Энэ долоо хоногт Эвслийн бүлгийн хувь заяа тодорхой болох нь. Хуулийн дагуу УИХ дахь нам, эвслийн бүлэг нь найман гишүүнээс бүрддэг. 2012 оны УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвслийн бүлэг нь УИХ-д 11 гишүүнтэй болж бүлэг байгуулж байв. Гэвч УИХ-ын гишүүн Д.Батцогт анхны нам болох Ардчилсан намдаа эргэж очсоноор тус бүлэг арван гишүүнтэй үлдсэн.

Мөн намрын чуулган завсарлах үеэр УИХ-ын дэд дарга Л.Цог, Г.Уянга нар бүлгээсээ гарснаар 8 гишүүн үлдсэн. Г.Уянга МҮАН-аас гарч Тусгаар тогтнол эв, нэгдлийн намын дарга болж дэвшсэн бол Л.Цог МАХН-аа хаяж тус намд нь зөвлөхөөр ажиллахаар болсон. Тэдний буурь сэлгэсэн шалтгааны эзэн Н.Энхбаяр. Тэд Н.Энхбаяртай хамтарч ажиллаж чадахгүйд хүрсэн гэдгээ ил, тодоор мэдэгдсэн билээ.

 

Гэтэл өчигдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан Д.Тэрбишдагва нар хөтлөлцөөд ирсэн шигээ буцаад МАН-даа очихоор болсноо албан ёсоор мэдэгдлээ. Тэд МАХН-аас гарах болсон шалтгаанаа товчхондоо “МАН, МАХН-ын гишүүд энэ сонгуульд нэг болж хамтран ажиллая гэдэг саналыг надад тавьсан. Саналаа хувааж сонгуульд амжилтгүй оролцож байх сургамжаа давтахгүй байя гэж олон удаа тавьж байсан. Сонгуульд нэг зорилго чиглэлтэй улс төрийн намууд хүчээ нэгтгэж, нэгдэж, хамтарч оролцох нь зүйтэй гэдэг байр суурин дээр би хатуу зогсож байгаа. Тийм учраас энэ бололцоог нээх үүднээс МАХН-аасаа гарч МАН-тай хамтарч ажиллахаар шийдсэн байгаа” гэж тайлбарласан.

 

Тэд намаасаа гарсан гол шалтгаанаа ингэж тайлбарлаж буй ч хачир дээрээ намын дарга Н.Энхбаяртайгаа таарахаа байж эрх, ашгаа булаацалдаж тэвчихээ байсандаа явж байгаа гэх. Тэд 2012 оны сонгуулийн өмнө МАН-ыг хаяж Н.Энхбаяр дээр ирэхэд МАХН-ынхан мөнгөн аягатай сүү, хадаг барин угтаж байв. Харин энэ удаа хараалаа хэлээд буцааж байна. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Н.Удвал уг асуудлаар "Айлын авгайтай хоноглоод авааль эхнэр дээрээ ичингүйрэн очиж байгаа завхуул эр шиг тэр хоёр маань буцаад явлаа. Тэр хоёрын зөв өө. Яагаад гэвэл 2012 оны яг өдийд энэ хоёр маань итгэл үнэмшлээрээ биш харин 2 болзол тавьж гэрээ хийн манай намд орж ирж байлаа. МАХН гэрээгээр хүлээсэн үүргээ 200 хувь биелүүлж өөдтэй өнгөтэй бүхнээ тэр хоёрт найр тавин өгч байв. Харин хариуд нь та хоёр Шударга ёс эвслийг шударга бус болгож, МАХН-ыг МАН–ын төрсөн дүү шиг болгож, УИХ дахь бүлгийг эрх зүйн чадамжгүй болгож ачийг бачаар хариуллаа. Одоо гэрээний хугацаа дуусаж гэрээгээ сунгах хугацаа болж байсан юм. Та хоёр маань илүү их боломж, илүү их олзыг харсан байж болно. Цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг аль амттай балыг хүртэхийн тулд шунадаг хүмүүс байж болно. Гэхдээ л арай л жудаггүй харагдаж байна.ЗАРЧИМГҮЙ УЛС ТӨР ИЙМ БУЮУ" хэмээн байр, сууриа илэрхийлжээ.

 

Нэгэн цагт Н.Энхбаярыг хүрээлсэн нөхөд нэг сарын дотор л тараад алга болцгоох нь энэ. Тэгвэл Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын сюрпризийг О.Баасанхүү, М.Сономпил, Н.Батцэрэг нар үргэлжлүүлэх гэнэ. Энэ тохиолдолд Эвслийн бүлэг чадамжгүйгээс чадамжгүй болох юм. Эвслийн бүлэг чадамжгүй болсноор тус бүлэгтэй хамтарсан Засгийн газрын хувь заяа ч эвгүйтэж мэднэ.

 

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Сономпил, Н.Батцэрэг МҮАН-аас гарч АН-д элсэхээр болсон байна. Тэдний хувьд УИХ-д Н.Энхбаярын намтай эвссэн болохоос шууд мэдлийнх нь хүмүүс биш юм. Н.Энхбаярын мэдлийнх гэх Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар “Хэлэх үг, хийх үйлдлээ хэн нэгнээр заалгадаг улс төрч нар бид биш” гэж томроод намаа хаяж байхад тэд яагаад болохгүй гэж. Харин ч айх, эмээх зүйлгүй гарна. Тэгээд ч нам нь ирэх сонгуульд АН-ыг дэмжиж оролцох нь тодорхой болсон. Тиймээс АН-д элсэж аль тойрогт өрсөлдөөд явах нь тэдний хувьд ашигтай.

Нэгэн цагт Н.Энхбаярыг хүрээлсэн нөхөд нэг сарын дотор л тараад алга болцгоох нь энэ. Тэгвэл Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын сюрпризийг О.Баасанхүү, М.Сономпил, Н.Батцэрэг нар үргэлжлүүлэх гэнэ. Энэ тохиолдолд Эвслийн бүлэг чадамжгүйгээс чадамжгүй болох юм. Учир нь гурван хүнтэй бүлэг гэж үгүй.

Хамгийн сонирхолтой нь Н.Энхбаярын “оймсонд хавчуулагдаж” УИХ-д сонгогдсон гэх О.Баасанхүү сайн ахыгаа орхиж МАН-руу орохоор болсон гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Тэрбээр ирэх долоо хоногоос элсэж магадгүй гэнэ. Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж нэгэн цагт тодорч гарч ирсэн О.Баасанхүү намаа хаяж буй шалтгаан нь мөн л намын даргадаа голдоо ортол гомдсоноос үүдэлтэй гэнэ. Учир нь Н.Энхбаяр О.Баасанхүүг аль нэг жилийн өмнөөс гадуурхаж, намын үйл ажиллагаанаас шахаж эхэлжээ. Түүнд нь гомдсон О.Баасанхүү эцэст нь намаа орхиход хүрсэн байна.

 

Ингэснээр “Шударга ёс” эвсэлд Н.Энхбаярт ясны үнэнч хүмүүс гэгдэх З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар л торойгоод үлдэх нь.

Т.Энхэлээ

24tsag.mn