Нүүрсний шуудайн хэмжээнд стандарт тогтоосон боловч ...
2013/09/11
Цаг агаар хүйтэрч өвлийн бэлтгэлээ базааж, мод нүүрсээ бэлдэх, худалдан авах гээд ихээхэн ажил эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор гэр хорооллын иргэд нүүрс, мод бөөнөөр нь буюу портероор нь авч зарим нь ч шуудайгаар нь авч хэрэглэдэг билээ.
Харин нүүрсний үнэ цаг агаарын байдалтай уялдаатай үнэ нь нэмэгдэж байдаг. Мөн нүүрсний ченжүүд үнэ өсгөх тусам савлагааг нь багасгадаг буюу шуудайн хэмжээг багасгадаг. Харин энэхүү асуудал дээр Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв нүүрсний шуудайнд стандарт тогтоосон билээ. Нүүрсний шуудайн хэмжээг 15, 25, 40 кг-ын багтаамжтай байхаар тогтоосон бөгөөд энэхүү журмыг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн. Гэвч энэ жилийн хувьд гэр хорооллын наймаачид дээрх стандартыг мөрдөхгүй байгаа юм.
Тэдний худалдаалж буй шуудайтай нүүрс нэг айлд үсрээл нэг л хоног хэрэглэдэг гэнэ. Тэгэхээр дөнгөж сэрүү орж байгаа энэ үед хоногт 1800-2000 төгрөг зарцуулж байгаа нь өвлийн хүйтэнд мод нүүрс нийлээд хоногт 10,000 төгрөг зарцуулах бололтой. Харин иргэд шуудайн хэмжээнд болоод нүүрсний үнийн асуудалд бухимдалтай байгаа бөгөөд дээрх байдалд стандарт тогтоож өгөхийг хүсч байгаа юм. Ямартай ч энэхүү асуудал дээр шуудайн хэмжээнд стандарт тогтоож мөн нүүрсний үнэ хэд байх тал дээр анхаарах хэрэгтэй болжээ. Хэрэв энэ маягаар байгаад байх юм бол хүйтрэх тусам үнэ нэмэгдэж иргэд нүүрс худалдан авахад хүндрэлтэй болох нь.