Гадаадын хөрөнгө оруулалт нэрээр луйвар хийгчдэд даруулга хэрэгтэй байна
2016/05/18
Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ цаг үед санхүүгийн луйвар газар авах хандлага ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчийг Монгол компанитай холбодог зуучлагч компаниуд боловсон аргаар луйвар хийж байгаа бөгөөд үүний улмаас үндэсний үйлдвэрлэгчид хохирч байгааг сэрэмжлүүлж байна.
Улс шиг хөгжиж, сэхээнд орсон эдийн засгаа сэхээрүүлье гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн жилд эрс буурсан. Түүх сөхөөд харвал 2008-2012 онуудад гадаадын хөрөнгө оруулалтыг “тултал” нь татаж байгаад, 2013 оноос энэ жилийг хүртэл гадаадын хөрөнгө оруулалт хэд дахин буурсан байх юм. Тухайлбал, 2008 онд манай улсад нийт 708 тэрбум 922 сая төгрөг, 2009 онд 801 тэрбум, 2010 онд нэг их наяд 25 тэрбум төгрөг, 2011 онд дөрвөн их наяд төгрөг, 2012 онд 3.9 их наяд төгрөгт хүрч байжээ. Харин 2014 оны эцсийн байдлаар орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2008 оныхтой дөхөж, 2015 онд буурч, энэ жил бараа сураг нь үзэгдэж, харагдаж, дуулдахааргүй болтлоо “сураг тасраад” байгаа. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй шууд холбоотой бөгөөд үүнийг даган сөрөг талууд ажиглагдаж эхлээд байна.
Тухайлбал, гадаадын хөрөнгөө оруулалт орж ирснээр үндэсний үйлдвэрлэгчид эх орондоо бүтээн байгуулалт хийж байгаа нь чухам үнэн. Тэдний ачаар томоохон төслүүд хэрэгжин, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Харин гадаадын хөрөнгө оруулалт буурахтай зэрэгцэн үндэсний үйлдвэрлэгчдийг луйварддаг зуучлалын компани нэмэгдэх хандлагатай болж байна. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчийг үндэсний үйлдвэрлэгчтэй холбодог зуучлалын компаниуд эдийн засаг муудсан энэ байдлыг ашиглан “мурих”, үндэсний үйлдвэрлэгчдийн дунд үл ойлголцол үүсгэж эхэлжээ. Уг нь гадаадын компаниуд нэг нэгнээ луйвардахад Монгол компаниуд хохирох учиргүй. Өөрөөр хэлбэл Монгол улс луйврын талбар биш гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчид арьс, мах, яс, чөмгөндөө тултал мэдэх учиртай. Тэгтэл зуучлалын компани эх оронд минь дураараа аашлан, гэрээний дагуу үргээ биелүүлэхийг шаардсан үндэсний үйлдвэрлэгчдийг нам дарах бодлого явуулж эхлэх гэж байна. Үүний тулд Монголдоо л чадалтай, туршлагатай гэсэн нэр бүхий “мөнгөнд дуртай” өмгөөлөгчдөөр өөрсдийгөө хүрээлүүлэн луйврын ажлаа үргэлжлүүлэхийг завдаж байна.
Энэ хууль бус үйлдлийг уг нь цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт зэрэг төрийн байгууллагууд мэдээгүй биш мэдэж байгаа. Харагүй биш харж байгаа. Тэгсэн хэрнээ ганц үг ган хийхгүй байгаа юм. Үүнээс болж гадаадын хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн Монгол улсад 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй компани болон түүнтэй гэрээтэй үндэсний үйлдвэрлэгч компаниуд шахагдахад хүрээд байна. Уг нь Монголын улсын газарт нутаг үйл ажиллагаа явуулж байгаа л бол тухайн газар, барилга бүтээн байгуулалт Монголын улсынх байх учиртай. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг Монгол улсад үйл ажиллагаа явуулж л байгаа бол Монголчуудыг хохироож болохгүй гэдгийг гадаадын зуучлагч байгууллагууд анхаарна. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэсэн шиг дураараа аашилж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг зуучлагч компаниудад даруулга хэрэгтэйг Тагнуулын Ерөний газар анхааралдаа авна бизээ.
Бид энэ асуудлаар баримттайгаар цувралаар эргэн мэдээлэх болно.
mmmm · 2017/02/08
yu ch oilgosongui bi suljee ym bolovuu gj bodson
Зочин · 2016/05/20
Тодорхой баримт нотолгоо хэрэгтэй Оюу толгойг удирдагч Хятадад байрлаж Монголыг еренд оруулж байгааг сонссонИйм байж болохгуй.Ер ширийг хеерегдехийг зогсоох хэрэгтэй!
33 · 2016/05/18
Яг юу хэлэх гээд юу бичээд байгааг нь огт ойлгосонгүй