Портер нүүрс 500 мянган төгрөгт хүрч магадгүй
2013/09/12
Хүйтний эрч удахгүй чангарна. Нийслэлийн иргэдийн ихэнх нь гэр хороололд амьдардаг. Тиймээс өвлийн улиралд мод, нүүрс ховрын бараа болох нь бий. Тэр хэрээрээ үнэ нь тэнгэрт хадаж, иргэдийг бухимдуулах нь ёс болсон мэт.
Энэ жилийн хувьд нүүрс, модны үнэ өссөн гэнэ. Тухайлбал, нэг шуудай нүүрс 1000-1500 төгрөгөөр, мод 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн гэж иргэд ярьж байна.
Тиймээс энэ талаар газар дээрээс нь сурвалжлахаар “Цайз” захыг зорилоо. Бороо ороод сэрүүн байсан болоод ч тэр үү жижиглэнгээр мод, нүүрс авч буй хүн олон байв. Дээрх иргэд “Нүүрс, модны үнэ жил өнгөрөх тусам тодорхой шалтгаангүйгээр нэмэгдэж байна. Тэглээ гээд яах вэ дээ. Ямар хөлдөж үхэлтэй нь биш. Үнэтэй ч гэсэн хамаагүй худалдаж авч байна” хэмээсэн юм.
“Цайз” захад голдуу хар болон нарс мод худалдаалдаг аж. Энд 8-10 килограммын шуудайтай мод 1500 төгрөг, 20-25 килограммын шуудайтай мод 5000 төгрөгийн үнэтэй байгаа аж. Түүнчлэн налайхын нүүрс нэг портер нь 180 мянган төгрөг, өндөрлөгөөтэй тэвштэй нь 300 мянган төгрөгт хүрчээ. Харин Багануурын нүүрс нэг портер нь 160-280 мянган төгрөг гэж байлаа. Алаг толгойн нүүрсний хувьд нэг портер нь 300 мянган төгрөгийн ханштайгаар худалдаалж байна. Нүүрсний үнэ ямар шалтгааны улмаас нэмэгдсэн талаар нүүрс оруулж ирж зардаг жолооч нараас тодруулсан юм. Тэд “Нүүрс үнэхээр ховор байна. Налайхын уурхайг олноор нь хаасан учир нүүрсээ ачих гэж 2-3 хоног болж байна шүү дээ. Нөгөөтэйгүүр бид нүүрсээ ачих гэж хэд хонохдоо тэнд хоол унд авч иддэг. Бензин шатахуунаас эхлээд зардал их гардаг” гэсэн юм. Тус захын нүүрсний наймаачид “Одоо нүүрсний үнэ хямд байна гэж бодож байна. Хүйтрэх тусам бүр л нэмэгдэнэ. Одоогийн байдлаар Налайхын уурхайн нүүрс таван тонн нь 550 мянгад хүрсэн байгаа. Түлшний үнэ удахгүй нэмэгдэнэ. Тйимээс нэг портер нүүрсний үнэ 400-500 мянган төгрөгт хүрэх магадлалтай” хэмээж байсан юм.
“Цайз” захаас гараад мод, нүүрсний жижиглэнгийн үнэ хэр байгааг асуухаар Баянхошууны эцсийн буудал дээр очлоо. Эцсийн буудал болохоор энд нүүрсийг шуудайлж л зардаг. Энд дунд зэргийн шуудайтай нүүрсийг 3500 төгрөгөөр борлуулж байлаа. Ойролцоогоор 10 орчим килограмм нүүрс байв. Харин ийм хэмжээний шуудайтай модыг 1500 төгрөг, том шуудайтай нарс модыг 7000 мянган төгрөгөөр худалдаалж байгаа аж. Энд нүүрс борлуулж байгаа хүмүүсээс мод, нүүрсний үнэ яагаад нэмэгдсэн талаар асуухад “Уурхайн ам нээгдээгүй байгаа. Бид нүүрс, модоо борлуулахдаа 500-1000 төгрөг нэмж зардаг. Одоо ганц хоёрхон л уурхай ажиллаж байгаа болохоор ийм үнээр зарахаас өөр аргагүй байна. Бид ч бас амьдрах гэж ядаж байгаа хүмүүс” хэмээн дургүйцсэн байдалтай хариулт өгч байсан.
