Тэр “ичээнээсээ” гарлаа. "Би улстөрийн чөлөөндөө гарсан, залуучуудын үе ирсэн" гэж мэдэгдээд байсан ч 2016 оны сонгуулийн өмнөхөн МАН-ын төв байранд ирж төвхнөлөө. Тусгай өрөө гаргуулж, туслах, зөвлөхүүдээр хүрээлүүлж, ажлаа эхлэв. Энэ удаад тэрээр их “сунгаанд” намынхаа төв штабыг ахалж ажиллахаар болжээ.

Харийн оронд дөрвөн жил гаруйн хугацаанд бие эмнүүлж, зугаалж, амарч ном бичиж, нийтлэл тэрлэж, улстөрөөс зайдуухан байсан нь залхахад хүргээ биз.Тэрээр тактик сайтай, нүүх нүүдлээ сайтар тооцдог, буух буудлаа будлихгүй олчих сүйхээтэй нэгэн. Бас хүчирхэг лидерүүдийн нэг.

Түүний удирдсан сонгууль амжилтгүй болдоггүй, ялалтын туг хатгадаг нь учиртай. Гэхдээ энэ удаад дүр зураг өөрөөр эргэж буй. С.Баяр намдаа нэмэх оноо авчрах уу, харин хасахыг цуглуулах уу гэдэг нь анхаарал татаж буй юм. Түүнрүү чиглэсэн сөрөг довтолт зөвхөн хэвлэлийнхнээс гэлтгүй иргэдийн зүгээс хүчтэй өрнөж буй. Оффшордох шуурганд тэрээр нэрмүүлж байна. Хоёрын хоёр охин нь татвараас нуугдах “нуувчинд” хорогдсон байсан нь илэрлээ. АНУ-д тансаг долоон харш охид, экс эхнэр, шинэ амрагийн нэр дээр бүртгэлтэй байгааг Г.Уянга, Голомт.org байгууллагынхан илчлээд буй. Тэрээр түүнийгээ огт үгүйсгэхгүй байгаа. Оюутолгойн гэрээг зуруулж, найр тавьчихаад гадаадруу “зугтаасан” гэж хардах хүмүүс ч олон бий.

Улс орон даяар зарласан таван төгөлдөршил нь хэрэгжих байтугай дампуурч олон будлиантай зүйлийн эхлэлийг тавьсан гэдэг. 2008 оны сонгуулиас зургаан сарын өмнө МАХН-ын даргын суудлыг М.Энхболдоос Н.Энхбаярын дэмжлэгтэй авч гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон С.Баяр улс орноо хөгжүүлэх таван алхам хэ­мээн нэрлэсэн таван тө­гөлдөршлийн зорилго танил­цуулж байлаа.

Дэлхий дахинаа өргөн хэрэглэх болсон "ин­новаци" гэдэг үгийг эрдэмтэн мэргэдтэй зөвлөлдсөний үнд­сэнд монголоор буулгахдаа "байсан ямар нэгэн зүйлийг шинэ сэдлээр төгөлдөр­шүү­лэх" гэсэн утгаар ойлгож, "тө­гөлдөршил" гэсэн нэр томъ­ёо хэрэглэв гээд хэрэгжүүлэх аргачлал бүхий 50 шахам хуудас төслийг гишүү­дэд тарааж байсан юм.

Сонгуулийн тогтолцооны төгөлдөршил, байгалийн бая­лаг ашиглалтын төгөлдөршил, төр иргэнийг холбосон бүрт­гэлийн төгөлдөршил, хишиг хуваарилалтын төгөлдөршил, төрийн албаны төгөлдөршил гэсэн таван зүйл багтаж байв.

Гэвч үнэндээ шинэ сэдлээр төгөлдөржүүлэх алхамуд нь сонгуульд зориулан олны сэтгэл зүйг эргүүлэх гэсэн богино зайн улстөр байж. Харин ч таван төгөлдөршил орвонгоороо эргэж, улс орны хөгжилд чөдөр тушаа болж хувирсныг ч үгүйсгэх аргагүй.

Тухайлбал, Хишиг хуваарилалтын төгөлдөршил нь сонгууль дөхөөд ирэхээр бэлэн мөнгөний амлалтын суурь болчихсон гэлтэй. Иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэж амлаад МАН олонх болсон ч энэ явуургүй бодлого Монголын эдийн засгийг элгээр хэвтэхэд хүргэсэн нэг шалтгаан. 1.5 сая төгрөгийг иргэн бүрт баялгийн хишиг гэж тараах гэж Чалкогоос 250 сая ам.доллар зээлж тараасан нь өрөнд унагасан. Энэ зээлийг төлөх гэж “Эрдэнэс -Тавантолгой" компани гэж нүүрсээ үнэгүй гаргасаар дампуурлынхаа ирмэгт иржээ. Үнэндээ өргүй байсан бол төрийн өмчийн энэ компани хөл дээрээ босчих байсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг.

Ерөнхий сайд С.Баярын төгөлдөршүүлэх амлалттай анхны сонгууль юу болсныг саная. Тэрбээр, таван төгөл­дөршлийн илтгэлдээ "Ард­чилсан, ил тод, шударга гэг­дэж буй сонгууль маань өнөө­дөр сонгогчдыг худалдан авах, архидуулах улайм цайм луйвар боллоо. Бурууг бусад руугаа чихэн бие, биеэ өмгөө­лөвч, бүгдээрээ л энд орол­цож, хийлцэж байна. Хэн нь түрүүлж, хэн нь сүүлдэж мөнгө, бэлэг хэдийг тараад­гийн ялгаа л байхаас, өгдөг өгдөггүйн ялгаа гарахаа байсныг бид нүдээрээ харж байна..." хэмээн жигшиж байлаа.

