Монгол Улс анх удаа гаднын оронтой стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа. Дэлхийн хамгийн хатуу стандарттай Япон улстай гэрээ байгуулах нь улс төрийн аюулгүй байдлаас гадна эдийн засгийн асар их өгөөжтэй.

Гэрээ ирэх сарын 7-ноос хэрэгжиж эхэлнэ. Хэлэлцээрийн хүрээнд талууд худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын, гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар арван жилийн хугацаанд чөлөөлнө. Гэрээний хүрээнд Монголын тал зургаан мянга, Японы тал арван мянга шахам төрлийн барааны импортын гаалийн тарифыг шууд чөлөөлөх буюу үе шаттайгаар бууруулна. Үндсэндээ арван жилийн дараа манай улсуудын дунд гаалийн татвар устах боломж бүрдэнэ. Бусад орны компаниудад хэзээ ч олдохгүй байж мэдэх энэ боломж манай улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийх сонирхлыг барууны өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгөтнүүдэд төрүүлнэ.

Эхний удаад монголчуудын амьжиргааны хэрэгсэл болсон автомашины гаалийн татварт хэрхэн өөрчлөлт орсныг танилцуулж байна. Ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн Япон улсаас оруулж ирэх 1-3 жил ашигласан машины гаалийн татвар тэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл өмнө нь нэг жил ашигласан машинаас гаалийн таван хувийн татварыг чөлөөлдөг байсан бол удахгүй гурван жил ашигласан машиныг нийт үнийн дүнгээс авдаг таван хувийн гаалийн татвараас чөлөөлнө. "Тоёота" компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр 2016 оны зарим шинэ загварууд 17000-40000 ам.долларын үнэтэй байна. Гаалийн татварыг тэглэснээр машин тус бүрээс 650-2000 ам.долларын гаалийн татварын хөнгөлөлт иргэд эдэлнэ. Жилд импортолж байгаа 1-3 жил ашигласан мянган машинаас хоёр сая ам.долларыг монголчууд хэмнэнэ. Энэ бол стратегийн гэрээнээс монголчууд хүртэх жаахан ашиг. Түүнээс дутуугүй ашиг нь япон машиныг дагаж орж ирэх менежмэнт, технологи, үйлчилгээний соёл.

ОХУ-д 1985 оноос анх япон хуучин машины үйлчилгээ орж ирж байсан. Харин өнөөдөр тус үйлчилгээ нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, хямд, шуурхай үйлчилгээнд тооцогдож байна. Япон машины авто сервисүүд машиныг худалдан авахаас эхлээд урсгал үйлчилгээ, оношлогоо, ашиглах заавар зэргийг нялх хүүхэд арчлахаас дутуугүй боловсруулж өгч байна. Япон машин ихтэй бүсүүдэд засварын газар, сэлбэгийн дэлгүүр, шатахуун түгээх станцууд ч олноор байгуулагджээ.

Үүнтэй адил манайд япон машин олшрох тусам япон авто сервис нутагшина. Мөн бид Японы авто зах зээлд нэвтрэх тусам удахгүй дэлхий нийтийг хамрах цахилгаан, хийн, нарны зайн авто машины технологид шилжихэд хялбар болно. Өнөөгийн байдлаар Японд автомашины цахилгаан цэнэглэгч станцын тоо 40 мянга хол давсан бол энэ хэрээр нефтин шатахуун түгээгч станцын тоо буурч 30 мянга гаруй тоологдож байна.

Мэдээж япон машин хямдхан авах нь монголчуудын туйлын зорилго биш. Тэр хэрээр Японы машины үйлдвэрүүдийг тэтгэж байгаа хэрэг бүр биш гэнэ. Япон улс дэлхийд технологийг тэргүүлж байгаагийн хувьд тэд бас биднээс худалдан авах зүйл маш их бий. Жишээлбэл, өнөөдөр гар утаснаас эхлээд удахгүй дэлхийг бүрхэх магадлалтай нарны зайн түүхий эд, бусад шинэ технологид ашиглах газрын ховор элемент манайд багагүй байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Цаашид ч нэмэгдэх магадлал өндөр. Япончууд энэ бүхэнд хөрөнгө оруулах сонирхол бий. Мөн авто салбарын түүхий эд болох зэс, төмрийн хүдэр, хөнгөн цагаан, цайрын томоохон ордууд бидэнд байгаа нь хамгийн өндөр технологи орж ирэх нөхцөл болж байна. Тэр өндөр технологи нь япончуудад байдаг. Зөвхөн авто салбарын түншлэлээс монголчуудад ийм хэмжээний ашиг унана.

Гэхдээ өнөөдөр манайд Японы баруун талдаа жолоотой машин ашиглах хууль зүйн орчин байхгүйг авто замын цагдаа сануулж байна. Монголын автомашины зах зээлийн 47 хувийг эзэлж байгаа баруун талдаа жолоотой автомашинууд хууль эрх зүй, дэд бүтцээр зохицуулагдаагүй байна. Зарим мэргэжилтний санаачилж буйгаар бол 20-30 жилийн хугацаанд бодлогоо тодорхойлоод баруун эсвэл зүүн талын жолооны дүрэмтэй болох шаардлагатай. Баруун, зүүн хосолсон автын хөдөлгөөний зохицуулсан тохиолдол одоохондоо байхгүй гэнэ. Мөн нэгэнт арван жилийн дотор худалдааны татварыг тэглэх бодлого хэрэгжих нь тодорхой тул өнөөдрөөс эхлэн онцгой албан татварын асуудлыг нэг мөр шийдэх нь зөв гэнэ. Япончууд гэрээгээ хугацаандаа хэрэгжүүлэх нь мэдээж. Харин төрийн хашин бодлогоос болж иргэдэд очих ашгийг бүү хойшлуулаасай.

Япон улсын “Toyota” корпорацийн автомашиныг Монголд борлуулах албан ёсны эрхтэй "Мөнх хада" компанийн борлуулж байгаа машины үнэ

LC200 VX VX High (бензин автомат) 167,000,000¥

LC200 VX VX High (дизель автомат) 167,000,000¥

LC200 VX VX медиум (бензин автомат) 147,000,000¥

LC200 VX VX медиум (дизель автомат) 147,000,000¥

LC200 GX GX (дизель автомат) 135,000,000¥

LC200 GX GX (дизель механик) 136,000,000¥

LC200 GX GX High ( бензин механик) 119,000,000¥

“Toyota” корпорацийн албан ёсны цахим хуудасны 2016 оны зарим загварын үнийн мэдээлэл

Yaris $17,370

Prius $32,100

Corolla $19,365

RAV4 $29,265

Prius c $24,495

Prius v $34,270

Camry $33,820

Camry Hybrid $27,995

Tacoma $34,090

Hybrid $35,045

Sienna $39,930

Х.БАТТӨГС