнэндээ амьдрах байргүй халаасны өрөөгөөр л өдөр хоногийг өнгөрүүлж байсан үе бий.
 
Одоо ажилчдын ихэнх нь найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдчихсан” гэсэн. Уртаас урт дараалалд зогсох машинууд экспорт, импорт гэх хоёр замаар ачаагаа зөөж байна. Өнгөрсөн жилийг бодвол тэд нэг нарийхан замаар биесээ түлхэлдэн хэрэлдсээр нэг замаар урагшлахаа больжээ.
 
Хилийн дээс таслахгүй байх тангарагтай байцаагчид өвөл зуны халуун хүйтэнд гадаа бөмбийтлөө зогсохоо больж тохь тухтай өөрсдийн байртай болчихжээ. Энэ мэтээр Хилийн мэргэжлийн хяналтынхан бороо шороонд гандатлаа ажилласан он жилүүдийнхээ ач гавьяаг үзэж байгаагаа ам уралдан сайрхав.
 
Тэд юм л бол манай дарга Мөнхжаргалын л ажлын үр дүн гэх нь гайхаш төрүүлнэ. Тэгээд учир мэдэх нэгнээс лавлавал хэлж байна. “Манайхан ажил хийж байгаа нэгнийгээ л нүд үзүүрлэх юм. Д.Мөнхжаргал даргын ажлыг зүгээр л нэг бизнесменд өгөх гээд байгаа нь МХЕГ-ын дээд удидлагуудыг эрх ашгийн зөрчилтэй хэмээн хардахад хүргэж байна” гэдгийг дайлаа.
 
МХЕГ-аас ХМХ уруу томилогдохоор зэхэгдэж буй өнөөх нууц ноёнтонг сурвалжлавал “Миний дэлгүүр” сүлжээг бий болгогч Н.Баясгалан гэгч болохыг дараагийнхаа сурвалжлагаар дэлгэрүүлнэ.
 
Хачин юм шүү... Улс орны үндэсний аюулгүй байдал, монгол хүний удам угсааг хадгалах хамгаалах торгон хилийн учгийг 2009, 2010, 2011 онд удаа дараа хугацаа нь дууссан чанаргүй бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр хил давуулахаар завдаж асан гэх хэрэг бүртгэлийн зузаан намтартай Баясгалан гэгчид шилжүүлэхээр улайрахын бурууг хэнээс эрэх вэ. Арай МХЕГ-ын удирдлага эрх ашгийн зөрчилтэй юм биш биз.
 
 
Чөлөөт бүс биелэлээ олох уу
 
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн чөлөөт бүсийг дөрвөн аймагт байгуулахаар шийдвэр гаргасны нэг нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум юм. Ирэх онд 20 жилийнхээ ойг тэмдэглэхээр аймгийнхан дээр дооргүй ажил ихтэй байна. Гэвч аймгийн сонин сайхантай танилцахаар очсон надад хачирхалтай асуудал нь ЕБС, цэцэрлэгийн хүртээмж байлаа.
 
Өдрийн гурван ээлжээр хичээллэдэг дунд сургууль ердөө ганц байгаа бол хоёрхон цэцэрлэг тэндхийн багачуудыг хүмүүжүүлж байна. 2014 онд Эдийн засгийн чөлөөт бүс ашиглалтад орсон цагт хүн ам 60 мянгад хүрнэ гэсэн инээдэмтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг тооцоо гарчээ.
 
Гэтэл энэхүү бүсэд нутгийн иргэд гэхээсээ энд тэндээс суурьшагсад өнөөх 20 мянган иргэнийг бүрдүүлдэг байна. Бусад нь бууж мордогсод буюу ганзгын наймаачид аж. Үхрийн бөөр шиг алаг ард иргэдэд нутаг усаа хөгжүүлнэ гэсэн их зүтгэл л байгаасай гэсэн бодол цээж түрнэ.
 
Үргэлжлэл бий...
 
М.Мөнхтунгалаг
 
Эх сурвалж: