УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хоёр асуулга, хоёр асуулт тавьжээ
2013/09/08
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хаврын чуулган завсарласнаас хойш бүрэн эрхийнхээ хүрээнд дөрвөн сайдад хоёр асуулт, хоёр асуулга хүргүүлээд байна. Тэрээр асуулт, асуулгууддаа сонгогдсон тойрог болох Хөвсгөл аймгийн ард иргэд, малчдын амьдрал ахуйтай холбоотой асуудлыг хөнджээ. Эхнийх нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд Хөвсгөл аймгийн Дархадын хотгорын байгаль орчны төлөв байдлын талаар мэдээлэл өгөхийг хүссэн асуулга юм.
Тэрээр уг асуулгаараа Дархадын хотгорын цөлжилтийн байдлыг судалсан эсэх, цаашид судалж тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж, “Дархадын хотгорын цөлжилттэй тэмцэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, цөлжилтийн эсрэг тэмцэхэд олон улсын байгууллагуудыг татан оролцуулах тодорхой санхүүгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах талаар сайдаас мэдээлэл авахыг хүссэн байна.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хандан ЕБС-ийн сурагчдын дотуур байрыг шинэчлэх, шинээр барихдаа хөдөөгийн сургуулийн байршил, хэв шинжийг хэрхэн харгалзаж үздэг, дотуур байрны өнөөгийн орчин нөхцөл, хүүхдийн хоолны хүрэлцээ, чанар, аюулгүй байдлын баталгааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, дотуур байрны хангамжийг сайжруулах талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилгын биелэлтийн талаар асуулга тавьжээ.
Гуравдугаарт, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад бэлчээрийн усан хангамжийг сайжруулах талаар асуулт тавьсан байна. Ингэхдээ өөрийн хөрөнгөөр уст цэг, худаг гаргасан малчин өрхөд урамшуулал олгох, энэхүү эдийн засгийн хөшүүргээр дамжуулан ашиглагдахгүй бэлчээрийг эргэлтэд оруулах боломжтой эсэх, шинээр худаг гаргах хүсэлтэй малчдыг мэдээллээр хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх талаар тодорхой мэдээлэл шаардлагатайг онцолжээ.
Дөрөвдүгээрт, Зам тээврийн сайд А.Гансүхэд Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутгийн хэвтээ болон босоо тэнхлэгийн авто замын ажлын явц, шинээр баригдахаар төлөвлөсөн зам гүүрний зураг төсөв, 2013-2016 оны улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх зам, гүүрийн хөрөнгө оруулалтын ажилд нэмэлтээр тодотгох шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын талаар асуулт тавиад байна. Эдгээр асуулт, асуулгын хариуг холбогдох байнгын хорооны хуралдаан, чуулган дээр өгөхийг сайд нараас хүсчээ.
А.Баярмаа
Зочин · 2013/09/09
bid tanid itgedeg shuu
Зочин · 2013/09/09
ih zuil hiij bvteegeerei amjilt
Зочин · 2013/09/09
mundag hun shuu