МАН-ын дарга М.Энхболд тойрогтоо ажиллалаа
2016/05/10
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн ням гаригт Төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Баян, Сэргэлэн суманд ажиллаж УИХ-ын гишүүний тайлан уулзалтаа хийлээ. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт Төв аймгийн Мөнгөнморьт, Архуст, Эрдэнэ, Баяндэлгэр сумуудад ажилласан юм. Уулзалтын үеэр Төв аймагт хийсэн бүтээн байгуулалтын ажил болоод нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар цаг үеийн мэдээлэл өгсөн юм. Иргэдийн зүгээс Сонгуулийн тухай хуульд яагаад өөрчлөлт оруулах болов, эрүүл мэндийн салбар хэзээ эзэнтэй болох вэ зэрэг асуудлыг хөндөж байлаа. МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд ядуурал орон нутагт 20 хувь, нийслэлд 40 хувиар нэмэгдсэн. Дөрвөн жилийн өмнө ажилд орохоор өргөдөл гаргасан хоёр хүний нэг нь ажилтай болж байсан бол одоо таван хүн тутмын нэг нь ажилтай болж байна" гэлээ. Уулзалт тус аймгийн Баянцагаан сумаас эхэллээ. Энэ үеэр сумын төвийн Соёлын төвийн барилгын ажил, цэцэрлэгийн үйл ажиллагаатай МАН-ын дарга М.Энхболд танилцлаа. Тус сумын дунд сургуулийн захирал орон нутгийн боловсролын салбарт анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтыг нь нэмэх шаардлагатай байна хэмээсэн юм. Түүнчлэн Баянцагаан сумын сургуулийн дээвэр яаралтай завсарлах хэрэгтэй байна гэдэг асуудал ярьж байв. Үүнд МАН-ын дарга М.Энхболд хариулахдаа Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тэгнэ, ингэнэ гэж амлалт өгч болохгүй гэсэн юм. Гэхдээ тойргоос сонгогдсон гишүүний хувьд асуудлыг сонсч анхааралдаа авлаа гэв. Дараагийн сум Төв аймгийн Баянжаргалан байв. Тус сумын Засаг дарга Д.Базаррагчаа "Засаг дарга гэж ямар ч эрх мэдэлгүй хүн байна. Иргэдийнхээ асуудлыг шийддэг зохицуулдаг тийм боломжоор хангамаар байна" гэсэн юм. Харин Баян сумын иргэн Д.Энхтайван улс нь их хэмжээний өртэй, иргэд нь цалин тэтгэврийн өртэй, малчид нь зээлтэй. Зээлгүй хүн нэг ч алга. 2016 оны сонгуулиар засаг авсан аль ч нам байсан иргэдийнхээ амьдралыг сайжруулахад анхаарч ажилламаар байна гэдэг санал гаргалаа. Түүнээс гадна Эрдэнэтавантолгойн 1072 ширхэг хувьцааг яагаад эргэлтэд оруулахгүй байгаа юм бэ гэж иргэд бухимдаж байлаа. Тайлан уулзалтын сүүлийн сум бол Сэргэлэн. Сумын иргэдийн хувьд улаанбурхан өвчний дэгдэлт ихсэж, эрдэнэт хүний амь үрэгдэж буйд сэтгэл зовж буйгаа хэлж байсан. Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х.Ариун-Эрдэнэ салбар нь яагаад ийм удаан сайдгүй, салбарынхныгаа өмгөөлж, хамгаалах эзэнгүй байна вэ гэж асуулаа. УИХ-ын гишүүн М.Энхболдын хэлж буйгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улаанбурханыг Монголд устаж, үгүй болсон хэмээн зарлаж байсан ажээ. Монгол Улс олон улсын түвшинд аюулын харанга дэлдсэн шувууны томуу өвчинг давж чадсан мөртлөө улаанбурхан өвчнөөр 60 орчим хүүхэд амиа алдчихаад байгааг тэрбээр хэлж байлаа.
С.Дүүрэн
Зочин · 2016/05/11
Сайн л ажиллах хэрэгтэй дэг
Зочин · 2016/05/11
TOV AIMAGIINHAN ENE LUIVARCHING LUIVAR HIILGEHEE ZOSOO ESTOI ULAAN LUIVARCHIN HUUR SHUU