Өнгөрсөн жил тохиосон Увс аймгийн 90 жилийн ойн баяр наадмын хандивыг тус аймгийн АН-ын дэд дарга Т.Эрдэнэбат өөрийн үүсгэн байгуулсан Төрийн бус байгууллагынхаа дансаар дамжуулан захиран зарцуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэрбээр ингэхдээ тайлангаа зөрүүтэй тавьж, зарим мөнгийг өөр тийш нь шилжүүлэн будилуулж, улстөрийн албан тушаалаараа тус дэм хүргэх сонирхолтой ойрын хүрээний компаниудаасаа ашиг сонирхолын зөрчлөөр хандив цуглуулсан байж болзошгүй байгаа юм.

Хамгийн ойрын жишээ гэхэд л С.Цэгмид захиралтай Увсын “Нарлаг төв” 90 жилийн ойд 3 сая төгрөг хандивласан байна. Хамгийн гол нь аймгийн усан спорт цогцолбор барихаар төсөвт өртөг нь суучихсан байсан талбайд хувийн орон сууцны барилга барих гэж байсан компани нь энэ байгаа учир нэлээд хардлага төрүүлж буй.

Гэхдээ өнгөрсөн сард тус компанийг барилгын ажлаа эхлүүлэх гэж байхад нь спортод элэгтэй хэсэг залуус гэр барин эсэргүүцэл илэрхийлж, цуглаан зохион байгуулснаар барилгын ажлыг түр хойшлуулсан байгаа. Мэдээж Увс аймгийн удирдлагууд АН-ынхнаас бүрддэг учир энэхүү газрыг авах нь хандив өгч нүхээ малтсан тэдэнд тийм ч хэцүү байгаагүй биз ээ.

Мөн үүнээс гадна Т.Эрдэнэбат гэгч нь Увс аймгийн Хяргас сумын 90 жилийн ойн хандивыг мөн дур мэдэн цуглуулж, захиран зарцуулж байжээ. Ингэхдээ Ж.Батмөнх агсаны хөшөөний гадна хашлагын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад хашааг нь Photoshop-оор зурж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хандиваас мөнгө завшсан нь илэрч, завшсан мөнгөө буцаан төлж байсан гашуун түүхтэй юм байна. Мөн Хяргас сумын орон нутгийн давсан орлого, сум хөгжүүлэх сангийн 151755401 гэх данснаас удаа дараа мөнгө хүртэхийг санаархаж байсан талаар “Увсын амьдрал” сонин дээр бичигдэж байгаад тухайн үед чимээгүй болсон байдаг.

Ямартай ч Увсын АН-ын дэд дарга Т.Эрдэнэбат Увс аймгийн 90 жилийн ойн хандив болох хоёр орчим тэрбум төгрөгийг 8165866 регистертэй “Увс нутгийн хөгжлийн хөтөч” ТББ-ынхаа ХААН банкны 5021533891 дансаар оруулж гаргахдаа хэрхэн яаж, зарцуулсан болохыг АТГ шалгах биз ээ.

Өмнөх нийтлэлийг энд дарж унш

Н.Ганаа