МАН: Сонгууль будилаантуулах эхлэлийг АН тавилаа
2016/05/13
УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын асуудлыг шийдвэрлэх явцад АН-ын бүлэг, түүний ажлын хэсгийн дөрвөн гишүүн СЕХ-ноос өргөн барьсан төслийг будилаантуулж, өөрсдөдөө ашигтай тойрог гаргах, хүн амын тоог харгалзалгүйгээр аймагт тойргийн тоог нэмэх зэрэг зарчимгүй, будилаантай үйл ажиллагаа зохион байгуулж буйг МАН-ын бүлэг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол нар оролцов.
Хэдийгээр МАН-ын бүлэг эсэргүүцсэн ч эрх баригчид байнгын хороон дээр ирцийн олонхиор өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэрээ батлуулсан. "Ингэж 2016 оны сонгуулийг будилаантуулах эхлэлийг АН тавилаа" гэж МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд хэллээ. "Сонгуулийн тойрог,мандатыг хуваарилахдаа нутаг дэвсгэрийн болон засаг захиргааны нэгжийн адил тэнцүү байдал, хүн амын тоог харгалзан үзэх ёстой.
Үүний үндсэн дээр сонгогчдод сонголт хийх бололцоо олдох ёстой. Мөн сонгуулийн тойрог бөөн, багц байх зарчмыг алдагдуулж, аймгийн төвийг дангаар нь нэг тойрог болгох, өөр өөр газар байрлалтай сумдыг нэг тойрог болгох зэрэг саналууд гаргалаа. Үүнийг МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцсэн ч цөөнх учраас байнгын хороон дээр таслан зогсоож чадсангүй.
Бид хурлыг орхиж гарсан. АН-ыг тойргийн мандат хуваарилсан шийдвэрээ эргэн харахыг МАН шаардаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийг унагаж, иргэдийн амьдралыг доройтуулснаас АН-ын нэр хүнд унасан байгаа. Нэгэнт нэр хүнд нь унасан учраас сонгуулийн булхай луйвраар эрх мэдэлд дахин үлдэх гэж арга чарга хайж байна" гэв. Эрх баригчид энэ мэт бусармаг ажиллагаа хийж байгаа тул сонгуулийн асуудалд сонор сэрэмжтэй байхыг МАН-ын дарга ард иргэдээсээ хүслээ. МАН сонгуульд оролцохоо илэрхийлэх үедээ шударга байхыг улстөрийн намуудад уриалсан юм.
С.БЯМБАЦОГТ: АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ АН-ЫН СУНГАЛТ БОЛГОХ ГЭЖ БАЙНА
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Айхаа арьсандаа боож, ичихээ эсгийд багласан хүмүүс гэвэл АН-ын УИХ дахь гишүүд болоод байна. Дөрвөн жилд нэг удаа болдог ард түмний сонголтыг АН-ын сунгалт болгох гэж байгаад харамсаж байна. УИХ 76 гишүүнтэй. 76 гишүүнийхээ саналаар шийдвэр гаргадаг. Ард түмэн дөрвөн жилд нэг удаа сонгуулийн эрхээ эдэлдэг. Гэтэл тэр эрхийг нь зөвхөн АН-ыг сонгох сунгалт болгох гэж байгаа нь гутамшигтай байна.
Өнөөдөр АН-ын Н.Батбаяр, Г.Батхүү, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин гэсэн дөрвөн гишүүний саналаар Сонгуулийн хуулийн 22.5-д заасан нутаг дэвсгэр, засаг захиргаа, хүн амын тоог харгалзан тойрог, мандатыг хуваарилах зарчмыг эвдэж байгаад харамсаж байна. 21 аймгийн 76 тойргийг зөвхөн энэ дөрвөн хүний үзэмжээр хуваариллаа. Тухайлбал, Өвөрхангай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 86 хувь нь нэг тойрог болсон байх жишээтэй. Аймгийн төв нь нэг тойрог, таван сум нь нэг тойрог гээд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл байх зэрэг зарчмыг алдагдуулсан хуваарилалт хийсэн байна. Ховд аймагт гэхэд нэг тойрог нь 20 мянган сонгогчтой, нөгөө нь 12 мянган сонгогчтой. Өдөр, шөнө шиг ялгаатай" гэв.
Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан СЕХ-ноос оруулж ирсэн саналаар хүн амын тоо нь бараг адилхан хоёр аймагт ялгаатай нэг, хоёр мандат хуваарилсныг эсэргүүцэж байгаагаа хэллээ. "Шударга байцгаая" гэж уриалж байгаа хэрнээ сонгуулиа шударга явуулахгүй байх эхлэлээ тавьж буйд харамсаж буйгаа тэрбээр илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хувьд, нэг намын бүлгийн санаачилгаар сонгууль болохоос сар хагасын өмнө ийм замбараагүй, ёс зүйгүй байдлаар хуулиа батлах гэж байгаад харамсаж буйгаа илэрхийлэв. Ийм нөхцөлд ардчилсан сонгуулиа явуулж чадах эсэхэд эргэлзээ үүсч буйг ч хэллээ. Аж үйлдвэрийн бүс байгуулахаар ярьж, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдээ нийслэлийн дагуул хот болгохоор төрийн бодлого гарсан. Гэтэл эдгээр дүүргүүдээ хэд хэдэн хэсэгт хуваагаад хаа хамаагүй дүүргүүдэд хуваарилж байна. Жишээлбэл, Налайхыг дөрөв хувааж Чингэлтэйд, Багануурыг дөрөв хувааж Сүхбаатарт оруулж хуваариллаа. Бараг дангаараа нэг нэг тойрог болох байсан гурван дүүргийг ингэж хэсэгчлэн хувааж,ач холбогдолгүй болголоо гэв.
МАН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хороон дээр завсарлага авах хүсэлт тавьсан ч "хуулийн хугацаатай" учраас завсарлага өгөх боломжгүй гэсэн байна. Гэтэл АТГ-ын даргыг томилох хуулийн хугацаа хэтэрсэн атал АН-ынхан өөрсдөдөө завсарлага өгсөн тухай бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Тиймээс МАН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Зочин · 2016/05/14
Cсонгуулийг хар машинаар явуулвал ан нам луйвараа хийнэ тэгэхээр сонгууль огох хэрэг бна угаасаа энэ гончигдорж тэмуужинг н.батбаяр сонгох хун одоо бга гэж уу буруу хойшоо гэж тэд луйвар л хийхгуй бол гарахгуй
Зочин · 2016/05/13
nice
Z.Bayaraa · 2016/05/13
Аймшигт өдрийн хэрэг давтагдах магадлал ихэслээ. Маш их харамсаж байна.