​Иргэний нисэхийн ерөн­хий газрын дарга С.Батмөнхийг Авлигатай тэм­цэх газ­раас шалгаж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Түүнийг ИНЕГ-ын даргаар ажиллаж байх үедээ тендер сонгон шалгаруулалт хийх явцад ашиг сонирхлын зөрчил гаргаж танил талдаа давуу эрх олгосон, байгууллагад хэрэгцээтэй томоохон багаж төхөөрөмж, тавилга эд зүйлсийг худалдан авахдаа мөн хууль зөрчсөн хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа юм байна.

Tухайлбал, өнгөрөгч зун С.Батмөнх нь ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Батжаргалтай бүлэглэн албан тушаалаа ашиглаж хууль бус үйлдэл зохион байгуулсан хэргээс мултраад бай­сан юм.

Энэхүү хэргийг тод­руулбал, С.Батмөнх ИНЕГ-ын дар­гаар ажиллаж байхдаа бай­гууллагадаа ёс­лол хүн­дэтгэлийн, сийлбэр­тэй, иж бүрэн тавилгатай зур­гаан ханатай монгол гэр нийлүүлэх тендерийн материалыг хуурамчаар бүрдүүлсэн байна. Улмаар “Анар тех” ХХК-ийн дансаар тендерийн 30 сая төгрөгийг гаргуулан авчээ. Түүнчлэн ИНЕГ-т мужааны дөрвөн орон тоо гаргаж, В.Төгсжаргал, Д.Бямбажав, Ш.Мөнхбат, Г.Батбаяр гэх хүмүүсийг ажилд авч цалинжуулан тус газрын мужаан цехийн байр, цахилгаан, тоног төхөөрөмжийг ашиглан иж бүрэн сийлбэртэй гэр хийлгэж, түүнийгээ хувьдаа авч зарж борлуулсан байна. Түүгээр ч зогсохгүй сийлбэрч В.Төгсжаргалд хууль бусаар орон сууцны хөнгөлөлт үзүүлж, ёслол хүндэтгэлийн өргөөг хийж байсан дөрвөн хүнд сар бүр 300 мянган төгрөгийн урамшууллыг цалин дээр нь нэмж олгож байсан байх юм. 30 сая төгрөгийн өртөг бүхий хуурамч тендерийн нэрээр иж бүрэн сийлбэртэй гэр дөрвийг хийлгэсэн байна. Дөрвөн гэрийн нэгийг нь 30 сая төгрөгөөр зарсан, нөгөөг нь ИНЕГ-ын Санхүү хэлтсийн дарга Г.Наранцэцэгийг “Алтан гадас” одон авахад нь бэлэглэсэн байна. Үлдсэн хоёр гэрийг нь С.Батмөнх, Т.Батжаргал нар өөрсдөө авч Хүй долоон худаг, Майхан толгойд бариулж, тансагласан байна.

Энэ бол шинээр үүсгэсэн хэргүүдийнх нь дөнгөж нэг нь. АТГ-ынхан түүний үйлдсэн байж болох бас нэгэн хэргийн сэжүүрээс атгасан байна. Тодруулбал, С.Батмөнх нь ИНЕГ-ын даргаар ажиллаж байхдаа 2011-2012 оны хичээлийн жилд нисгэгч, агаарын хөлгийн инженер зэрэг таван мэргэжлээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуульд оюутан элсүүлэх зар тараажээ. Эцэг эхчүүд ч ИНЕГ-тай гэрээ хийж, хүүхдүүдээ АНУ, ОХУ, Канад зэрэг улсад сургаж эхэлсэн байна. Хүүхдүүдийн суралцах хугацаанд сургалтын төлбөр, байр, хоол унд, даатгал зэрэг бүхий л зардлыг ИНЕГ-аас дааж байжээ. Гэтэл өнгөрөгч хавраас эхлэн гэрээний заалт зөрчигдөж, сургалтын зардал, байрны төлбөр нь төлөгдөхөө больж, оюутнууд гудамжинд гарах дээрээ тулаад байгаа ажээ. ИНЕГ-ын одоогийн удирдлагууд энэ тухай мэдэж, арга хэмжээ авч эхлээд байгаа гэнэ. Харин С.Батмөнхийг зуучлагч байгууллагатай хуурамч гэрээ байгуулж, байгууллагын эд хөрөнгийг завшсан байж болзошгүй гэж үзэж шалгаж эхэлжээ. Шалгалтаар ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нь төсвийн хөрөнгийг Канад улсад байрлах Хойд Америкийн боловсролын нийгэмлэг гэх “Сабо” институттай гэрээ байгуулсан гэх нэрийдлээр оюутнуудыг сургах гэрээ байгуулсан нь төсвийг хэтрүүлж, ИНЕГ-т онц их хэмжээний хохирол учруулсан байж магадгүй ажээ. Түүнчлэн “Сабо” байгууллагатай хийсэн гэрээний төсөв нь хэдэн тэрбум төгрөгөөр хэтрээд байгаа бөгөөд суралцаж буй оюутнууд нь сургуультайгаа гэрээ хийсэн эсэх, ямар зардлаар сурч байгаа нь нотлох баримтгүй, “Сабо” байгууллагаас ямар нэгэн мэдээлэл өгдөггүй гэнэ. “Сабо” гэх нийгэмлэг байдаг эсэх нь тодорхойгүй атал ерөнхийлөгч Ж.Гордон, тус нийгэмлэгийн Ази тивийг хариуцсан менежер гэх Б.Батжаргал нартай гэрээ хийж, сургалтын төлбөр болон бусад тооцоог хийхээр гэрээ байгуулсан байна. Энэ нийгэмлэгийг хуурамчаар байгуулж, төсвийн мөнгийг их хэмжээгээр завшсан байж магадгүй гэж үзэж байгаа юм байна.

Мөнгө угаасан байж болзошгүй энэ мэт хэргүүдийн сэжүүр гарсан тул хэд хэдэн хүнийг түүний хамсаатнаар сэжиглэн шалгаж эхэлсэн байна. С.Батмөнхийг өмнө нь тендерийн асуудлаар АТГ-т хэд хэдэн удаа шалгаж байсан боловч удаа дараа хэрэгсэхгүй болгож байсан юм. 

 

Б.Оюунгэрэл