'Францын “Арева” группийн охин компани болох “Кожоговь”-той холбоотой ээдрээтэй мэдээлэл хуучрахгүй нь. Сүүлийн үеийн нэгэн сонирхол татсан мэдээлэл гэвэл энэ сарын 20-дын үеэр Францын Гадаад хэргийн сайд, “Арева” группийн толгой захирлууд манайд айлчлах гэж байна.
 
Тус улсын Гадаад хэргийн сайд эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцож, зөвшилцөх сурагтай. Санал солилцох ч гэж дээ, Засгийн газартай гэрээ хийхээр олон жил дуншиж тал бүрийн эсэргүүцэлтэй тулгараад буй уран олборлох гэрээгээ төгөлдөржүүлэх айлчлал болов уу гэсэн хардлага байна. 
 
Тодруулбал, Дорноговь аймгийн Зүүн- Баян, Улаанбадрах сумын заагт байрлах ураны Дулаан уулын ордыг ашиглах талаар хийх гэрээ юм. Иргэний хөдөлгөөнүүдийн хардаж байгаагаар “Кожоговь” компанийн технологийн горим алдагдсан учраас цацраг идэвхт бодис тархсан.
 
Тийм ч учраас Улаанбадрах сумын мал, иргэдийн эрүүл мэнд аюултай хэвээр байгаа гэж хэлээд байгаа. Үүний үнэн, худал тодрохгүй он дамжин удааширсаар ямартаа ч “Кожоговь”-ийн үйл ажиллагаа урагшилж өгөхгүй байгаа нь үнэн.
 
Тэгэхээр Францын Засгийн газраас Гадаад хэргийн сайдаа төлөөлөл болгон явуулж, энэ асуудлыг шийдэх гэсэн ч байж болох талтай. Энэ олон таамаг зөв, буруу байхаас үл хамаарч нэг л зүйл тодорхой болж байна. 
 
Энэ нь “Арева” групп Монголоос гарна гэдэг нь талаар болж буй хэрэг. Тэд 6-7 жилийн турш гэрийн бууриа зассан бол одоо гэрээ барих гэж байна. Иймээс манай улсын Засгийн газар Улаанбадрах сум, цаашлаад Дорноговь аймгийн иргэдийн эрүүл мэндэд санаа тавьж, гаднын компанийг технологийн дагуу ажиллахад хяналт тавьж ажиллах шаардлагатай нүүр тулав.
 
Учир нь Улаанбадрах суманд учир битүүлгээр нэгэн дор 20 гаруй тугал үхэж, бөгсөн биеэ чирсэн, сохор, эрүүгүй өрөөл татанхай төл малчны хотонд гарах болсныг нутгийн иргэд “Кожоговь”- ийн үйл ажиллагаатай холбон тайлбарладаг. Иймээс тэд өдөр шөнөгүй тэмцэж байгаа билээ.
 
Тэмцлийн үр дүнд “Кожоговь” ХХК үйл ажиллагаагаа жигдрүүлж чадахгүй бухимдалтай байгаа. Долдугаар сарын эхээр нууцхан үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаад иргэдийн жагсаал, эсэргүүцэлтэй тулгарч, арга буюу үйл ажиллагаагаа зогсоосон.
 
Үүнээс хойш 20 гаруй хоногийн дараа Улаанбадрах суманд хурал зохион байгуулсан юм билээ. Уг хуралд компанийн төлөөлөл болон Цөмийн энергийн газрын дарга Тэгшбаяр оролцсон байдаг. Мэдээж хурал ширүүхэн уур амьсгалд өрнөсөн нь тодорхой.
 
Гэтэл “Кожоговь” ХХК-ийн удирдлагууд иргэдэд хандаж “Та нар тэмцээд нэмэргүй, Монгол, Францын Засгийн газар хоорондын шийдвэрлэх асуудал. Энэ хэвээр ажил явуулахад саад болсоор байвал Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгнө” хэмээн дарамталсныг нутгийн иргэд хэлж байгаа юм.
 
Хурал болсноос хагас сарын дараа “Кожоговь” Засгийн газартай хэд хэдэн удаа хэлэлцжээ. Улмаар “Кожоговь”-ийн гүйцэтгэгч компани болох “Ордгео” тухайн газарт өрөм тавьж эхэлсэн. Үүнээс харахад манай Засгийн газар зөвшөөрлийг нь олгосон болох нь харагдаж байна.
 
Түүнчлэн бусад хэвлэлүүд өрмийн тоо даруй 4-5 болж байгаа талаар ч мэдээлж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд өчигдөр “Арева” групп манай төрийн байгууллагынханд нууцхан хурал, сургалт зохион байгуулж эхлэв. Энэ нь “замын чулуу”-гаа арилгаж байгаа нэг хэлбэр гэж харагдахаар байна.
 
Тухайлбал, “Кожоговь”- ийг цээжээрээ ямагт халхалж байдаг Цөмийн энергийн газрынхан, дээр нь БОНХЯ, МХЕГ-ын мэргэжилтнүүдэд сургалт явуулав. Хоёр хоног нууц явуулсан эл сургалтаар “Арева” группийн уран олборлолтын шинэ технологийг танилцуулж байгаа аж.
 
Үүнийг учир мэдэх нэг нь зүгээр л тархи угаалт гэж байна. Энэ бол “Арева”-ийн шилдэг туршлага ч гэх. Учир нь эл сургалтаар төрийн байгууллагынхны толгойг эргүүлж, иргэний нийгмийнхэнтэй хагаралдуулж Засгийн газарт хүч нэмэх гэсэн оролдлого гэж үзэж байна.
 
 
Б.Дэлгэр
 
Эх сурвалж: