Тэтгэврийн насны болон түүнээс ахмад хүмүүсийг гадаа гудамжинд явж байхад нь ямар нэг төрийн байгууллагын нэрийг барин хуурч мэхлэх замаар залилдаг, эд зүйлсийг нь дээрэмддэг тохиолдол сүүлийн үед гарсаар байна.

Тодруулбал төрийн бус байгууллагын нэр барьж, ахмадуудад сар бүр 70 000 төгрөгийг тэтгэлэг олгоно хэмээн дагуулж явахдаа дээрэмддэг байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Гүнчин-Иш: “Гадаа гудамжинд ганцаараа явж байгаа өндөр настантай иргэдийг төрийн бус байгууллагаас явж байна, манайх сар бүр ахмадуудад 70 000 төгрөгийн тэтгэлэг өгнө гэх байдлаар хуурч мэхэлдэг. Хуурч мэхлээд дагуулж явах замдаа “Алт, монетон үнэт эдлэлээ цүнхэндээ хийчих, таны үнэт эдлэлийг харвал манай ТББ-аас тусламж тэтгэлэг олгохгүй, таныг тусламж, тэтгэлэг авахааргүй бололцоотой хүн байна гэж дүгнэнэ” гэж хэлээд цүнхэнд нь хийлгэдэг. Замдаа манай ТББ засвартай байгаа, 00 орж бие засаад, манай ажил руу орье гээд цүнхийг нь аваад явдаг хэрэг сүүлийн үед нилээн гарсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллагын ажилтнууд илрүүлэн шалгаж байгаа.”

Залилагчид гол төлөв 70 болон түүнээс дээш насны иргэдийг ийнхүү залилж байна. Тиймээс өндөр настанд тавих хяналтаа сайжруулж, энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх, аюулгүй байдлаа хангах зөвлөгөө өгөх, болж өгвөл хамт явж учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй байна.

Үүнээс гадна настай хүмүүсийг дээрэмдэх хэрэг гарч байгаа. Гэмт этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан илрүүлсээр байгаа юм. Тухайлбал, 2016-01-07-ны өдөр Баянгол дүүрэгт 74 настай эмэгтэйг дээрэмдэж буй гурван залуугийн бичлэг цахим ертөнцөд тарсан.

 

Энэ хэргийг 1990-1995 онд төрсөн залуус үйлдсэн бөгөөд цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж хэргийг илрүүлсэн. Настай хүн дээрэмдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 147.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Прокурорт хэргийг шилжүүлсэн байна. Хэрвээ шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзвэл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.

Гэмт хэрэг илрэх нь иргэдийн мэдээлэл болон хяналтын камерын бичлэг ихээхэн нэмэр болж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тиймээс гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, өөрийгөө болон өрөөлийг хамгаалахыг хүсч байна.