Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс ирэх арваннэгдүгээр сарын 1 хүртэл амралтын өдрүүдээр автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахад хязгаарлалт тогтоох санал гаргажээ. Ингэхдээ жолооны хүрдийг зөв буруугаар нь салгаж оролцуулах гэнэ. Ийнхүү жолоос нарыг буруу зөвөөр нь ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах болсон шалтгаан нь өнөөх л зам засварын ажил. Угтаа нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн зам засварын ажлыг есдүгээр сарын 1-ээс өмнө дуусгах”-ыг үүрэгдсэн. Гэтэл зарим газрын замын засвар дуусаагүйгээс ажлын хэсгийнхэн ийм байдалд хүрсэн бололтой. Засаг даргын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй нөхөд ийнхүү хошуу цорвойлгох нь иргэдийнхээ эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг. Нийслэлийн иргэн болсныхоо төлөө автомашин жолоодох эрхээ яагаад хязгаарлуулах ёстой гэж.

 Долоо хоногийн нэг өдөр нь хүссэн ч, эс хүссэн ч та бүхний таалалд нийцүүлэн нэг өдөр хоёр зээрдээрээ таваргаж байхад яагаад заавал хүний юмыг илүү үзээд байдаг юм бэ. Үүл дарга та буруу талдаа жолооны хүрдтэй автомашинуудыг долоо хоногийн хоёр өдөр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, цаашдаа замын хөдөлгөөнд ерөөсөө оролцуулахгүй гэх санал гаргаад иргэдээсээ хэчнээн их шүүмжлэл хүлээсэн билээ дээ. Түүнээс болоод “Буруу рультэй машины харшилтай” хэмээх хоч зүүгээд амжсан. Ардчилсан хувьсгалаар иргэд хувийн өмчтэй байх ёстой хэмээн тунхаглаж байсан та одоо иргэдийнхээ хувийн өмчид дэндүү халдаж байгаа юм биш үү. Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг замын түгжрэл ярихаар л нөгөө буруу талдаа жолооны хүрдтэй автомашины асуудал яригдах болж. Энэ нь сүүлдээ бүр байдаг л нэг зүйл шиг болсон нь нэг үгээ олон давтсаны “ач” биз. Гэхдээ таны гаргаж буй шийдвэрийн цаана олон мянган иргэний чинь эрх ашиг зөрчигдөж байгааг та мэдэж байгаа байх. Нийслэлчүүд бүгд Төрийн албан хаагч биш. Тэдний ихэнх нь хувийн хэвшилд ажилладаг. Тиймээс хагас, бүтэн сайнд амардаг нь тун цөөн. Тэдний дээр төр засагтаа ад үзэгдээд байгаа хувийн таксиныхан байна. Ингэж хэлэхийн учрыг О.Магнай дарга сайн тайлбарлах болов уу. Эрхэлсэн ажилгүй иргэдийн нэлээд хувь нь зөвхөн таксинд явж амьдралаа залгуулдаг. Тэд ажлын таван өдрийн нэгэнд нь дугаарын хязгаарлалтад хамрагдаж орлогогүй өнждөг. Харин амралтын хоёр өдрийнх нь нэгэнд бас явахаа байчихвал нэг өдрийн орлого нь байхгүй болно л гэсэн үг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед эрх баригчид л иргэнийхээ төлөө санаа тавихгүй юм бол хэн түүнд талхны таван төгрөгийг нь өгөх билээ. Иргэд тань төрөөс халамж хүсээгүй. Зүгээр л өөр өөрийнхөөрөө ажиллах боломжийг л хүлээж суугаа.

Харин түүнийг нь зөв, буруу жолооны хүрд гэх мэт аахар шаахар зүйлээр боомилсон дүр эсгээд яах ч билээ. Үүл дарга аа, та чадах зүйлээ чаддаг, хийх гэснээ хийдэг шүү дээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар чуулга уулзалт болоход та тун сайхан хүлээж авсан. Таны өгсөн үүрэг даалгаврын мөрөөр зам засварын компаниуд гурав хоногт зам засаж болдгийг харуулсан шүү дээ. Одоо яагаад болохгүй гэж. Гадны хүн ирэх гэхээр гар нь хурдан хөдөлдөг гэсэн ойлголтыг арилгаж болно. Арваннэгдүгээр сарын 1-ийг хүлээхгүйгээр зам засварын ажлаа дуусгачихвал ард иргэд чинь бухимдал багатай л байх болов уу. Замын түгжрэлийг бууруулахын тулд заавал буруу, зөв руль ярих хэрэггүй шүү дээ. Чаддаг гэдгээ харуулчихсан юм чинь одоо яагаад болохгүй гэж...

Н.НОМИН