Өөрөөсөө нуусан мөнгөнөөсөө болж бусдыг хэлмэгдүүлсэн согтуу толгой
2013/02/23
Хоёр сая төгрөгөө өөрөө өөрөөсөө нуучхаад хамт архи ууж байсан хоёр нөхрийг хэлмэгдүүлэн Ганц худагт cap гаруй хорьж шар махтай нь хатаасан Болд гэдэг нөхрийн тухай түүний найз нь юу ярьсныг дэлгэе.
- Болд бид хоёр багын найзууд. Энэ явдал "Ард" банк дампууран хаагдах үед болсон юм. Тэр үед би нэгэн төрийн байгууллагад ажиллаж байлаа. Болдын эхнэр хуучин БНАГУ-д сургууль төгссөн. Ардчилал зах зээл эхлэхэд тэд Германаас машин хөлөөр нь зөөж эхэлсэн. Мөнгөө "Ард" банкинд хийж байсан юм билээ. Нэгэн өдөр намайг ажил дээрээ сууж байтал Болд "Ард банк дампуурах сургаар би мөнгөө банкнаас авчихлаа.
Чи хурдан хүрээд ир. Үдийн цайгаа манайд уу" гэж байна. Намайг яваад очиход Болд үл таних хоёр залуугийн хамт идээ будаа, архи тамхи болчихсон сууж байна. Наймаа хийж явахдаа тэдэнтэй танилцсан гэнэ. Намайг жижиг өрөөндөө дагуулан орж, төмөр сейф доторх хоёр сая төгрөгөө харуулав. Би түүнд их согтов, мөнгөө алдав, болгоомжтой байгаарай гэж сануулахад хоолноос нь идэж, зуун грамм татчихаад ажил руугаа явлаа.
Маргааш нь Болд "Хоёр сая төгрөг маань алга болсон байна. Чи хурдан хүрээд ир" гэж утасдаж байна. Явж очоод юу болсныг яриуллаа. Намайг явсны дараа тэд үргэлжлүүлэн архидсан гэнэ. Болд цаад хоёртоо байс хийгээд архины мөнгө өгч, архинд явуулаад байжээ. Удалгүй мань эр тас компанийн захирал болж, цаад хоёрыгоо гаргаж явуулаад үүдээ түгжээд унтаад өгсөн гэнэ, Өглөө сэрээд сейф доторх мөнгөө үзтэл байдаггүй.
Намайг дуудахаасаа өмнө цагдаад тэмдэглүүлсэн байв. Нөгөө хоёр хүн шууд сэжигтнээр татагдаж, Ганц худагт хоригдсон байна. Болдын баз хүргэн нь цагдаагийн хурандаа тул тэднийг мөрдөнгийн овгоруудын гарт атгуулан хөөрхөн дэглүүлж эхэлжээ. Цаад хоёр нь мөнгө аваагүй гэж мэдүүлсээр байв. Хөөрхий тэднийг cap гаруй шар махтай нь хатаан хэлмэгдүүлсэн байна.
Тэр үед эхнэр нь Герман руу явчихсан байсан бөгөөд хэд хоногийн дараа ирж, бөөн хэрэг мандах нь тэр. Болд эхнэртээ "Хамт архи уусан тэд л хулгайлсан, өөр хэн байх юм, би өөрөө өөрөөсөө хулгайлна гэж байхгүй, тэд хэргээ хүлээхгүй байна, ашгүй баз хүргэний ачаар тэднийг Ганцхудагт шар махтай нь хатааж байгаа" гэж ярьжээ. Сарын дараа тэд гэртээ их засвар хийхээр болсон байна.
Гал тогооныхоо өрөөнд засвар хийхээр болж, Оросын "Лисва" плиткаа өргөн холдуултал дороос нь өнөөх хоёр сая төгрөг нь тоо ёсоороо гараад ирэх нь тэр. Мөнгөө олсон даруйдаа мөн л над руу утасдаж дуудсан. Тэр үед өнөөх хоёр нь Ганцхудагт хоригдож байсан юм. Би Болдыг баахан загналаа. Мань эр ч гэмшээд жигтэйхэн. Согтуу хүн сохор ухаантай гэгчээр Болд цаад хоёрыгоо дэлгүүр рүү архинд явуулсан хойгуур хоёр сая төгрөгеө плитканыхаа доогуур нуучихсан байжээ.
Түүнийгээ олохгүй, тэднийг хардан сэжиглэж, Ганц худагт хориулсан байгаа юм. Ийнхүү Болд өөрөө өөрөөсөө нуусан мөнгөө олсноор цаад хоёр нь Ганц худгаас суллагдсан юм. Би түүнд тэднийг гэртээ урьж дайлж цайлан уучлал гуйж, гарыг нь цайлгахыг зөвлөв. Тэр цайллага дээр би бас байсан юм. Нөгөө хоёр нөхөр Болдынд их л ууртай орж ирсэн боловч эр хүн шиг зан гарган түүнийг уучилсан, бүтэн өдөржин тэднийд идэж ууж наргиад, тус бүрдээ 100 мянган төгрөг хармаалаад явж билээ.
Би Болдыг мөнгөө жаахан нэмээч гэсэн боловч мань эр зөвшөөрөөгүй юм гэж мөнгөө өөрөө өөрөөсөө нууж, ийм холион бантан хутгасан Болдын найз эр ярьж билээ. Иймэрхүү "шог явдлууд" амьдралд байнга гарч байх юм даа.
Эх сурвалж: “Болсон явдал”