QR код таарахгүй байгаа баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй
2016/04/30
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас "400 сая төгрөг хожлоо” хэмээн хоёр хүн Гааль, татварын ерөнхий газарт хандаж өргөдөл гаргаад байгаа. Тухайлбал, н.Алтанзул гэгч нь дөрөвдүгээр сарын 5-ны өдөр тус газарт хандсан бол н.Цээпил нь дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүсэлт гаргажээ.
Хоёр иргэний хүсэлтийн дагуу мэдээлэл технологийн төвд QR кодыг задалж уншуулахад н.Цээпилийн баримт нийцэхгүй гэсэн хариулт гарсан байна. Өөрөөр хэлбэл түүнийг 400 саяын азтан биш гэдгийг баталж, албан ёсоор ГТЕГ-аас мэдээллээ. Тэгэхээр н.Алтанзулын баримт үлдэж байна. Гэхдээ түүнийг азтан мөн гэдгийг эцсийн байдлаар тогтоогүй. Ирэх долоо хоногт тодорхой болно гэдгийг мэдээллээ.
400 саяын азтан гуравдугаар сарын 20-нд тодорч 26024190 дугаартай баримт шалгарсан юм. Гэвч тухайн үед дээрх дугаар бүхий баримтыг бүртгүүлээгүй байсан. Гэхдээ хэвлэлт, дугаар тараалтыг автоматаар шалгаж үзэхэд Баянзүрх дүүрэгт орших Оргил худалдааны төвд худалдан авалт хийсэн иргэн дээрх баримтын эзэн болсон гэдгийг Гааль татварын ерөнхий газраас зарласан юм.
Харин энэ мэдээлэл цацагдсаны дараа нэр бүхий иргэн QR код таарахгүй баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй. Хэрвээ түүний бүрдүүлсэн баримт хуурамч гэдэг нь тогтоогдвол хуулийн байгууллагад шилжүүлнэ гэдгийг хэллээ. Журмын дагуу азтан тодорсноос хойш 90 хоногийн дотор тухайн иргэн баримтаа бүртгүүлснээр мөнгөө авах боломжтой болно.Энэ хугацаа хэтэрсэн тохиолдолдсугалааны шагнал Төрийн сан руу буцаагддаг аж.
QR код давхардаж олгогдсон байх боломжтой юу гэсэн асуултад Гааль татварын мэдээлэл технологийн төвийн захирал Р.Отгонтулга "Цаасан хэлбэрийг дуурайлгасан ч QR кодыг дуурайлган хийх боломжгүй. НӨАТ-ын урамшуулалтай холбоотойгоор 66 тэрбум сугалааны дугаарыг үүсгээд түүнийгээ санамсаргүй байдлаар иргэдийн баримтад хэвлэж өгдөг. Давхардаж дугаар хэвлэгдэх ямар ч боломжгүй. Сугалаан дээр байдаг QR код бол дахин давтагдашгүй учраас үүнийг нь шалгаж байж тухайн баримтыг жинхэнэ эсэхийг мэддэг” гэсэн тайлбарыг өглөө.
Амар