Б.Бат-Эрдэнэ: Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого алга
2013/09/09
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тус холбоо нь Монголын залуучуудын холбоонд дөрвөн зүйл бүхий шаардлага хүргүүлээд байгаа юм.
-НАМЗХ-ноос Монголын залуучуудын холбоонд хүргүүлсэн шаардлагын тухай яриагаа эхлэх үү?
- Өнөөдөр Монголын залуучуудын эрх ашгийг хамгаалах, залуучуудын талаарх төрийн бодлого Монгол улсад алга байна. Уг нь энэ гүүр болж ажиллах байгууллага нь Монголын залуучуудын холбоо. Нийтлэг утгаараа бол Монголын үндэсний хэмжээний залуучуудын бодлогыг тодорхойлогч ганцхан байгууллага. Гэтэл Монголын залуучуудын холбоо сүүлийн 10 жил их хурлаа хийгээгүй. Энэ нь сүүлийн 10 жил Монголын залуучуудын талаар бодлого гараагүй, хэрэгжсэнгүй гэсэн үг. Тиймээс бидний хувьд Монголын залуучуудын холбоог Их хурлаа яаралтай хуралдуулж Монголын залуучуудын дуу хоолойг төрд хүргэх, төрийн бодлого гаргуулахын төлөө ажиллах, залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, залуучуудын хөгжлийн асуудлыг хөдөлгөөсэй гэсэндээ шаардлага хүргүүлсэн.
Хоёрдугаарт Монголын залуучуудын холбооны санхүүгийн тайланг ил болгохыг шаардсан. Төрөөс төсөв авч Монголын залуучуудын төлөө зарцуулах ёстой байдаг. Гэтэл аар саархан ажлаар энэ том байгууллагын нэр нүүрийг тахлах аядаад явж байна. Тэр төсвийн мөнгөөр юу юу хийснээ тайлагнах хэрэгтэй.
Гуравдугаар асуудал нь Монголын залуучуудын холбооны 2004 оны 07 сарын 03-ны өдөр баталсан дүрэм байдаг юм. Бид энэ дүрмэнд өөрчлөлт ороогүй гэж бодож байгаа. Энэ дүрмээр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийг зөвхөн их хурлаар томилох ёстой. Үүрэг гүйцэтгэгч гэсэн заалт байхгүй. Гэтэл А.Мөнхбат үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод нэлээд удчихлаа. Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгуулийг нээлттэйгээр явуулах хэрэгтэй. Энэ Хааны удмын үе залгамжилсан тогтолцооноосоо Монголын залуучуудын холбоог салгах хэрэгтэй. Сайханбилэгээс Баярцогтод, Баярцогтоос Зоригтбаатарт, Зоригтбаатараас Мөнхбатад гээд дандаа л Ардчилсан намын угшилтай нөхөд энэ холбоог сүүлийн 20 гаруй жил удирдаж ирлээ. Тиймээс энэ удаагийн Их хурлаараа илүү бодлогын түвшний, залуучуудын төлөө сэтгэл зүрхээ зориулж чадах, нэр цэвэр тийм хүнийг сонгох нь зүйтэй байх. Магадгүй өөрийгөө Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчид дэвшүүлэх хүсэл зоригтой залуучууд их байгааг үгүйсгэхгүй. Тиймээс ерөнхийлөгчийн сонгуулийг нээлттэй зарлаж их хурлаараа Ерөнхийлөгчөө сонгож баталгаажуулмаар байна.
Дөрөвдүгээрх нь энэ байгууллага орон нутгийн түвшинд АН-ын залуучуудыг даргаар нь, тэргүүлэгчээр, гишүүнээр ажиллуулж эхлээд байна. Ингэж үндэсний хэмжээний байгууллага нэг намын хамааралтай болж байгаад бид харамсаж байна. Тиймээс ч энэхүү байдлыг нь эсэргүүцэж байгаа юм. Уг нь аймагт, суманд, багт залуучуудын хөдөлгөөний идэвхийг сайжруулах, тэдний төлөө хүрч ажилладаг нам бус үндэсний байгууллага хэрэгтэй. Тэр байгууллага нь тэдний зовлон жаргалыг сонсож, ирээдүйн эх орны иргэн байхад нь тэднийг өнөөдөр идэвхжүүлж байх үүрэгтэй.
