-АН-ынхан М.Энхсайхан, Н.Энхбаярыг нэг тэрэгний хоёр дугуй болгож хамтад нь түлхэв-

 

М.Энхсайханд Ардчилсан нам ямар их өс санана вэ. МАН-ынхан Н.Энхбаярт хэчнээн дургүй шиг АН-ынхан М.Энхсайханд тийм л дургүй. Намынхаа оргилоос унахын цагт өөр нам байгуулж "төрөл төрөгсөд”-ийнхөө эсрэг ажилласан хүнд дургүй байхаас ч яахав. Гэхдээ М.Энхсайханыг АН-ынхан арай дэндүүлж байна. Тиймдээ ч М.Энхсайханаас Н.Батцэрэг, М.Сономпил нарыг урвуулж, амаар нь шороо үмхүүлж байна. М.Энхсайханы МҮАН УИХ-д дөрвөн гишүүнтэй байсан.

 

Түүнээс АН-ынхан Д.Батцогтыг өөртөө нэгтгэж гурав болгосон. Г.Уянга өөрөө гараад явсан. Үлдсэн хоёр нь Н.Батцэрэг, М.Сономпил нар бөгөөд тэд М.Энхсайханд талархаж эцсээ хүртэл хамт зогсох учиртай ч АН-аас тэднийг М.Энхсайханаас нүүр буруултал сайхан амлаж намдаа нэгтгэж байна. Ингэснээр дөрвөн цэргийнхээ буянд Алтан Улсаас Чингис хаанд олгосон "чаутхури"-тай адил АН-аас олгосон ач холбогдолгүй шахуу албан тушаал хашиж байсан М.Энхсайхан доороо ямар ч "цэрэг”-гүй болж Засгаас гутамшигтайгаар хөөгдөх гэж байна. Түүний дөрвөн цэргийн хоёр нь буюу Д.Батцогт, Г.Уянга нар нэр дэвшиж УИХ-д сонгогдсон.

 

 

Харин Н.Батцэрэг, М.Сономпил нар М.Энхсайханы буянаар буюу намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон. Өдгөө Н.Батцэрэг сайд болтлоо дэвшээд байна. М.Сономпил М.Энхсайханд шан харамж өгсөн ч бай, өгөөгүй ч бай өөрийг нь УИХ-ын гишүүн болгохын тулд намын жагсаалтын 1 дүгээр эрхээсээ татгалзсан М.Энхсайханд талархах учиртай. Өнгөрсөн сонгуулиар МҮАН-д намын жагсаалтын хоёр квот ирсэн. Тиймээс жагсаалтын нэгд бичигдэж байсан М.Энхсайхан гуравт бичигдэж байсан М.Сономпилыг УИХ-ын гишүүн болгохын тулд 1 дүгээр квотоосоо татгалзсан. Ийм зузаан холбоотой тэднийг хагацуулж байгаа Ардчилсан Нам М.Энхсайхан түүний Монгол Үндэсний Ардчилсан Намд үнэхээр өшөөтэйн шинж. Түүгээр ч зогсохгүй нэг удаагийн дохилтоор М.Энхсайхан, Н.Энхбаярыг хамтад нь унагаж, шороо үмхүүлж байна.

 

 

АН-ынхан М.Энхсайханыг орь ганцаар орхисон шигээ Н.Энхбаярыг ганцаардууллаа. Н.Энхбаяраас Г.Шийлэгдамба, Л.Цог, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын суудал авч чадах гишүүдийг нь холдуулж, "оймсны” гэгддэг хэдтэй нь үлдээлээ. "Оймсныхон” намын жагсаалтыг хүчингүй болгох Цэцийн шийдвэрийг хэчнээн эсэргүүцээд хүчин мөхөстөн. Тиймдээ ч өдгөө "оймснынхноос” хүртэл Н.Энхбаяраас нүүр буруулж, О.Баасанхүү МАН-д элсэхээр хөөцөлдөж эхлэв. Намын жагсаалтыг үгүй болгож, ялтайд тооцох хугацаа зэргийг сэргээж байгаа нь яах аргагүй АН-ынхан хоёр ЭНХ-д туйлын дургүйгийнх.

 

 

Ингэж тэдний байр сууриа олсон, "дунд төвшний” гэгддэг МАХН, МҮАН-ыг няц дарж байхад үүнээс доогуурх чансаатай жижиг намууд бүр ч хөөрхийлөлтэй нь тодорхой. Адаг сүүлд нь, АН олон жил "ханилсан” ИЗНН болон "шинэ хүчтэн” ХҮН-ийг сонгуульд оролцуулахгүй хэмээж байгаа нь МАНАН хэмээх тогтолцоог авч үлдэж, хоёр том намаас бусад бүх намыг арчих гэсэн төлөвлөгөөнийх нь нэг хэсэг нь байх.

Төгс