УИХ-ын нэгдсэн чуулганы хуваарь ёсоор өнөөдөр 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч өглөөний 09 цагт эхлэхээр товлогдсон чуулган 37 гишүүн буюу 48 хувийн ирцтэйгээр бүтэн гурван цаг 30 минут хүлээгдсэний эцэст завсарлалаа.

АН-ын бүлгийн 31, “Шударга ёс” эвслийн дөрөв, ИЗНН-ын хоёр гишүүн ирсэн бол МАН-ын бүлгээс нэг ч гишүүн ирцэнд бүртгүүлсэнгүй. Ардчилсан намынхны хувьд Сангийн сайд Б.Болор, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар гадаадад томилолттой, Б.Эрдэнэбат, Н.Батцэрэг нар өвчтэй байгааг эс тооцвол бүгд хуралдаа сууж, цаг алдалгүй батлах хуулиудыг хэлэлцэхийг хүлээсээр байлаа.

Чуулганы хуралдааныг даргалж байгаа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж МАН-ын бүлгийн гишүүдийг картаа уншуулж ирцэнд орохыг хүсээд “Сонгогдох эрхээ хөөцөлдөхөөсөө өмнө сонгогдсон үүрэгт ажилдаа ирнэ үү” хэмээн хэдхэдэн удаа сануулсан ч тусыг эс олов.

А.Баярмаа