-Танай НАМЗХ-ны Монголын залуучуудын холбоог их хурлаа хуралдуулахыг шаардаж байгаа гэлээ. Их хурлаар ерөнхийлөгч сонгохоос гадна дүрмэнд ямар ямар өөрчлөлт оруулаасай гэж хүсч байна?
- Зөвхөн өнөөдөр Монголын залуучуудын холбоонд цалин аваад сууж байгаа нөхөд өөрсдийнхөөрөө Монголын мянга мянган залуучуудын асуудлыг шийдээд дотоод дүрмээ өөрчилж байна гээд сууж болохгүй. Залуучуудын холбоо дүрэмдээ өөрчлөлт оруулах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, тодорхой өөрчлөлтүүдийг хийх ёстой гэж бодож байгаа. Ялангуяа залуучуудын төлөө ажилладаг төрийн бус бусад байгууллагуудаас төлөөлөл оруулж энэхүү дүрмийн ажлыг хэсгийг байгуулах хэрэгтэй. Жишээ нь би түрүүн хэлсэн. Энэ байгууллагын сүүлийн дөрвөн ерөнхийлөгч нь буюу Сайханбилэг, Баярцогт, Зоригтбаатар, Мөнхбат. Энэ дөрөв бүгд АН-ын гишүүд. Уг нь нам бус хүн энэ холбоог удирдана, аль нэг намаас хараат бус байдлаар үйл ажиллагааг явуулна гэсэн зарчим байх ёстой. Аль нэг намыг дэмжих асуудлыг хазаарлах бодлого гэсэн үг. Дүрэмд орох ёстой зайлшгүй нэг заалт нь МЗХ-ны албан тушаалтнуудын асуудал. Энгийн нэг залуу хэзээ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч болж чадах вэ гэдэг шалгуурыг өнөөдөр ил болгоод өгөх хэрэгтэй. Тэгж байж хэн нэгэн дээрээс Ерөнхийлөгч болон үүрэг гүйцэтгэгчээр нь томилогддог, өөрөөр хэлбэл крандуулаад суудалд суудаг байдлыг халж чадна.
-Яагаад Залуучуудын холбооны их хурал 10 жил хуралдаагүй юм бол?
-Монголын залуучуудын холбооны дүрмийн 5.2 – р заалт дээр Их хурал нь дөрвөн жилд нэг удаа хуралдана гэсэн заалттай. 6.2 дээр Ерөнхийлөгч нь нэг удаа улиран сонгогдож болно гэсэн заалттай. Монголын залуучуудын холбоо ажил хийхгүй байсан учраас бараг мартагдаж, гишүүнчлэлгүй шахам болж эргээд шаардах шахах хүнгүй болсон хэлбэр байх л даа. Тиймээс л дүрмийн бус хэлбэрээр яваад байна. Магадгүй нөгөө талаас нь харвал дотоодоосоо их хурал хуралдуулахгүй байх сонирхол байсан байх. Үүний цаана Монголын залуучуудын эрх ашиг хохирч байгаа гэдгийг огт тоохгүй бүлэглэл оршин тогтноод байна. Үүнийг өнөөдөр таслан зогсоож үйл ажиллагааны шинэчлэл хийх хэрэгтэй.
-Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчид танай НАМЗХ-ноос нэр дэвших хүн байгаа юу?
-Үгүйсгэхгүй. Зөвхөн НАМЗХ гэлтгүй залуучуудын олон байгууллага Монгол улсад бий. НАМЗХ-ны хувьд Монголын залуучуудын холбоог унтаж байхад тэдний ажлыг хийж байсан гээд хэлчихэд илүүдэхгүй байх. Жэй Си Ай Монгол байгууллага ч байна. Бизнес эрхлэгч, залуу манлайлагчдын чиглэлийн гол төлөв залуучуудын дунд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Би НАМЗХ Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахаасаа өмнө Жэй Си Ай байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Эдгээр байгууллагуудыг жишээд харахад, тэдний дотоод үйл ажиллагааг дүгнэхэд яг үнэндээ Монголын залуучуудын холбоо цэцэрлэгийн хүүхдийн түвшинд л ажиллаад байгаа юм. Дүрмийн өөрчлөлтийг Их хурлаараа хийж таарах байх. Тиймээс түүнээс өмнө Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур үзүүлэлтийг гаргаж олон нийтэд нээлттэй тавих хэрэгтэй.
-Монголын залуучуудын холбоо яаж санхүүждэг байгууллага юм бэ?
- Монголын залуучуудын холбоо өөрийн гэсэн байртай. Байраа түрээслэж өөрийгөө санхүүжүүлдэг гэж ойлгогддог. Төрөөс бас төсөвтэй. Гэвч энэ санхүүжилт, төсөв хаашаа орж байна гэдгийг нягтлаад эргээд мэдээлдэг орчин дутагдаж байна. Жишээ нь сүүлийн УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Монголын залуучуудын холбоо улс төрийн шинжтэй үйл ажиллагаануудыг маш их зохион байгууллаа. Тиймээс санхүүгийн асуудлыг нь шалгуулах ёстой гэж үзэж байгаа. Ганцхан байр түрээслэж олсон орлогоороо 50 гаруй хүнийг цалинжуулж, дээрээс нь улс төрийн шинжтэй ийм том акциудыг зохион байгуулаад байгаа нь хардлага төрүүлдэг. Уг нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй үндэсний залуучуудын бодлогын тодорхойлох ёстой байгууллага шүү дээ.
-Монголын залуучуудын холбооны дүрмэнд улсын төсвөөс мөнгө авах тухай байдаг уу?
- Дотор нь ажилладаг хүн биш учраас түүнийг сайн мэдэхгүй байна. Тэд өөрсдөө Монголын залуучуудын холбоо идэвхжиж сэргэж байна гэж ярьдаг юм билээ. Одоо хийгээд байгаа жижиг жижиг акцуудыг сэргэлт гэж хэлэхгүй. Залуучуудын холбооны сэргэлт нь монголын залуучуудад тулгарч байгаа асуудлаар бодлого боловсруулах явдал баймаар. Ямар ч бодлогогүй яваад байна. Хар хайрцагны бодлого алга. ОХУ-д залуучуудын хуультай. Яагаад тэр хуулийг судалж болохгүй гэж.
-Залуучуудын бодлого гэж батлагдвал ямар ямар асуудлыг оруулах шаардлага байна. Таны хувьд?
- Залуучуудын хөгжлийн асуудлыг тодорхойлоход заавал судалгаа хэрэгтэй. Тиймээс манай НАМЗХ-ноос 3P судалгааг явууллаа. Асуудлууд маш их байгаа. Нийслэл, орон нутаг, гэр хороолол гээд байршлын хувьд авч үзэхэд л тулгарч байгаа асуудлууд нь өөр өөр байдаг. Хамгийн тулгамдаж байгаа асуудал нь түр орон сууц. Дөнгөж сургууль төгсөөд ажлын гараа эхэлж байгаа залуу хосууд хадмындаа л амьдарч байна. Тэдэнд шууд орон сууцтай болох ямар ч боломж алга. Үүнээс болж гэр бүл салалт ч байгаа. Тиймээс эхний 3-4 жил түр орон сууцанд амьдарч байгаад байрны урьдчилгаагаа бэлдээд өөрийн гэсэн орон сууцтай болдог байж яагаад болохгүй гэж.
Хоёрдугаар асуудал нь гэртээ хүүхдүүдээ хараад сууж байгаа хүмүүс. 50 гарчихсан хүмүүс ажлаа хийж байхад яг хөдөлмөр эрхлэх насны 22-35 орчим насны залуучууд гэртээ хүүхдээ хараад сууж байна. Тиймээс хүүхдийн цэцэрлэгийн асуудал, гэрээр хүүхэд харах асуудлыг шийдмээр байгаа юм.
