Монгол уран бүтээлчдээ дэмжээрэй
2013/09/09
Дэлхийн урлагийн наадмаас Гранпри шагнал хүртсэн багийнхан өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Уг хэвлэлийн хуралд “Домог” хамтлагийн хөгжимчдөөс гадна Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, “Улаанбаатар” чуулгын Д.Энхгэрэл ахлагчтай бүжигчид болох Д.Баярт, Б.Норовбанзад, Г.Наранцэцэг, “Сүлд” чуулгын уран нугараач Г.Нямгэрэл, уртын дуучин Г.Энхбаатар, Э.Болормаа нар оролцов.
Болгарын Нессебар хотноо өнгөрөгч наймдугаар сарын 23-31-ний өдрүүдэд зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон "Домог" чуулгынхан тэмцээний Гранпри шагналыг хүртэн, дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн болсон юм. Түүгээр зогсохгүй "Домог"-ийнхон дан хөгжмийн төрөлд өрсөлдөн, дэлхийн аваргын болзол хангаж, эртний Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Орфюзийн дүрс бүхий алтан цомыг гардсан.
Тэмцээнд үзүүлсэн зургаан удаагийн тоглолтыг найруулан тавьсан Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам Дэлхийн язгуур урлагийн академиас “Маэстро” цол хүртсэн ажээ. 24 орны уран бүтээлчийг тэргүүлсэн Монголын 17 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан дэлхийн тайзнаа дөрвөд үндэсний бүжиг бүжиж, Монгол биелгээ, хөөмий, морин хуур, уран нугаралтын номеруудаа толилуулжээ. Тэд тоглолтын үеэр хийсэн дэлгэрэнгүй бичлэгийг тун удахгүй Монголын үзэгчдийн хүртээл болгох гэнэ.
Түүнчлэн ирэх онд ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн наадмын нээлтэд оролцох урлагийн бүтээлүүдийн сонгон шалгаруулалтад Монголоос ардын хөгжмийн “Домог” хамтлагийн “Түмэн агтны төвөргөөн”, уран нугараач Г.Нямгэрэлийн дэглэн найруулсан есөн нугараачийн үзүүлбэр амжилттай оролцож байгааг хурлын үеэр онцолсон юм. Эхний шатны сонгон шалгаруулалтын нэг гол үзүүлэлт нь онлайнаар авах санал асуулга байх тул Монголын уран бүтээлчдээ дэмжин санал асуулгад идэвхитэй оролцохыг уриалсан юм.
www.URLAG.mn