Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Испани улс, Бүгд найрамдах Аргентин улсаас Монгол Улсад суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2013/09/08
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Испани улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мануэл Мариа Валенсия Алонсо, Бүгд найрамдах Аргентин улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Густаво Альберто Мартино нар өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Мануэл Мариа Валенсия Алонсотой уулзах үеэрээ Испани улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирж байгаад нь талархал илэрхийлж ажилд нь амжилт хүслээ. Монгол Улс Европын холбоотой Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ нь талуудын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжийг нээснийг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж, үүнд Испани улс гурав дахь хөршийн бодлогын хүрээнд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээлээ. Испани улс нь сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, харилцаа холбооны салбар амжилттай хөгжсөн орон учир энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой юм.
Бүгд найрамдах Аргентин улсаас Монгол Улсад суух Элчин сайд Густаво Альберто Мартиног хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нь Аргентин болон Өмнөд Америкийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байдгийг илэрхийллээ. Латин Америкийн бүс нутагтаа Аргентин улс нь аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологиор нөлөө бүхий том орны нэг юм. Монгол Улс, Бүгд найрамдах Аргентин улс эдгээр салбарт болон олон улсын байгууллагуудын хүрээнд цаашид хамтран ажиллах талаар ярилцаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Элчин сайд Густаво Альберто Мартинод амжилт хүсэн ерөөлөө.
Зочин · 2013/10/17
Elbegdorj erunhiilegch ayalal amraltaa denduu ih hiij bga yum bish uu arga ch ugui shu dee dahin songogdoh bish geed gadaad ruu galzuu zugaalj bna aa daa