Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд өнгөрсөн оны долоодугаар сард хар тамхины хэрэгт холбогдож саатуулагдсан.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Б.Амарбаясгалан, н.Сүхбаатар нар хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа. Тэднийг Эрүүгийн хуулийн 188.3-р зүйл ангид зааснаар буюу энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн хэмээн үзэж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял оноохоор зүйлчлээд байгаа.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, яллах дүгнэлттэйгээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тэднийг маргааш 09:00 цагт шүүх юм.

Тус хэрэгт холбогдсон Х.Тамир нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор хийдэг байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн ах. Б.Амарбаясгалан нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан бөгөөд Х.Тамиртай их сургуулийн ангийн найзууд. Харин н.Сүхбаатар нь мөн адил хуулийн байгууллагад ажилладаг байсан бөгөөд тэрбээр хилээр хар тамхи оруулж гаргадаг тээвэрлэгч нэгэн байж болзошгүй байна. Тэднийг өмнөд хөршөөс ирж буй “бараа”-гаа авахаар Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомт дээр очоод байхад нь цагдаагийнхан баривчилсан байдаг.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа