Шинэ машин авахаа болиод хуучнаа засчихъя
2013/09/09
Ам.долларын ханш ялимгүй буурав. Өчигдрийн байдлаар Монголбанкны ханшаар нэг ам.доллар 1683 төгрөгтэй тэнцлээ. Харин арилжааны банкууд дээр 1710 орчим төгрөгтэй тэнцэж байсан юм.
Хэдий тийм боловч ам.долларын ханш ерөнхийдөө чанга байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь хэнд ашигтай вэ. Лав л Эрээн хотын даргад таатай санагдахгүй. Харин үндэсний үйлдвэрлэгчид алгаа үрэн баярлаж суугаа нь лавтай.
Монголд жилийн өдий үед валютын эрэлт нэмэгддэг. Есдүгээр сарын 1 болж сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, оюутнууд Нарантуулын наймаачдыг гомдоохооргүй худалдаа хийдэг үе. Тэгж байтал намрын дунд сарын билэгт сайн өдрүүд үргэлжилж, найр хуримын зар тарж, улмаар баяр ёслолын тоо улам олширно. Энэ бүгдэд гаднаас, тэр дундаа Эрээнээс оруулж ирэх барааны эрэлт ихэсдэг. Харин ам.долларын ханш чангарсан нь импортын барааны үнэ нэмэгдэх нэг шалтгаан болдог. Эрээнээс оруулж ирдэг ноосон өмд 5500 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 5800 төгрөг болсон гэсэн үг юм. Импортын барааны тодорхой хэсгийг эзэлдэг автомашины зах зээлд ч энэ нь нөлөөлнө. 146 сая төгрөгийн үнэтэй байсан “Land cruiser 200 VX” 154 саяар үнэлэгдэж эхэлнэ. Ийнхүү импортын бараа илүү үнэтэй болохын хэрээр хүмүүс хэрэглээгээ хүссэнээрээ тэлж чадахгүй болох юм. Шинэ автомашин, шинэ ноосон өмд авах гэж байсан хүн “Ингэж үнэтэйг авах уу. Эсвэл одоохондоо өөрт байгаагаа хэрэглээд явах уу” гэх асуултыг өөртөө тавих юм. Нэг талаасаа бол импортын барааны үнэ өсөхтэй зэрэгцээд манайхан шиг гадны бүтээгдэхүүн их хэрэглэдэг хүмүүсийн хувьд хэрэглээгээ танах нөхцөл болдог. Шинэ хувцас авахын оронд хуучныгаа индүүдээд өмсчихнө. Удахгүй болох шинэ жилээр шинэ гацуур мод авахаа больж, хүүхэддээ учирлаж тайлбарлана. Чухамдаа манайх шиг замбараагүй хэрэглээтэй орны хувьд ам.долларын ханш өсөх нь автомат тохируулга болно гэсэн үг. Энэ хэрээр Эрээнээс бараа зөөдөг наймаачдад ашиггүй болно. Өдийд Эрээн хотын даргын царай барайж байж ч мэдэх юм.
Импортын бараа үнэтэй болохын хэрээр хэрэглэгчид дотоодын үйлдвэрлэгчдийг сонгох нь ихэсдэг. Жишээ нь “Euro mebel”-ээс дөрвөн сая төгрөгийн үнэтэй буйдан авах гэж байтал үнэ нь өсөөд 4.5 сая болчихоор “Бест буйдан”-гаас 1.2 сая төгрөгийн үнэтэй буйданг худалдаж авах нь илүү дээр санагдаж эхлэх нь лавтай юм. УИХ-ын дарга З.Энхболд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ бол дотоодынхоо үйлдвэрийн “Янмал” оймсоо худалдаж ав гэсэн үг... “Урбанек” мэтийн гаднаас бүтээгдэхүүн импортолж оруулж ирдэг улс дургүй байна... Харин “Газар шим”-ийнхэн баярлаж байгаа. Польшийн “Урбанек” үнэтэй, “Газар шим”-ийнх хямдхан болсон гэсэн үг” хэмээн дурьдсан байдаг. Хоосон үг биш шүү.
Ам.долларын ханш чанга байхын хамгийн том давуу талыг экспортлогчид мэдэрдэг. Саяхан “Эрдэнэс Тавантолгой” компани баруун Цанхийн зүүн хэсгээс нүүрс экспортолж эхэлсэн. Өмнө нь зүүн Цанхиас нүүрс олборлодог байсан ч үүнийг “Чалко”-д өгөх өрөө цайруулахад зориулж байсан. Тэгвэл энэ удаагийн баруун Цанхийн олборлолтын орлогоос 20-30 хувийн цэвэр ашиг олж байгаа тухайгаа “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурь онцолж байв. Ам.долларын ханш чанга байгаа нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” гэлтгүйгээр уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж, зэс, нүүрс экспортолж байгаа олон компани эндээс хожоо гаргаж байна.
