"Panama papers" буюу Панамын баримтууд олон нийтэд ил болсон. Уг баримтад Кёкүшюзан Д.Батбаярыг оффшор бүсэд данстай хэмээн мэдээлсэнтэй холбогдуулж энэ талаар тодрууллаа.

 

-Таныг оффшор данстай гэж зарласан. Энэ талаар тайлбар хийхгүй юу?

 

-Надад оффшор данс байгаа. Гэхдээ 25 жилийн өмнө тухайн үед Японд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс байгаа юм. Тэнд амьдарч байсан учраас 4, 5 данс нээлгэсэн байсан. Харамсалтай нь хаалгаагүй. Одоо бол мөнгө байхгүй. Харин гадуур яригдаад байгаа шиг оффшор данс байхгүй. Очиж үзээ ч үгүй. Татвараас зайлсхийсэн зүйл байхгүй.

 

-Гадаадын компаниудтай хамтардаг уу?

 

-Гадны ганц, хоёр компанитай хамтардаг. Монголдоо 20-иод компанитай хамтарч ажилладаг. Гэхдээ нэг их үйл ажиллагаа явуулдаггүй.

 

-Улстөрийн албан тушаалтай байхдаа дээрх дурдсан дансаа ашигладаг байсан уу?

 

-Улстөрийн албан тушаалтай байхдаа тэр дансыг ашиглаагүй. Зодог тайлаад л тэр дансыг мартсан. Карт нь ч хаана байгааг мэдэхгүй.

 

-Хөрөнгө орлогын мэдүүлэгт тухайн үедээ мэдүүлж байсан уу?

 

-Гадаадад мөнгөтэй юу гэж асууж байхад мөнгө байхгүй байсан юм чинь "Байхгүй" гэж мэдүүлсэн. Дансны хувьд цаанаасаа хаагаагүй бол байгаа л байх. Ямар нэгэн зорилгоор, бодлогоор ингэж байгааг мэдэхгүй байна.

 

-УИХ-д нэр дэвших үү?

 

-УИХ-д нэр дэвших тухайгаа АН-д албан ёсоор мэдэгдсэн. Үндэсний зөвлөлдөх хороо шийдэх байх.

 

Б.Туул

http://www.montsame.mn