Такако Мацү: Монголд бүх зам дээгүүр чөлөөтэй гарна гэсэн дүрэмтэй юм болов уу?
2016/05/09
Монголчууд бид гадныхны нүдээр ямар харагддаг юм болоо? Энд хариулт авахаар Монголд ирж ажиллаад нэг жилийн нүүр үзэж байгаа Япон улсын иргэн Такако Мацүтэй ярилцсанаа хуваалцаж байна.
Анх Монголд өвөл ирж байлаа. “Улаанбаатар хотод газардахад бэлэн боллоо, суудлын бэхэлгээгээ хийнэ үү?”... гэх дуунаар Монголын нийслэл Улаанбаатарыг дээрээс нь харъя гэтэл юу ч харагддаггүй. Нисэх буудал дээр буутал ойр хавьд нь өндөр барилга байшин байхгүй болохоор нь “Би ямар хөдөө газар хүрээд ирэв ээ” л гэж бодсон. Тэгээд машинаар явсаар хотын төв рүү орж ирэхэд нь “За хот нь ч хот юмаа” гэж ойлгосон. Харин зочид буудалд буугаад ийм газар буудал нь ямар тансаг хөгжөө вэ? гэж гайхсан шүү. Бас ямар их машинтай юм бэ гэж бодсон. Барилга байшинг нь харахаар ази соёл биш, европ гэхээр бас сонин нэг л зохион байгуулалтгүй замбараагүй харагдсан. Монголд ирснийхээ маргааш Тэрэлж явж байгалийн сайхныг нь хараад үнэхээр биширсэн. Гаднаас нь харахад жижигхэн, бөөрөнхий монгол гэрт дөрвийн дөрвөн хүн унтах зайтай юм байна лээ. /инээгээд/ Хамгийн их алмайраад зогссон юм бол хээр тал, үзэсгэлэнт одод. Японд од байдаггүй.
Монголд ирчихээд нэг их удалгүй ажилдаа орсон. Ажлынхаа завсар зайгаар “Сайхан агаар амьсгалъя” гээд цонхоо нээтэл нэгд байшин барилга нь харагдахгүй, хоёрт агаар биш угаар байсан. Монголын төр засаг цалингаа нэмэх, нийгмийн халамж үйлчилгээг ард иргэддээ ойртуулах гээд олон тулгамдсан асуудлаа түр хойш тавиад агаараа цэвэршүүлэх асуудлыг нэгдсэн бодлоготойгоор шийдвэрлэхгүй бол Монголын ихэнх хүн ам удахгүй уушгины өвчнөөр үхэхвий. Нүүрс үнэд орсон гээд машины камер түлж байгаа хүнийг би харсан. Түүнээс нь гарч байгаа утаа угаар, бусдадаа үзүүлэх хор хөнөөл ямар байх нь ойлгомжтой. Миний бодлоор монголчууд дор дороо агаарын бохирдлоо арилгана гэвэл бүтэхгүй зүйл. Амьдралын боломжгүй хүмүүс резин, камераа түлэх нь тодорхой. Иймд төр засаг хөдлөх ёстой. Гаднаас авдаг зээл тусламжийнхаа ихэнх хувийг агаарын бохирдлыг бууруулахад зориулаасай. Тэгэхгүй бол хэдхэн жилийн дараа хүмүүсийн эрүүл мэндээс гадна Монголын энэ сайхан цэлмэг тэнгэр байхгүй болох нь гэж бодож байна. Тэр их харамсалтай.
Монгол хүүхдүүд гайхмаар стиль сайтай
Хятадаар ч юмуу эсвэл Францаар ярьж чадахгүй ч “Ийм орны хүн байна даа” гэж үг яриа, үйл хөдлөлөөс нь мэдэж болдог. Харин монголчуудын ярьж байгааг нь анх сонсоход бөөн хатуу авиануудын цуглуулга шиг, яг л “харь гарагийн” хэл шиг санагдсан. Бас монгол эрчүүд бүгд бөх барилддаг, сумочин юм болов уу гэмээр том биетэй юм билээ. /Японд бол эсрэгээр шүү дээ/ Найзууд маань “Монгол охид ямар вэ, хөөрхөн үү” гэж их асуудаг. Монголд байсан япончууд “Монгол бүсгүйчүүд ази эмэгтэйчүүд шиг биш. Бие хаа, царай нь азийг европтой хольсон мэт өндөр, биерхэг. Бас гайхмаар стиль сайтай” гэж ярьдаг.
