Харийнханд хөдөлмөрөө мөлжүүлдэг иргэдээ анхаарна
2013/02/23
Монгол улсаас гадаадад гэрээгээр болон хараар ажилладаг 18 мянган иргэн байдаг аж. Тэдний эрх ашгийг хамгаалахаар Монголын хувийн хэвшил, Жижиг дунд үйлдвэр, Худалдаа үйлчилгээ, Аялал жуулчлалын салбарын ажилтны /Хувийн хэвшлийн/ ҮЭХ-ноос санаачлан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан.
Уулзалтад Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсийн мэргэжилтэн Д.Ган-Оюун, Т.Мөнхцэцэг, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн дэд дарга З.Санжаа мэргэжилтнүүд, Гадаадад гэрээгээр ажиллагчдын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Чинбат, ҮЭ-ийн идэвхтэн гишүүдийн хамт оролцлоо.
Хувийн хэвшлийн ҮЭХ-ны дарга Г.Дүгэрээ "Манай улсын хувьд Солонгос улсад хүмүүсээ гэрээгээр ажиллуулахаар гаргадаг боловч гэрээнд хөдөлмөрийн харилцаанд гарах зөрчлүүдийг хэрхэн зохицуулах талаар тодорхой тусгаагүй, хяналт муугаас ажлын байр баталгаагүй, хөдөлмөрийн орчин хүнд, цалин муу зэргээс гэрээгээр ажиллаж байгаад харлаж, хүнд нөхцөлд хамгийн хэцүү ажлыг хийдэг иргэд олон.
Зөвхөн Солонгос улсад төдийгүй Чехэд ч монголчууд маань хүнд нөхцөлд хөдөлмөрөө мөлжүүлдэг. Цаашид нэмэгдэж байгаа эдгээр иргэдийнхээ төлөө хараа хяналт тавьж, зөрчигдөж буй эрх ашгийг нь хамгаалахад төр, олон нийтийн оролцоог сайжруулах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна" хэмээв. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн дэд дарга З.Санжаа "Хөдөлмөрийн яамнаас гадаадад ялангуяа Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэдэд чиглэсэн цогц хөтөлбөр боловсруулсан.
Одоогоор батлагдаагүй байгаа учраас яг тийм юм хийнэ гэж хэлэхэд эрт байна. Хувийн хэвшлийн ҮЭХ болон та бүхэнтэй хамтарч ажиллана" гэлээ. Гадаадад гэрээгээр ажиллагчдын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Чинбат "Гадаадад гэрээгээр ажиллахаар явж буй иргэдийн нас бага, хэлний мэдлэггүй, ямар ажил хийхээр явж байгаагаа мэдэхгүй очиж байгаагаас гэрээ санах, шантрах, харлах, бусдын дарамтад орж гэмт хэрэгт өртөх нь их байгаа учраас насны доод хязгаарыг 24 байлгах талаар улсаас бодлогоор зохицуулах,
Солонгос улсад өдрийн 12 цагаар ажлын таван өдөр ажиллаад хагас бүтэн сайнд амардаг учраас Хөдөлмөрийн биржийн нэг цэгийн үйлчилгээний ажлын цагийн горимыг өөрчлх, хүмүүсийг гэр бүлээр нь явуулах мөн эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байх зэргийг анхаарч ажиллахгүй бол монголчууд гэрээгээр ажиллаж байгаа нэртэй хүний нутагт эзэнгүйдэж, хөдөлмөрөө мөлжүүлж, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч байна" гэдгийг олон арван баримт дурдан ярилаа.
Уулзалтаар эдгээр асуудлуудыг шийдвэрлүүлэх мөн хувийн хэвшлийн ҮЭХ гадаадад гэрээгээр ажиллагчдын ҮЭ-ийн хороотой хамтран Солонгос улсад гэрээгээр болон хараар ажиллаж амьдарч байгаа иргэдийн судалгааг гаргаж бүртгэлжүүлэх,
-Гадаадад нарийн мэргэжлээр ажиллаж байсан хүмүүсийг эх орондоо ирэхэд нь сургалт судалгааны "Эрдэм бүтээмж" төв болон Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төвүүдтэй хамтран мэргэжлийн үнэмлэхтэй болгож, монголдоо ажлын байртай болгох зэрэг арваад чиглэлээр хийх ажлаа тодорхойллоо.
Т.Эрдэнэ
Эх сурвалж: “Хөдөлмөр”