Жилийн өмнө Налайхын нүүрс нэг портер нь 150-200 мянган төгрөг, Алагтолгойн нүүрс нэг портер нь 200-250 мянган төгрөгийн үнэтэй байсан. Мөн Налайх, Алагтолгойн уурхайн нүүрс шуудай нь 1300-1500 төгрөг, шуудайтай мод 1300 төгрөг, том шуудайтай мод 5000 төгрөгөөр худалдаалж байсан. Гэтэл цалин нэмэгдээгүй байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байна.
Тиймээс иргэдээс мод, нүүрсний үнэ нэмэгдсэн нь амьдралд нь хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхсон юм.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Чанцалдулам: НҮҮРС ТҮЛЭХИЙН ТУЛД ХАМАГ МӨНГӨӨ ЗАРЦУУЛАХ НЬ
-Нэг шуудай нүүрс 3500 төгрөг болсон байна. Нүүрс хэрэглэх улам л хэцүү болоод байна шүү. Хамаг мөнгөө нүүрсэнд өгөх нь байна. Айл болгон өдөрт дунджаар хоёр шуудай нүүрс түлж байгаа гээд бодоод үз л дээ. Ялангуяа өвлийн улиралд түүнээс илүү хэрэглэх нь ч бий. “10-ийн уут” шиг жижигхэн шуудайтай нүүрсийг л гэхэд 2500 төгрөгөөр зарж байна шүү дээ. Тэрүүгээр нь нэг л удаа гал түлдэг. Тэгэхээр өдөр хоногоо арай гэж болгож байгаа хүмүүсийн хувьд нүүрс хэрэглэх эрхгүй болж байгаа гэсэн үг.
Баянзүрх дүүргийн иргэн Ц.Амармэнд: ТЭТГЭВРИЙН ХЭДЭН ХӨГШИН НҮҮРСЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА
-Одоо удахгүй цас орж, хүйтэрнэ. Өнөөдрийн байдлаар шуудай нүүрсийг 3000 төгрөгөөр худалдаж авч байна. Жил ирэх бүр нүүрсний үнэ нэмэгдэх юм. Үүнд хяналт тавих арга байдаггүй л юм байх даа. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Үүний хажуугаар нүүрс, модны үнэ ч тэнгэрт тулах нь. Хэд хоногийн өмнө нүүрсний үнийг судалж үзлээ. Налайхын нүүрс портер нь 280 мянган төгрөг гэж байсан. Тэтгэврийн хэдэн хөгшин нүүрсээ авч чадахгүй байна. Өнгөрсөн жилээс эхэлж хорооноос талоноор нүүрс өгч эхэлсэн. Энэ жил дахин өгвөл яаж ийж байгаад тэр нүүрсийг авч хэрэглэсэн нь дээр бололтой.
Сонгинохайрхан дүүргийн иргэн: М.Мягмар: ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ, ЧАНАР НЬ МУУДАЖ БАЙНА
-Манайх жилд дунджаар 2-3 портер нүүрс хэрэглэж байна. Дээрээс нь нэмж халаалт тавьж байна. Худалдаалж байгаа нүүрс тэр бүр гэр дулаахан байлгаж чадахгүй байна. Ер нь юмны үнэ нэмэгдэж, чанар нь муудаад байх юм. Бид чинь зовж байж олсон хэдэн төгрөгөөрөө үнэтэй хэрнээ чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдаж авч байна. Мод, нүүрс гэлтгүй бараа, бүтээгдэхүүний үнэд хяналт тавьдаг баймаар юм. Мод, нүүрсний үнийг хүйтрэхээр л гэнэт нэмэгдчихдэг. Тэгээд дулаарсан ч хамаагүй тэр үнээр нь л зараад байдаг. Энэ бол гэр хорооллын иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болоод байна.
Т.Болорцэцэг