Монголын жүдо бөхийн холбоо “Рио-2016” зуны XXXI олимпийн их наадамд зодоглох тамирчдаа албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн олимпод Монгол Улсын хөдөлмөрийн баатар олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, Доржсүрэнгийн Сумъяа, Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, олон улсын хэмжээ-ний мастер Даваадоржийн Төмөрхүлэг, Баттулгын Тэмүүлэн, Пүрэвжаргалын Лхамдэгд, Цэнд-Очирын Цогтбаатар, Ганбаатарын Одбаяр, Отгонбаатарын Ууганбаатар, Лхагвасүрэнгийн Отгонбаатар, Цэнд-Аюушийн Наранжаргал, Адьяасамбуугийн Цолмон, Одхүүгийн Жавзмаа нарын арвандөрвөн тамирчин жин тус бүртээ зодоглохоор болсон.

“Тамирчдын хувьд хамгийн хүнд өдөр тохиож байна. Олимпод оролцоно гэдэг баярлаж хөөрөөд, бахдаж гайхуулаад байх зүйл биш. Энэ бол маш хүнд сорилт. Багш дасгалжуулагчид, үлдэж хоцорч байгаа тамирчид, ард түмнийхээ итгэл найдварыг хүлээнэ гэдэг өндөр хариуцлага” гэж өдгөө гурав дахь олимпдоо зодоглохоор бэлтгэж буй, жүдогийн багийн ахлагч Найдангийн Түвшинбаяр хэлсэн. Олон олимпийн нүүр үзэж, хүн төрөлхтний их ялалтын дэвжээнээс алт, мөнгөн медаль хүртэн улс орон, ард түмний итгэл хүлээхийн зовлонг ясандаа тултал мэдэрсэн тамирчны хэлэх үг мөн биз ээ. Энэ удаагийн олимпод оролцох тамирчдаа сонгон шалгаруулахад таван жин хамгийн хэцүү байсныг Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулга онцолсон. Тэрээр сугалаа сугалах юм уу, аз эзийн байдлаар тодруулаагүй, хүн тус бүр дээр судалгаа хийж, олимпийн циклийн хугацаанд үзүүлсэн амжилтыг нь үндэслэсэн гэв.

Асуудал дагуулсан таван жин гэдэг нь эрэгтэйчүүдийн 60 кг, 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 52 кг, 63 кг юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин нар өнжиж залуу тамирчин Ц.Цогтбаатар оролцохоор болсон нь олныг анхаарлыг татаад байгаа. Ер нь сүүлийн хэд хоног спортын ертөнцийн гол дуулиан олимпод оролцох хийгээд олимпийг өнжиж буй тамирчдын тухай байсан. Залуу жүдоч Цогтбаатарын хувьд, улсын аваргын тэмцээнд Амартүвшин, Болдбаатар нарын гавьяатуудыг онооны илт давуугаар ялж цахиур хагалан гарч ирсэн. Мөн өнгөрөгч оны “Абу Даби”-гийн олон улсын гран пригээс мөнгөн медаль хүртсэн зэрэг нь зуны олимпод өрсөлдөх гол үзүүлэлт нь болжээ.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Лондонгийн 30 дугаар олимпийн хүрэл, дэлхийн аваргын хүрэл медальт С.Ням-Очирыг үлдээж Г.Одбаярыг, эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Бундмааг үлдээж А.Цолмонг оролцуулахаар болсон. Ийнхүү Риогийн олимпийн дэвжээнд Дашдаваагийн Амартүвшин, Ганбаатарын Болдбаатар, Сайнжаргалын Ням-Очир, Мөнхбаатарын Бундмаа нарын гавьяатууд өрсөлдөх эрхгүй, үзэгчдийн суудалд шилжиж байна. Тэд бол олимп дэлхийн дэвжээнд Монголын нэр нүүр болсон, дэлхийн шилдэг жүдочдын зүрхэнд “шар ус” хуруулан ялж дийлж ирсэн тамирчид юм.