Японд нэг өнгөтэй, дээрээ такси гэсэн бичигтэй машин л таксины үйлчилгээ үзүүлдэг. Түүн шигээ санаад такси бичигтэй машин ирэхийг хүлээгээд зам дээр удаан зогссон. Гэтэл нэг машин өмнө ирээд зогсчихоор нь “Сууж болдог юм болов уу, яадаг юм бол” гэж их гайхсан. Таксинууд нь аймаар замбараагүй явдаг болохоор бариулнаас нь зуураад “зүрх амаар” гарчих гээд явдаг даа. /инээгээд/ Зам нь үнэхээр их нүхтэй. Нэг км явахад л бараг зуун хүн машины урдуур үсрээд л ороод ирдэг. Тэр нь аймаар хэцүү.
Японд бол гарцгүй газраар зам хөндлөн гарна гэдэг байж болшгүй зүйл. Машины урдуур гэнэт гүйж гарч ирсэн хүнийг “Уучлаарай” гэх маягтай харах болов уу гэхээр “Чи яаж байна” гэсэн байдлаар ширүүн харахыг яана. Үүнийг хараад монголд “Бүх зам дээгүүр чөлөөтэй гарна” гэсэн дүрэмтэй юм болов уу гэж бодсон. Урдаас муухай харахаар нь хаагуур ч гарч болох юм байна, миний буруу юм байна гэж бодож байлаа.
Монгол хонины мах жаахан өмхий. Анх үнэрийг нь ч авч чаддаггүй байсан. Одоо бол дасаад иддэг болсон. Шорлог идэх хамгийн дуртай. Японы махнууд ямар ч үнэргүй, амт нь зөөлөн байдаг. Би эрүүл ахуйн талаар нэг их цэмцэгнээд байдаггүй хаа таарсан газраа хоол идмээр бол идэж л орхидог.
Японд ажлаа тараад галт тэргэнд ядраад унтаж байгаа, эсвэл машинаа барихдаа нойрмоглоод явж байгаа хүнтэй олон тааралдана. Тэр нь япончууд хөдөлмөрч учраас гэж хэлж чадахгүй. Монгол хүмүүс аймаар их ажиллачихаад ажлынхаа стрессийг ч сайн тайлж чаддагт энэ сэтгэл зүйн ялгаа харагдах байх. Монголчуудыг ажлаа хийж байхдаа маш тайван байгааг нь харахаар нэг их стресст ороод байдаггүй хүмүүс гэж бодогддог боловч баар, дэлгүүрт хэрэглэгчдэд хандсан үйлчилгээ муу, уур уцаартай байдаг нь сонин санагддаг юм. Япон хүмүүс юманд хэтэрхий нарийвчилж ханддаг. Монголчууд бол аливаа зүйлд ерөнхийд нь ханддаг.
Монголд эмэгтэй хүн өөрийн үзэл бодлоо шууд хэлдэг юм билээ. Жишээ нь Японд эрчүүд хоорондоо суугаад сексийн талаар юм ярьдаггүй. Харин энд ирээд найз нартайгаа сууж байтал нэг эмэгтэй надаас “Чи хамгийн сүүлд хэзээ хүнтэй унтсан бэ” гэхэд нь маш их гайхаж цочирдсон шүү. Дотны найз биш байсан ч ямар л бол ямар сэдвээр чөлөөтэй ярилцаж, бие биендээ сэтгэлээ нээж чаддаг нь япон хүнд байдаггүй чанар.
Монголд би маш олон найзтай болж байгаа. Тэдэнтэйгээ авахуулсан зурагнууд нэр, утсыг нь бичсэн дэвтэр миний хамгийн үнэтэй зүйлийн маань нэг болсон. Би Монголын талаарх мэдээллийг Япон хүмүүст илүү ихээр хүргэж, Монголыг таниулахыг хүсч байна. Миний монголд өнгөрүүлсэн дурсамжтай, хөгжилтэй, мөчүүдийг япончууд мэдрээсэй.
П.Ундраа
PHOTONEWS.MN
зочин · 2016/05/10
Бидэнд засах зүйл маш их бий, бид хүн бүр хичээх хэрэгтэй, одоохондоо төр засаг маань бидний эсрэг байгаа иргэдээ дэмждэг төртэй болохоор хөгжил улам түргэснэ
Зочин · 2016/05/09
Зам дээр хүн биш мал нь
Зочин · 2016/05/09
Mun yaponii baigali yun manai terelj.uneheer goyo baigalitai.
Зочин · 2016/05/09
Yapond od yag l Mongol shig adilhan haragddag sht.
Зочин · 2016/05/09
yg unen avchdee nus tseree haa hamagui haydag arhi uuhaara heniig ch hamagui zoddog ongiroo sagsuug ni bas bicheegi bna daa