Өнөөдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхийн зэрэгцээ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.  Сэтгүүлчид энэ үеэр голчлон олны анхаарын төвд байгаа хэргүүдийн талаар тодруулсан юм.  Тэдгээрээс  тодруулбал:

  • Цэвэр агаар сангийн удирдлагууд болон  БОНХЯамны мэргэжилтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нэмэлт мөрдөн байцаалт хийгдэж байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулах мөнгөнөөс таван тэрбус төгрөгийг  завшсан хэргээр шалгаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл цагдан хорьсон хэвээр байгаа юм байна.  
  • Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарыг шалгаж  үзээд харьяаллын дагуу УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү шилжүүлсэн.
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбишийг хэд хэдэн хүний  1,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосмал машин, чанарын шаардлага ханагахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компанид нийлүүлсэн хэрэгт татсан. Шалгах ажиллагаа үргэлжилж байна.
  • Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайваныг албан тушаалаа урвуулан ашигласан мөн ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлийн үнээс илүү үнээр бараа материал худалдан авсан, хувийн компанид давуу эрх олгож чанар муутай машинуудыг байгууллагадаа шахаж хувьдаа мөнгө завшсан, байгууллагын засвар нэрийн дор ямар ч үр ашиггүй засвар хийж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, тусгай зөвшөөрөл, загварын гэрчилгээг хууль зөрчин олгосон зэрэг асуудлаар АТГ-т хэд хэдэн гомдол ирсэн. Үүнийг нягталж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байгаа. Г.Энхтайвантай холбоотой гомдлуудыг шүүхэд гаргасан байсан.
  • Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд саатуулан шалгаж эхэлсэн билээ. Хэргийг шалгаж дууссан бөгөөд яллах дүгнэлт үйлдэн прокурорын газарт шилжүүлсэн байна.
  • ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг тендер будлиантуулсан хэргээр  Мөрдөн байцаах газраас шалгаж хэргийг  АТГ-т шилжүүлсэн байна. Энэ үеэр түүнийг цагдан хориод байсан бөгөөд түүнийг гадуур байцааж болно хэмээн үзэж  сулласан байна.  
  • “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа зэрэг 7 хүнийг өнгөрөгч мягмар гаригт баривчилсан. Тэднийг үгсэн тохирч хувийн компани байгуулан тэндээсээ бараа, бүтээгдэхүүнийг авч, давуу эрх олгосон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж байгаа юм.
  • УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох авлигын хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс АТГ руу шилжүүлсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Харин АТГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө энэ нь ташаа мэдээлэл гэдгийг хэллээ. Одоогийн байдлаар УМБГ-аас Ё.Отгонбаярын хэргийг шилжүүлэх тухай ямар нэгэн албан бичиг ирээгүй байгаа.
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийн төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх  үндэслэлээр шалгаж байна. Одоогоор түүнийг цагдан хорьсон.    Өмнө нь ИНЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа түүнийг тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлсэн, хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хамааралгүй компанийн ажилчдыг дэмжсэн зэрэгт  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар өнөөдөр АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

А.Баярмаа