Риогийн дэвжээнд улсаа төлөөлөн хүч сорих жүдогийн тамирчдын олимпийн циклийн амжилтаас дурдъя. 60 кг-ын жинд хоёр гавьяатыг хойш нь суулгаад зодоглож буй олон улсын хэмжээний мастер Цогтбаатар Монголын баг тамирчдын хамгийн залуу нь. Өдгөө хорин настай. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат. Бөхийн төрлөөр дэлхийн аварга цолыг анх хүртсэн Монголын гавьяат тамирчин, бөхийн тайлбарлагч Шагдарын Чанравын нутгийн хүү. Өнгөрөгч оны аравдугаар сард болсон “Абу Даби”-гийн гран пригээс мөнгө зүүгээд, долоохон хоногийн дараа насанд хүрэгчдийн “Их дуулга”-аас медалийнхаа өнгийг ихэрлүүлсэн.

66 кг-д зодоглох олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг. Амстердамын гран при, Хятадын Чиндаогийн гран при, Гүржийн Тбилисигийн гран прид тус тус аваргалсан, Москвагийн “Их дуулга”, Чежүгийн “Дэлхийн цом”, Парисын “Их дуулга”-ын мөнгөн медальтай. Төмөрхүлэг өөрийн жиндээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдээд буй шилдэг тамирчин. Хоёр жилийн өмнө Инчеонд болсон Азийн аваргад Японы алдарт тамирчин Т.Такажог цэвэр ялсан бичлэг хэсэгтээ л дэлхийд шуугиан тарьж байсан. Тэрээр жинхэнэ таримал бөх билээ. Аав нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, ерэн оны Хэрлэнгийн хөдөө аралд болсон наадамд зургаа давж байсан уран барилдаант харцага Чогжинмүнсэлийн Даваадорж юм.

73 кг-д зодоглох олон улсын хэмжээний мастер Г.Одбаяр 2015 оны оны жүдогийн улсын аварга. Түүнийг “аваргуудын жингийн аварга” ч гэдэг. Учир нь хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тэргүүтэй шилдэг тамирчид энэ жинд өрсөлдөж байсныг бид мэднэ. Одбаяр “Астана 2015” багийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Уг амжилт нь Риогийн олимпийг зорих гол “тийз” нь болсон байх. “Гавана-2016” гран при тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч Азербайжаны Рустан Оружавт ялагдаж хүрэл медалийн болзол хангасан. Түүний хувьд Оружав хэмээх аварга эрийг Германы Дюссельдорфын гран прид ялж, шуугиан тарьж байсан удаатай. Энэ удаад өнөө алдарт Оружав болон японы Шохей Оно, гүржийн Лаша Шавдатуашвили, солонгосын Ан Чан Рим нарын дэлхийн шилдэг тамирчидтай олимпийн дэвжээнд хүч сорих нь дамжиггүй. Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очирын оронд шилэгдсэн Одбаяр Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, “Женко” клубын тамирчин.

81 кг-д зодоглох О.Ууганбаатар Чиндаогийн гран пригаас хүрэл медаль хүртсэн бол 90 кг-д зодоглох Л.Отгонбаатар “Абу Даби”-гийн “Их дуулга”-д дэлхийн аварга Унгарын жүдоч Кристиан Тот, Нидерландын шилдэг жүдоч Ван Ноел нарыг цэвэр ялж алтан медалийн эзэн болсноор олимпийн болзлоо хангасан. Мөн тэрээр “Астана 2015” багийн дэлхийн аваргад Афины олимпийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Грекийн домогт тамирчин И.Илиадисыг хожиж байсан түүхтэй. +100 кг-д зодоглох Б.Тэмүүлэн бол хүнд жингийн Монголын нэг номерын тамирчин. Ташкентын гран пригийн аварга, Азийн аваргын гурван удаагийн хүрэл медальт гээд олон амжилт дурдагдана.

-100 кг-д зодоглох Н.Түвшинбаяр аваргын хувьд Хятадын Чиндаогийн гран прид аваргалж олимпийн эрхээ баталгаажуулсан. Хэсгийн аваргын төлөө Нидерландын бөх М.Коррейлыг цэвэр ялж, хагас шигшээд Германы Карл Ричард Фрайг буулган авч, аваргын төлөө Казахстаны тамирчин Максим Рабовыг ялснаар аваргалсан.

Түвшээ аваргыг тулсан газар ч ёстой нэг амиа тавина даа гэж манайхан ярьдаг. Өөрт байгаа бүхий л боломжоо бүрэн дайчилж барилддаг ясны бөх гэдгийг нь бататгаж байгаа нь тэр. Манай аваргыг дэлхийн шилдэг хүчтэнүүд нэвтэрхий судалчихсан байгаа. Алхаа гишгээг нь бүрэн тооцоолж, хий гаргахыг нь анаж байгаа. Үнэндээ тэр бол дэлхийн судлагдахуун болсон топ тамирчин юм. Аварга мэдээж бүх учраагаа нарийн тооцоолж, хүн тус бүр дээр судалж ажиллаж буй. Лондонгийн олимпоос хойших дөрвөн жилийн уртад судалгаагаа батжуулж, Риогийн олимпийг бодсон. Өрсөлдөгчид нь цээжинд нь багтаж л байгаа учир аварга ахиад зодоглож байгаа байх. Түүнээс “би болсон” гээд хэвтээд өгөхөд хэн юу хэлэх билээ.

Зөвхөн Түвшээ аварга гэлтгүй Монголын тамирчид, багш дасгалжуулагчид гол өрсөлдөгчдөө маш сайн судлаж, тактик боловсруулж, айхавтар нарийн төлөвлөгөө, тооцоотой оролцоно байлгүй. “Өмнөх амжилтуудаа давтахыг хичээнэ” гэж холбооны тэргүүн мэдэгдсэн. Тэгэхээр жүдогийн тамирчдаас 2008 оны Бээжингийн олимпийн амжилтыг давтаж ахиад нэг аварга төрөх нь. Лондонгийн олимпийн мөнгө, хүрэл медаль бас ирнэ гэсэн үг. Нэг жинд барагцаагаар дэлхийн шилдэг арван тамирчин өрсөлддөг гэдэг. Тэр дундаас дөрвөн тамирчин л медалийн тавцан дээр зогсоно. Түвшээ аваргын гол өрсөлдөгчдийн нэгээр өнгөрөгч жилийн дэлхийн аварга Японы тамирчинг нэрлээд байгаа. Монголын жүдочдоос түрүүлээд дөрөвдүгээр сарын эхээр японы шигшээ баг олимпод оролцох тамирчдаа зарласан. Цогтбаатарын зодоглох 60 кг-д дэлхийн аварга Наохиса Такато зодоглох нь тодорхой болоод байгаа. Такатог Оросын Челябинскт болсон дэлхийн аваргаар гавьяат тамирчин Г.Болдбаатар ялж байсан удаатай. Мөн уг жинд Гүржийн Амиран Папинашвили, Солонгосын Ким вон жин гээд дэлхийн шилдгүүд цуглана.

Эмэгтэйтэй тамирчдын тухай гэвэл 52 кг-д хүч сорих ОУХМ А.Цолмон Польшийн Варшавт болсон Европын нээлттэй тэмцээнд аваргалсан. Мөн Ташкентийн гран пригээс мөнгө, Гавана, Чиндаогийн гран пригээс хүрэл медаль хүртсэн.Түүний жинд Румыны Андреа Читу тэргүүлж буй. Бундмаа гавьяатыг үзэгчдийн суудалд суулгасан Цолмон Румыны Читуг ялна гэсэн итгэлтэй явах хэрэгтэй. Жүдогийн эмэгтэй тамирчдаас Уранцэцэг, Сумъяа, Мөнхзаяа гурван гавьяатад найдлага тавих хүмүүс олон байгаа. Тэд бол аргагүй торгон ирэн дээрээ бөхчүүд. М.Уранцэцэг гавьяат олимпийн их наадам болох Бразилийн Рио-де-Жанейро хотноо 2013 онд болсон дэлхийн аваргаас тэр алтан медаль хүртэж, Монголынхоо нэрийг цуурайтуулсан. Энэ удаад ч Бразилийн тэнгэр дор төрийн дууллаа эгшиглүүлэхэд үгүй гэх газаргүй. Түүний хамгийн гол өрсөлдөгч бол дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Японы тамирчин Харүна Асами юм. Мөн Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй халх охин Г.Отгонцэцэг тун эвгүй учраа. Парисын “Их дуулга”-аас тэр хоёр хоёулаа шилдгээр шалгарч байв. Гавьяат тамирчин Д.Сумъяа 2015 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Мөн өнгөрөгч онд Улаанбаатар хотноо болсон “Чингис хаан” гран прид Японы нэртэй тамирчин 2012 оны Лондонгийн олимпийн К.Мацүмотог ялж шуугиулсан. Тэрээр өөрийн жиндээ Румыний Корина Каприориу, Португалийн Телма Монтейр нарын дараа гуравт эрэмбэлэгдээд байгаа. Ц.Мөнхзаяа гавьяат мөн л өнгөрөгч жилийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн тавдугаар байрын шагналтай. Эдгээр гавьяатуудын цаана Ази тивийн аварга Ц.Наранжаргал, П.Лхамдэгд нарын шилдэг тамирчид бий. Лхамдэгд Ромын европын нээлттэй тэмцээнээс Хорватын Ивана Мартечийг цэвэр ялж хүрэл медаль хүртэж байсан. Германы Дюссельдорфын аварга, Амстердамын алтан медальт. Чехийн Прагад болсон “Дэлхийн цом”-ын аварга гээд аргагүй дэлхийн шилдэг тамирчин. О.Жавзмаа 2014 онд Польшийн Варшав хотноо болсон Европын аваргын төлөө Италийн тамирчин Элиса Марчиог 48 секундэд цэвэр ялж алтан медаль хүртсэн юм. Тэрээр Өмнөговийн Дэмүүл арслангийн удмын бөх гэгддэг.