Гэхдээ энд нэг асуудал бий. Үндэсний үйлдвэрлэгчид ч бас түүхий эдээ импортолдог. Тиймээс эцсийн бүтээгдэхүүний үнэ нь бас дагаад өснө. Гэвч тун бага хэмжээгээр нөлөө үзүүлэх юм. Учир нь хөдөлмөр цалингийн зардал, татвар, даатгал, цахилгаан дулаан гэх мэт олон зардал үнэд нөлөөлдөг. Тэр бүгдийг тооцож үзэх юм бол эцсийн үнэ нь импортын барааныхтай харьцуулахад бага гарна гэсэн үг байна.
Ам.доллар чангарч буйн хамгийн том сөрөг тал нь инфляци өсөх эрсдэл юм. Өмнөх жишгээр бол ам.долларын төгрөгтэй харьцах ханш 10 төгрөгөөр нэмэгдэхэд гурван сарын дараа хэрэглээний үнийн индекс 1.3 нэгжээр өснө гэдгийг харуулсан судалгаа ч бий. Гэхдээ ингэж инфляци өсдөг байсан нь шалтгаантай. Өргөн хэрэглээний барааны үнийг хөөргөдөг хэдхэн хүчин зүйл байдаг. Харин өнгөрсөн оны аравдугаар сараас Засгийн газар болон Монголбанк хамтран үнэ тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Ингэхдээ шатахуун импортлогчдод татаас олгож, шатахууны үнэ өсөхөөс сэргийлж чадсан. Мах, гурил мэтийн хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулсан. Тэгэхээр гаднаас импортоор оруулж ирдэг хэрнээ инфляцид хамгийн их нөлөөлдөг салбарууд тогтворжсон гэсэн үг юм. Үүнээс гадна ажлын байр ол-ноор нь бий болгодог барилгын салбарт хамгийн том ахиц гарсан. Монголбанк ипотекийн зээл олгож эхэлсэн нь барилгын салбарыг бүхэлд нь сэргээсэн гэхэд болно. Төрөөс барилгын материал импортлогчдод дэмжлэг үзүүлж буй явдал нь үнэ тогтворжуулах бодлогын тодорхой нэг хэсэг нь юм. Хэдийгээр одоогоор барилгын үнэ өссөн боловч энэ нь тодорхой хугацааны дараа эрэлт, нийлүүлэлтийн хуулиараа зохицуулагдаж тогтворжих л зүйл. Тэгэхээр ам.долларын ханшийн өсөлт инфляцид төдийлөн нөлөөлөхгүй нь. Ямартай ч Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сард улсын хэмжээнд инфляцийн төвшин 8.3 хувьтай байна хэмээн мэдээлсэн юм.
Энэ бүгдээс дүгнээд үзэхэд ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарч байгаа нь төдийлөн санаа зовоох асуудал биш бололтой. Импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхийн хэрээр хүмүүс бүсээ чангална. Хэрэглээгээ танана. Тэр хооронд үндэсний үйлдвэрлэгчид хөлжиж, зах зээлээ тэлнэ, улам олон ажилчинтай болно. Ингээд бодоод үзэхээр гадны зах зээлээс хэт хараат байхаа болих ч юм билүү.
Т.Элиса
ih medegch · 2013/09/10
sain talaas ni harsan bina. uuniig ashiglaad undesnii uildweruud orgojood awah heregtei. manai uls heterhii haraat baidald baigaad bina uuneese hurdan garah heregtei
Зочин · 2013/09/10
UB sergeen zasagdhaargui suirsen hot gedgiig bugd medej bga biz de.
Зочин · 2013/09/10
Valutiin hansh usuh bish ee.... Tsaana chin mongol tugrugiin hash ni unaad bna!!! Delhiin zah zeeld do**** hewiin bhad mongold l usuud bna...
Зочин · 2013/09/10
Undesnii uildver gd ****aad bhiin ter uildver uud chin tuuhii Edee gadnaas avdagiin ymar ch medleg bolovsrolgui tsagaan gartanuud ediin zasgiin onol businessiin hicheel zaaj huuli batlaltsaad bhaar ene uls ***jihgui ee tgd ch 1 ih Olon uildvertei ch bish do**** osoh tusam ard tumnii amidral doroitono za
Зочин · 2013/09/10
gehdee mania ulsiin ded butetsiin salbar osoj hugjih ni yu l bol hun bol zovhon idej uuhaas gadna busad hereglee ni hool und shig bolson onoo ued tuunii une nemegdehiin hereer oyunii hugjil devshil jaahan hotsorj magadguimda gehdee yu ****iig harjil suuya da