МАХН УИХ-ын ээлжит сон­гуульд бүртгүүлэх хугацаа­наасаа ч хоцрон байж намуу­дын нэрсийн жагсаалтад баг­таж байв. Ингэхдээ өрсөлдөгч на­мынхаа мөрийн хөтөлбөрийн өнгийг өөрчлөн "Эх орны хишиг" хэмээн давсан амлалт амласан юм. Хугацааг дуусгавар болгож мөрийн хөтөлбөрөө бүртгүүлсэн нь ч угаасаа өрсөлдөгч намд өөрчлөлт хийх хугацаа олгохгүй гэснийх. Сонгуулийн маргааш 1.5 сая төгрөг өгнө гэсэн бүхий батламж тараав. Санал ху­раалтын бүрэн дүн гараагүй байхад шөнө дундаас эхлээд МАХН өнгөлж, толгойлж байна гэж нийтэд сэтгэлзүйн дайралт хийж эхэлж байлаа.

"МАХН л ялах юм байна..." гэсэн ард нийтийн дунд итгэл үнэмшил төрүүлэх зорилготой байсан байх.Тэр бүхэн явсаар долдугаар сарын 1-ний өдөр рүү шилжин ирэв. Төгөлдөршиж, ардчилсан нийг­мийн шударга сон­гуультай болох зорилго таван хүний амь, шорон дүүрэн хүүхэд, залуучуудтай болсон дам­пуурлыг Монголын түү­хэнд анх удаа авчрав. Тө­гөлдөршил гэж онцгойлон зарлаагүй бай­хад сонгууль дайн дажингүй бол­чихдог байсан даг.

Сонгуулийн тогтолцооны төгөлдөршил гээч нь ёстой хөмрөх шиг боллоо. Сонгогчид итгэл үнэмшилээрээ саналаа өгөх боломжгүй, нэр дэвшигчид нь шударгаар өрсөлдөх нөхцөлгүй, засгийн эрх авсан нь түүнээ хэрэгжүүлэх чадамжгүй байгаа нь сонгуулийн мажоритар энэ тогтолцоо Монголд цаашдаа оршин тогтнох хөрс суурьгүй болсныг харуулж байна гэж тунхаглаад л байсан нь тулгуур хуультайгаа зөрчилдөж байж. Тэрээр Үндсэн хууль зөрчсөн, давсан шийдвэр гаргахдаа гаргуун. Үнэндээ хууль, зарчим алдагдахаар нийгэмд шударга ёс ганхаж, хуулийн засаглал ноёрхох биш хуйвалдагчдын дарангуйлал газар авдаг бололтой. Тулгуур хуулийг зөрчөөд 2008 онд стандарт бус Засгийн газар байгуулсан. Улс орныхоо төлөө хамтарч ажиллахгүй л бол үсрэнгүй хөгжихгүй байна намынхаа хурал дээр уран яруу илтгэл тавьж дэмжүүлээд, сөрөг хүчиндээ урилга илгээж, хамтарсан. Гэтэл энэ нь хөгжлийн шанг татах байтугай хоёр намыг ханцуйн дотроо наймаалцах боломжийг олгож, хяналтгүй болгож, улстөрийг МАНАНТУУЛСАН.

Дахиад л С.Баяр эргэн ирж 2016 оны сонгуулиар МАН-ын төв штабыг тэрээр удирдахаар болсонд айж байна. Тэр бол айхтар сэтгэдэг, алсын бодолтой, стратегич. Түүний боловсруулсан стратеги намдаа гайхамшигтай оноо авчирч болох ч түмэн олон түүртэж унах “нүх” ухчих бий гэсэн болгоомжлол төрж буйг нуух юун.

Хэр баргийн юманд барьц алддаггүй МАН-ын лидерүүдийн дунд чимээгүй аниргүйхэн тэмцэл өрнөж эхэлснийг ч үгүйсгэхгүй. МАН-ынхны авах нэг чанар нь АН-ынхан шиг тогоон доторх хэрүүлээ гадагшаа хальж, дэвэргээд байдаггүй.

Он гарснаас хойш С.Баяр өнөөгийн засаг төрийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалтын талаар чангахан гэгч дуугарах болсон нь 2012 оны сонгуулиас хойш нуувчиндаа орцгоосон МАН дахь түүний фракц хөдөлгөөнд орж эхэллээ гэсэн гаргалгааг хийхэд хүргэж байлаа. Сү.Батболд гээд түүний талынхан шахагдаж байгааг тэрээр зүгээр хараад суухыг ч хүсээгүй биз. Тэгээд ч С.Баяр буцаж ирэхэд МАН-ын дарга М.Энхболд цаашаа гэж хэлж зүрхлэхгүй. Нам доторх фракцуудын толгойлогчид ч чанга дуугарч түвдэхгүй шүү дээ. С.Баяр МАН-ыг аврах уу, алах уу .

Х.Тэргэл
Эх сурвалж: TIMES.MN