Ийм л өргөн бүрэлдэхүүнтэй Монголын жүдогийн баг тамирчид Риогийн олимпийг зорих гэж байна. Чөлөөт, жүдо, бокс, буудлага, байт харваа, хөнгөн атлетик, усанд сэлэлт, хүндийн өргөлт зэрэг спортын төрлөөр Монголын 40 шахам тамирчин олимпийн эрх аваад байгаа. Энэ дундаас хамгийн олон тамирчнаа илгээж байгаа нь Монголын жүдо бөхийн холбоо юм. Эх орныхоо нэрийг олимпийн дэвжээнд дуурсгахаар хөдөлмөрлөж байгаа тамирчдаа Монголын төр засаг анхаарч байна уу. Холбооных нь тэргүүнийг хууль цагдаагийнхан сандаргаж, ойр орчмынх нь хүмүүсийг шоронд хорьж, үндсэндээ Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой байж магадгүй гэх албан байгууллагуудыг нэгжиж “анхаарч” байх шиг байна. “Баянгол” рестораны албан өрөөнд нэгжлэг хийхэд жүдогийн тамирчид армиараа ирчихсэн байсан. Тэгээд л тэд маргааш өглөө нь Ташкентийн Азийн аваргад мордож, олимпийн эрх олгодог тэмцээнд бүгд л бужигнуулж өгөөд, Монголынхоо алдар сууг мандуулчихаад хүрээд ирж байна. Төр засгийн удирдлагууд сонгуулиар амьсгалаад юун тамирчид, олимп. Огтоож тоож байгаа юм алга. Хүн төрөлхтний спортын их наадам, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийн өмнөөс хүчээ сорих тамирчид бол Монголын үнэт баялаг юм. Бусад улс орнууд ийм л үнэлэмжээр тамирчдадаа хандаж өндөр үнэтэй эм тарианаас аваад бүхий л зүйлд төрийн дэмжлэг үзүүлдэг. Гэтэл манай тамирчид хэрчсэн гурил, хэдхэн годгор борц цүнхлээд тив алгасан морддог доо. Засаг төрийн удирдлагууд сонгууль энээ тэрээ гэж хэтэрхий улстөржилгүй, олимпод оролцох тамирчдынхаа бэлтгэл сургуулилт, зардал мөнгөнд санаа тавьж, анхаарч ажиллавал яасан юм бэ. Сонгууль гэж баахан бужигналдаж залгуулаад АСЕМ гэж байтал Риогийн олимп эхлэх нь байна. Энэхэн бөмбөрцгийн тэрбум тэрбум хүнд Монголын нэрийг зарлан тунхаглаж, дэлхийн тавцанд дуурсган гаргаж ирэх хүмүүс бол энэ хэдэн тамирчнаас өөр хэн байх билээ.

Б.Батболд