Манай энэ ертөнцөд буй бүхэн бүгд хэмжээ хязгаартай. Тэр дотроо амьд бүхэн бүгд хугацаа болмогц дараагийн хойч үедээ халаагаа өгөөд өөрөө хойш суух юмуу элж дуусдаг. Хүний амьдрал үйл ажиллагаа энэ бичиглээгүй хуулиас ангид үлдэж дархлаагүй ноёрхоно гэж үгүй. Тэр дотроо бурханы шашны номлол "Бодь мөрийн зэрэг"-т зааснаар бол "Ертөнц тоолшгүй галавын тэртээгээс үйлийн үр бүрэлдэн боловсрох байдлаар хувьсан оршиж ирсэн бөгөөд цаашид одоо бидний хийж буй үйлийн үр хэрхэн боловсрохоос хамааран үргэлжлэх бөгөөд эцэс төгсгөлийг ч төсөөлөх аргагүй" тухай сургажээ.


Намбарын Энхбаяр бурханы шашинтан гэгддэг. Тиймээс энд бурханы сургаалын гол сурвалжаас жишээлсэн болно. Бурханы сургаалд заасан буян ч гэмээр юмуу юу юм бэ бүү мэд Н.Энхбаяр Монгол улсын төрийн бүх өндөр албан тушаалыг арав гаруй жил хашсан хүн. Яамны сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч бас УИХ-ын гишүүн, УИХ дахь сөрөг хүчин МАН \МАХН\-ын бүлгийн дарга. Тэрчилэн МАН \МАХН\ -ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дарга. Ингэж ажиллах боломжийг хэн юу олгосон бэ гэвэл Монголын ард түмэн болон өнөөгийн МАН.


Тэрбээр МАХН-ын даргаар ажиллахдаа нэрий нь солих гэж их хичээсэн дээ. Хувьсгалт гэдэг үгнээс гадаадын орнууд жийрхээд байх юм. Энэ нэрийг солих нь зүйтэй гээд 1997, 1998 онд "Үнэн" сониноор дамжуулан хэлэлцүүлэг хийж гишүүд дэмжигчдийнхээ санаа бодлыг авч нийтэлж байлаа. Түүний үглэдэг сэдэв бол Хувьсгалт гэсэн үгнээс нам салбал болоод явчихаар байна гэж ярьдагсан. Тэгээд ч би 1997 оны Ш сараас эхлэн "Үнэн" сонинд ажилласан тул Э.Энхбаярыг арав гаруй жил магтаж бичсэн дээ. Намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийнхөө үйл ажиллагааг магтахаас яах билээ. Би энд сануулах төдий товчхоноос товчхон дурдлаа.


Хүний буян худгийн ус хэмжээтэй гэдэг. Улсынхаа Ерөнхийлөгчөөр найман жил ажиллаж чадаагүй, дөрвөн жил л болсон доо. Нүгэл хилэнцийн хир эмжээ ихсээд буян нь тэр хүрээд дуусах тавилантай байсан бизээ. МАХН-ын нэрийг солих нь буруу гэж гишүүд дэмжигчдийн дийлэнх олонхи үздэг байв. Гэвч болчимгүй хөвсөргөн заримдагуудын тулгалтаар Н.Энхбаярын дургүй Хувьсгалт гэдэг үгийг гээв. Н.Энхбаяр 2009 онд Ерөнхийлөгчөөр дахин сонгоогүйд болон, Чингилтэй дүүргийн УИХ-ын нөхөн сонгуульд МАН түүний нэрийг дэвшүүлээгүйд хонзогнон урьд бузар азар хэмээн хамраа таглан тургиж асан Хувьсгалт гэдэг үгэнд хайр зарлаж, шинээр МАХН - г таслан хувааж азаргалсан юм. Ингэж нүглээ нүдээ бүрхтэл ихэсгэжээ.


