Согтуу иргэнийг баривчлахдаа газар хэвтүүлэн дээр нь нэг хөлөөрөө гишгээд зогсож буй цагдаагийн ажилтны зураг цахим сүлжээгээр тархаж олон хүний эгдүүцлийг хүргэсэн. Хэдийгээр хүн согтуу хөлчүү байсан ч иргэнд ингэж бүдүүлэг хандах нь ёсзүйгүй хэмээн ихээхэн шүүмжилсэн.

Мөн тухайн цагдааг хэн гэгч хаана ажилладагийг нь тодруулж, хариуцлага тооцохыг шаардсан юм. Тэгвэл энэ албаны эх сурвалжаас тодруулахад "Тухайн зураг дээр байгаа цагдааг хэн болохыг тодруулсан. Цагдаагийн үндсэн ажилтан биш. Энэ жил сонгон ажилд орсон олон нийтийн цагдаа байна лээ. Одоогоор Улаанбаатар хотын цагдаагийн газарт албаны шалгалт хийж байгаа" гэлээ. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2013 оны долдугаар сарын 5-нд батлагдсан Монгол улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлгийн 24 дүгээр зүйлд Олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулах эрх зүйн үндсийг тодорхойлж өгсөн. Энэ дагуу нийт 400 гаруй иргэдийг сонгон шалгаруулалтад оруулж улмаар 200 гаруй иргэнийг шалгаруулан 355 мянган төгрөгөөр цалинжуулан ажиллуулдаг юм.

Б.Саран

etoim.mn