Өлбөрч үхсэн ч эх орон минь бүтэн байх учиртай
2016/05/04
“Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч битгий өг…” гэдэггүй бил үү. Энгийн номхон иргэд нь хүртэл эх орноо чимх, чимхээр худалдаад эхлэхээр ард минь үлдэх үр хүүхэд, тэдний хүүхдүүд минь яах болж байна аа.
Хэчнээн ядарсан ч, хэчнээн зовсон ч эх сайхан орныхоо өнгөтэй өөдтэй бүхнийг харийн нутаг руу зөөж байгаа чимээгүй “тэнэглэл”-ийг тэвчин сууж чадахгүй нь. Дотроос хатгах хөндүүртэй энэхүү нийтлэлээ бичиж байна. Ингэж халагласны минь төлөө мунхаг нэг нь намайг “харааж” мэдэх л юм. Гэхдээ л хүн хэлэхээс нааш ухаарахгүй, цаас чичихээс цааш цоорохгүй гэдэг биз дээ.
Түмний нүдэн дээр ил болон далд аргаар эх орноо худалдсан, худалдаж байгаа, худалдах гэж байгаа эрх баригчдыг энэ удаа орхиё. Төрөө цэвэрлэж, олноо гэсэн сэтгэлтэй нэгнийг сонгох цаг бидэнд удахгүй ирнэ. Төрд гаргаж чадсан шигээ тэднийг төрөөс цэвэрлээд хаячих боломж бий. Харин ард иргэд нь өөрсдөө санаатай болон санамсаргүйгээр эх орноо худалдаад эхэлбэл хэцүү. Өнөөдөр ийм “хэцүү”-г хоёр, гуравхан зүйл дээр харж болно.
Эхний жишээ
Өнгөрсөн сонгуулийн үр дүнд эмхлэн байгуулагдсан өнөөгийн парламентын бүрэн эрх удахгүй дуусна. Тэд өмнөх парламентын амласан иргэн бүрт олгосон “Эрдэнэс Таван толгой” компаниас хувь хүртэх 1072 ширхэг хувьцааны асуудлыг сөхөж, олон нийтийн сэтгэлийг хөөргөлөө. Уг нь энэ бол танд болон таны үр хүүхдэд өгч буй эх орны минь хишиг.
Харамсалтай нь, саяхнаас иргэд 1072 ширхэг хувьцаагаа харийнханд худалдаж байгаа гэх үнэн, худал нь мэдэгдэхгүй сураг дуулдав.
Үүнийг нь батлах шиг шөнө, оройн цагаар хотын төвийн гудамж, талбайд хоёр, гурваараа хэлхэлдсэн хүмүүс хэнийг ч юм хүлээж, юунд ч юм найдаж зогсох болоод бүтэн сарын нүүр үзлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 1072 ширхэг хувьцааг монголчууд 800 мянган төгрөгөөр худалдан авч, хятадуудад 1.2 сая төгрөгөөр зарж байгаа гэх. Гэхдээ энэ бол барин тавин мэдээлэл. Хэрэв энэ үнэн бол нэг л өдөр эх орны минь баялаг дээр харийнхан, бүр та бидний үзэж чаддаггүй өнөөх хятадууд чинь сандайлан суучихаад эх орноор минь тоглох нь гарцаагүй. Ийм ирээдүйг хүсч байна гэж үү. Би л хувьдаа үгүй. Энэ бол эхний жишээ.
Удаах жишээ
Өнгөрсөн жилээс л “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэд байгалийн өвөрмөц, өнгөт чулууг түүж хятадуудад зарж байна” гэх мэдээлэл сонсогдох болсон.
Тухайн үед сэтгүүлчид “үнэн”-ийг мэдсэн ч яг аль нутагт, ямар чулуу зөөгөөд байгааг нь нууцалсан билээ. Хэрэв хаана гэдгийг нь зарлачихсан бол хаа байсан баруун хязгаарын нөхөр эх орноо “худалдах”-аар зүүн зүгийг зорих байсан нь илт. Үүнээс л сэрэмжилсэн хэрэг. Гэвч өнөөдөр бүх зүйл эсрэгээрээ болжээ. Тэд өнөөдөр байгалийн өнгөт чулууг өдөр, шөнийг ялгалгүй түүж, түүсэн “орлого”-оо хятадуудад худалдаж байна.
Хэдийгээр хуулийнхан хяналт тавьж байгаа ч хүч хүрэхгүй байгаа юм билээ. Хамгийн эмзэглэмээр нь иргэдийн урд хөрш рүү зөөж байгаа тэрхүү чулуу нь цөлжилтөөс хамгаалдаг, өөрөө үргэлжид мөнхийн нойтон, чийг ялгаруулж байдаг, өөрөөр хэлбэл байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг гэх.
Үүнийг нь мэдсэн хятадууд нэг кг өнгөт чулууг 80-150 мянган төгрөгөөр үнэлж, түүнийг нь мэдсэн иргэд өнгөт чулууны эрэлд өдөр бүр гардаг болжээ. Энэ бол иргэд өөрсдөө эх орноо худалдаж байгаагийн удаах жишээ.
Дараах жишээ
Иргэд эх орноо худалдаж байгаагийн дараах жишээнд модны хулгай, хууль бус мод бэлтгэх ажил зүй ёсоор орно. Сүүлийн үед хойд хөрш рүү хууль бусаар мод гаргах хэрэг даамжирсан талаар албаныхан хэлж байна. Энэ бол зарим иргэний “Мөнгө л олж байвал бусад нь хамаагүй” гэх амиа бодсон сэтгэлгээтэй шууд холбоотой юм. Тэд зөвхөн өнөөдрөө бодож, өдрийн хоолоо залгуулж байгаа ч ирээдүй хойч маань, эх орон минь ямар эмгэнэлтэй байдалд орж байгааг үл ухаарна.
Гэтэл модны буян их. Энэ их бохирдсон агаарыг хир буртгаас нь салгах, гол мөрний усыг цэвэршүүлэх, хөрсөн доорх гүний усыг ширгээхгүй байх, хөрсийг байгалийн элдэв аашнаас хамгаалдаг гээд тоочоод байвал зөндөө. Даанч үүнийг нь өнөөх гайхал болсон зандалчин хөрөөчид үл мэднэ. Мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж, уулын моддыг хайр гамгүй тайрч, хөрш хоёр орон руугаа гарган, худалдсаар л байна. Энэ бол ирээдүйгээ боддоггүй, өнөөдрөөрөө л амьдрах хүний увайгүй үйлдэл. Эх орноо худалдаж байгаагийн том жишээ яах аргагүй мөн билээ.
Төгсгөлийн оронд
“Тоглож болохгүй тоглоом, хэлж болохгүй үг байдаг” гэдэг шиг эдийн засаг хэчнээн элгээрээ хэвтэж, иргэд өлмөн зэлмэн амьдарч байгаа ч энэ мэтчилэн эх орноо яавч худалдаж болохгүй. Хатуухан хэлэхэд, өлбөрч үхсэн ч эх орон минь бүтэн байх учиртай.
Үүнийг хаана, хаанаа ойлгож, бүр тархи болон зүрхэндээ хэзээ ч мартахгүйгээр сийлэх хэрэгтэй. Эдийн засаг хүнд байж болно. Ингэлээ гээд эх орноо худалдаж болохгүй биз дээ.
Энэ насыг элээж дуусаад эцэг, өвгөддөө юу гэж хэлнэ. Энхрий үрс маань эх оронтойгоо үлдэх эрхтэй биш гэж үү.
www.shuurhai.mn