Би Н.Энхбаярыг урьд нь арав гаруй жил морь бөх цоллож буй мэт магтан дуулсан тул одоо сүүлийн хэдэн жилийн явуургүй үйлдлийг сануулж, ялзарч хогжруутсан дайр бохирыг маажиж малтаж сэврээх гэж оролдоход буруудах юун. Яг үнэндээ бол Монгол улсын төрийн дээд албыг хаших буян заяа нь дуусчихаад байхад өөрийгөө ихэд өргөмлөн бодож мөр зэрэгцэн үйл ажиллагаа явуулсан хүмүүсдээ хонзогнож чадах гэсэн атгаг санаатан бол Н.Энхбаяр яах аргагүй мөн. Тэрбээр өөрийгөө бурханы шашинтан хэмээн өргөмжилдөг. Үүнд тулгуурлавал Н.Энхбаярын нүгэл хилэнц хэтэрчээ. Цөөн хэдийг дагуулан сүргээсээ тасарсан мал нэг бол чонын идэш болдог, эсвэл өөр сүүлгүй боохойн ходоод руу ордог.


Түүхээс улбаалж үзэхэд бусадтайгаа таарч тохирохгүй ижил нөхдөөсөө салж явсан бүхэн илүү зовлон үздэг бололтой. 1593 онд Зүрчидийн Нурхайчийн цэрэг Харчины есөн хороог ялж улмаар гүнд нэвтрэн Өвөрлөгчийн салангад эв нэгдэлгүй зарим ноёдыг биедээ татан эрхшээсэн гэдэг.1628 онд торгуудын Хоо-Өрлөг ноён албат иргэдээ дагуулан нүүж Ижил мөрөнд очиж суурьшаад ихээхэн зовлон зүдрэлийг үзжээ. 1689 онд монголчууд эв эвдэрч хүчгүйдэн Орос Манжийн төрийн шахалтаар Нерчиний гэрээ гэгчийг байгуулж Байгалиас цааших нутгийг Оросод өгчээ. Дараахан нь Байгаль хавийн нутаг Оросод хамаарав. Монголын ноёд хоорондоо эв эвдэрснээс үүдээд л бусдын идэш болж байсан түүхтэй. За тэгээд монголчууд Манж Чин улсын харъяат болж зовсноо мэднэ.


Одоо бол гадаад ертөнцийн аяыг дагаж олон намын тогтолцоогоор төр засгийн эрх барихаас өөр ямар ч зам алга. Тэгэхдээ Монгол хүчирхэг том хоёр юмуу гурваас илүү нам хэрэггүй гэдэг нь үнэн. Үүнийг Н.Энхбаяр сайн мэдэж буй. Гэтэл том намыг хувааж жижиг бүлэг болгон зөвхөн өөрийгөө бодож ийш тийшээ хоёр үзүүртэй биш бүр хэдэн үзүүртэй мэт гүйх нь яах аргагүй болчимгүй үйлдэл. Н.Энхбаяр буянаа дуусгачихаад хэдэн хүнийг дагуулан зожгирч заримыг нь хөлдөө чирж шоронд суулган нэр хүндий нь унагаж зовоохыг харж сонсоход үнэхээр тэсвэрлэхийн аргагүй хөө балаг уршигтайгаа олонд таниулсаар.


Н.Энхбаяр үнэхээр ухаалаг алсын хараатай бол МАХН-аас энэ сонгуульд ялах магадлалтай нэр дэвшигч алга гэдгээ ойлговол зохино. Манай гишүүд МАН-аас нэр дэвшигчийг дэмжээрэй гэчихвэл нүгэл хилэнц нь нимгэрч буян нь аажмаар буцаж нүүрлэж магадгүй. Бурханы сургаалд өшөө хорсол бол арван хар нүглийн нэг гэдэг. Н.Энхбарын нүгэл хилэнц дэндэж дэврэн төрд ажиллах буян дуусчээ.

 

C.Товуудорж

 

Эх сурвалж: www.sonin.mn