Манай НАМЗХ-ны зүгээс судалгааны дүгнэлтийг урьд нь Монголын залуучуудын холбоонд хүргүүлж байсан. Тэд сөхөж ч хараагүй бололтой. Тиймээс бид Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлнэ.
-Монголын залуучуудын холбооны томоохон акцуудын нэг нь “Паркаа аваръя” байсан. Маш олон хүний дэмжлэг авсан боловч ямар ч үр дүн гаралгүй мартагтаж байх шиг байна. Энэ асуудал дээр та хувь хүнийхээ байр суурийг илэрхийлээч?
- Манай НАМЗХ энэ асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан. Гэтэл зөвхөн шантааж хэлбэрээр л эхлээд дуусах шиг боллоо. Бид үүнийг тодруулна. Хүүхдээр далимдуулж бизнесийн байгууллагуудыг шантаажилж мөнгө авсан байвал энэ үнэхээр асуудал. Үүний хажуугаар бас нэг хэлэх зүйл бол өнөөдөр зөвхөн газар, байшин ярихын хажуугаар бодлого яримаар байна. Тэгж байж Монголын залуучууд хамтдаа нэг алхаж чадна.
-Нэгэнт МАН-ын гишүүнтэй уулзсан учраас намын их хурлын талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Одоо УИХ дээр Улс төрийн намын тухай хууль яригдаж байгаа. Намын санхүүжилтийн асуудал МАН-ын их хурал дээр яригдах болов уу?
-Намрын чуулганаар Улс төрийн намуудын тухай хууль батлагдвал хуульд нийцүүлж намын дүрмэнд өөрчлөлт оруулна. Ер нь намын санхүүжилт маш хэцүү асуудал. Нам өөрөө гишүүнчлэлгүй болоод намын хэрэг эрхлэхэд ажиллаж байгаа хүмүүсийн цалин мөнгийг төрөөс өгч болно. Гэхдээ үүнийг маш сайн бодох хэрэгтэй. Хэдийгээр нам гишүүнчлэлгүй болсон ч намын хүмүүс байсаар л байна шүү дээ. Магадгүй намын санхүүжилтийг төрөөс гэчихээр тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн халааснаас нам санхүүждэг болчихвол яах вэ. Жинхэнэ бүлэглэлийн асуудал болж хувирна биз дээ. Ялангуяа манайх шиг пропорциональ хуультай оронд тохиромжгүй ч зохицуулалт байж магадгүй.
-МАН-ын Тусгаар тогтнолын ордныг барихдаа улсын төсвөөс мөнгө авсан байдаг. Тиймээс энэ ордныг төр мэдэлдээ авч, ард түмний өмч болгох тухай ярьж эхэллээ?
-Төсвөөс мөнгө авсан. Гэхдээ бүгдийг нь аваагүй. Тусгаар тогтнолын ордон МАН-ын харьяанд байгаа боловч дийлэнх нь түрээслэгчид. Нам 7, 8 өрөөг л намын үйл ажиллагаанд ашиглаж байна. Түрээснээс олж байгаа орлого МАН-д ордог. Гэхдээ энэ мөнгө намаар дамжиж ард түмэнд л зарцуулагддаг. Хөгжлийн хөтөлбөр, мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд л зарцуулна гэдэг чинь ард түмэндээ зарцуулж байгаа хэрэг шүү дээ. Түүнээс биш түрээснээс олж байгаа орлогын хэн нэгэн намын эрх мэдэлтэн хувьдаа ашиглаад баяжих үндэслэл, нөхцөл байхгүй.
Зөвхөн МАН-ын Тусгаар тогтнолын ордон биш шүү дээ. АН-ын төв байр, ардчиллын ордонг яагаад хурааж болохгүй гэж. Тэр ялгаа байхгүй төрийнх байхгүй юу. Магадгүй хэн нэгэн хувьчлаад авчихсан, худалдагдчихсан байж магадгүй. Зөвхөн тусгаар тогтнолын ордон руу дайраад байж болохгүй гэж бодож байна. Тэнцвэртэй л байх хэрэгтэй.
Б.Сандагдорж