"Монголын үндэсний Кино урлагийн Академи"-с зургаа дахь жилдээ Монголын Академийн Дээд шагнал гардуулах ёслолыг ирэх сарын 04-ний өдөр зохин байгуулахаар товоо зарласан билээ.

Өнөөдөр энэхүү наадмынхаа талаар мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Хэвлэлийн бага хуралд Монголын Үндэсний кино урлагийн академийн тэргүүн, кино найруулагч Б.Цогтбаяр, МУГЗ, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэл, Монголын урчуудын эвлэлийн дарга Б.Төмөрбаатар нар оролцсон юм.

 

Монголын Үндэсний кино урлагийн академийн тэргүүн, кино найруулагч Б.Цогтбаяр "Монголын киноны шилдгийг шалгаруулах Академи авардс-2016 зургаадугаар сарын 03-ны өдөр Их тэнгэр цогцолборт болно. Энэ жилийн наадмын гол онцлог нь кино урлагийн үндсэн дөрвөн мэргэжил болох Монголын зохиолчдын эвлэл, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголын үндэсний кино урлагийн академи хамтран нэлээн удаан ярилцсаны үр дүнд өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн гол зорилго нь наадамд оролцож байгаа уран бүтээлчдийн ур чадварыг улам дээшлүүлэх, мэргэжлийн түвшинг нь нэмэгдүүлэх юм. Манай академийн байгуулагдсан гол чиг зорилго нь Монголын кино урлагийг дэлхийн түвшинд гаргах зорилготой. Бид спортоороо дэлхийн түвшинд гарсан. Гурван сая хүн амтай улс гурван олимпийн аваргатай. Тэгвэл бид өнөөдөр урлагаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээл хийхийг гол зорилгоо болгож байгаа. Үүнд хүрэхэд их ойрхон байна гэж би хардаг. Сайн найруулагч, хөгжмийн зохиолч, зураач, оператор, жүжигчид төрж байна. Өөрөөр хэлбэл, бүтээл олон байх тусам уран бүтээлчид яван чангардаг юм. Үүнтэй адил жилээс жилд наадамд ирж буй уран бүтээлчдийн бүтээлийн хэлбэр агуулга, чанар чансаа, тооны хувьд их өөрчлөлт гарч байгаа нь өмнөх жилүүдэд зохиогдсон наадмын үр дүн.

Энэ онд нийтдээ 40-оод кино нээлтээ хийсэн байна. Эдгээр бүтээлээс 17 гаруй кино "Академи авардс"-д өрсөлдөх болов уу гэж би харж байгаа" хэмээн наадмын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.

Мэргэжлийн байгууллагын хамтарсан багаас шүүгчээ бүрдүүлснээр уг наадам өрсөлдөж буй кино бүтээлүүдийг мэргэжлийн түвшинд шүүх нь энэ хамтын ажиллагааны гол зорилго бөгөөд Мэргэжлийн байгууллагууд санал дүгнэлт гаргах нь цаашдын бүтээлүүдэд ч сайнаар нөлөөлөх эерэг талтай юм.

Үүнээс гадна Академи авардс нь Монголын кино урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдол өгөх томоохон арга хэмжээ болохыг зохион байгуулагчдын зүгээс онцлон тэмдэглэсэн билээ.

 

 

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэл "Монголын Үндэсний кино урлагийн академи жил болгон киночдын шилдгийн шилдгийг шалгаруулдаг. Академийн дэд шагнал буюу "Академи авардс-2106" наадмын шалгаруулалтад Монголын хөгжмийн зохиолчдын хамтарч ажиллахаар болсон. Хамтарч ажиллах байгууллагууд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаараа онцлог болж байна.

Кино урлаг гэдэг нь зөвхөн дан дүрс, жүжиглэх явц биш. Ерөөсөө урлагийн бүх төрлүүд хамтдаа нийлэг урлаг. Тийм учраас хөгжим, жүжиглэлт, дуу, дүрс зэрэг бүхий л зүйл нь хамтдаа байдаг. Иймд мэргэжлийн байгууллагууд хамтран ажилласнаар киноны хөгжил, чанар, монгол киног дэлхийн түвшинд гарахад томоохон түлхэц болж өгнө гэж манай холбооны зүгээс үзэж байгаа юм.

Кинонд хөгжмийн гүйцэтгэх үүрэг асар их бий. 1990-ээд оны үед зах зээл эхэлж байхад хөгжим зөвхөн чимэглэлийн үүрэгтэй байсан. Зөвхөн дуугаар дулдуйцсан киноны төгсгөлд бүтнээр нь нэг дуу явуулдаг. Иймэрхүү киноны нийтлэг хөгжимтэй хэцүү үе гарч ирсэн. Харин хуучин социализмын үед төрөөс дэмжиж, бодлогоор явж байсан. Энэ үед их сайхан киноны хөгжмүүд төрсөн. Тэгвэл одоо эргээд сэргэж, кино хийж буй уран бүтээлчид залуу зохиолчид их сайжирч байгаа нь мэргэжлийн хүний зүгээс харагдаж байгаа. Киноны хөгжмийг нэг дуу, чимэглэлийн хөгжмөөр зогсох биш киноныхоо драмтургийг хөгжмөөр илэрхийлэх, киноныхоо дүрүүдийн сэтгэл, онцлогийг харуулдаг аялгуунууд бий. Тийм хөгжлөөр нэвт гарахыг хөгжмийн хөгжил гэж ярьдаг. Түүгээрээ киногоо их драмтургтай болгож, киноныхоо үйл явдлыг хөгжмөөр зангидаж гаргаж ирэхтэй. Үүн дээр манай киноны хөгжмийн зохиолчид их ажиллаж байгаа нь бүтээлээс нь ажиглагдсан. Энэ жилийн академи авардс их өрсөлдөөнтэй, сайхан болно гэж бодож байна" гэлээ.

 

МУГЗ, кино найруулагч Г.Жигжидсүрэн "Монголын шилдэг кино шалгаруулах ёслолд өмнөх жилүүдийнхээсээ онцлог зүйлүүд байна. Нэгдүгээрт, Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн Б.Цогтбаярын хэлсэнчлэн дөрвөн мэргэжлийн байгууллага хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Цаашдаа уламжлал болон явагдана. Өөрөөр хэлбэл, кино бол нийлмэл урлаг учраас мэргэжлийн дөрвөн холбоо хамтарч ажиллах үндэс тавигдаж байгаа юм.

Хоёрдугаарт, Сүүлийн үед хийгдэж байгаа бүтээлүүдийн тооны хувьд өсч яваа. Харин нөгөө талаас чанар чансаа, чадлын хувьд сайжирч буй нь олон удаагийн наадмын үйл ажиллагаанаас ажиллагдаж байгаа. Энэ нь сүүлийн үеийн залуу уран бүтээлчид гадаадад янз бүрийн мэргэжлийг эзэмшин гарч ирж байгаа нь сайшаалтай. Үүнд ахмад уран бүтээлчийн хувьд би их баярлаж яваа. Энэ нь өөр өөр арга барилтай, өнгөтэй, өөр өөр мэдрэмжтэй байна гэдэг нь их авууштай тал. Алийн болгон өөр өөрсдийн шүүсэнд буцлах уу?. Төгсөж ирсэн залуус маань хамтарч ажиллах, санаа нийлэн нэгтэж ажиллан баг болж байгаа нь ажиглагдсан" хэмээв.