Ц.Баярсайхан сайдад ганцхан том даалгавар өгье
2013/02/24
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан чимээгүйхэн ажлаа хийсээр хагас жилийн хугацааг үдэв.
Харин тэрбээр саяхан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммертай уулзах үеэрээ хот төлөвлөлтийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоно гэдгээ хэлжээ. Яг энэ амлалтыг Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын үед тус салбарын сайд асан Ж.Наранцацралт амлаж байсан. Хот байгуулалт, төлөвлөлттэй холбоотой хуулийн төслүүдийг ч батлуулж амжсан. Гэвч хэрэгжилтийн ажил нь хангалтгүй хэвээр байна. Тухайлбал Архангай аймгийн зарим суманд алдарт “40 мянган орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “ёотон” шиг барилгууд энд тэнд барьчихсан байсан. Гэхдээ зэрэгцүүлээд бус зэлүүд газарт, хаа нэгтээ барьсан байгаа юм. Тэнд нь сургууль, цэцэрлэг байтугай дэлгүүр, ТҮЦ ч байхгүй. Зам харгуйгаас нэн хол. Цахилгаан, интернэт бол бүр ч холын мөрөөдөл.
Ерөөсөө нөхөн үржихүйн ажил хийхээс өөр юу ч хийж цаг нөгцөөх аргагүй тийм л байшин бариад орхичихсон байв. Тэгээд “Уг байранд лизингээр сууж болно” гэсэн зар түгээсэн ч хэн ч сонирхдоггүй гэнэ. Гэхдээ уг байшин “40 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдсан гэж байгаа юм. Ийм байдлаар орон сууцжуулбал хэн ч тэр байшинд амьдрахгүй. Хүн, хүнээ бараадаж амьдрах учир зээлийн байшинд амьдрахын тулд зэлүүд газарт хүмүүсийн харилцаанаас холдож, хэрэглээнээсээ татгалзахыг хэн ч хүсэхгүй. Тэгэхээр энэ алдааг юуны өмнө засах хэрэгтэй.
Өнөөдөр төлөвлөлтийг сааруулах бодлогыг Засгийн газраас гадна Азийн хөгжлийн банк, бусад хандивлагчид дэмжиж буй. Энэ нь цаагуураа эдийн засгийн болон нийгмийн олон талт эерэг нөлөөтэй юм. Тухайлбал Азийн хөгжлийн банкнаас 2014-2016 онд Засгийн газартай хамтарч ажиллах бизнес төлөвлөгөөгөө Барилга, хот байгуулалтын сайдад танилцуулаад “Хүн амын төвлөрлийг сааруулахад туслалцаа үзүүлэхэд бид бэлэн. Энэ чиглэлээр Монгол Улсад 150-200 сая ам.долларын санхүүжилт өгөх боломжтой. Зээлийн хүү нь ердөө л 0,7 хувийн хүүтэй аж. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг зөв зарцуулбал шийдэж чадахгүй байсаар ирсэн асуудлууддаа цэг тавьж элбэг хүрэлцэнэ. Дэд бүтцийн хувьд орон нутагт автозам тавих төслүүдийг Засгийн газрын төвшинд хэлэлцэн ажил хэрэг болгож эхлээд байгаа. Тэр тусмаа 1,5 тэрбум ам.долларын бондоос Дорнод, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын төвийг нийслэлтэй холбох 1347 км автозамын ажлыг санхүүжүүлэхээр болсон нь ч үүнд томоохон түлхэц үзүүлэх учиртай.
Тиймээс ч Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер “Барилга, хот байгуулалтын салбар бол Монгол Улсын тэргүүлэх салбар гэж ойлгодог” хэмээгээд төвлөрлийг сааруулах чиглэлээр шинэчлэлийн Засгийн газрын хийх ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тэгэхээр Засгийн газар, хандивлагч орнууд Ц.Баярсайхан сайдын хийх ажилд том дэмжлэг үзүүлэх нь. Дээр нь УИХ-аас аймгуудын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажилд энэ онд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй барилгын хөрөнгө оруулагчид, захиалагчид, барилгын компаниуд “Барилга-бүтээн байгуулалт-хөгжил” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болсон байна. Ийнхүү хөрөнгө хүч төвлөрүүлсэн, хууль, эрх зүйн орчноо шинэчилсэн нөхцөл байдалд тус салбарынхан их бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэхээр болж байна.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд энэ таатай нөхцөлд ганцхан том даалгавар өгөх хэрэгтэй болов уу гэж бодогдоно. Энэ бол дээрх бүх боломжийг зөв ашиглан төвлөрлийг сааруулахад тодорхой ахиц гаргасан байх үүрэг юм. Мөн шинэчлэлийн Засгийн газар ч үүнд түлхэц өгч орон нутагт ажиллах томилолт авч байгаа нарийн мэргэжлийн эмч, багш, ажилтнуудад онцгой хөнгөлөлт олгох арга замыг эрэлхийлж болохоор байна.
Бүс нутгийн ялгавартай байдлаар нь болон аймгийн төвд, суманд ажиллаж буй төрийн албан хаагчид, малчдын амьдралд томоохон бөгөөд чанартай баталгаа өгч чадвал төвлөрөл саарахад хангалттай нөлөө үзүүлнэ. Энэ нь цаагуураа эдийн засгийн томоохон үр нөлөөтэй юм. Нийслэлийн газар зохион байгуулалт талаасаа ч, орон нутгийн хот төлөвлөлтийн асуудалд ч алсын хараатай энэ бодлогыг төсөв, санхүүгийн чадамжтай байгаа энэ цаг үед л хийж авах нь хамгийн зөв болно. Энэ даалгаврыг л амжилттай биелүүлж чадвал Ц.Баярсайханыг үүргээ сайн биелүүллээ гэж үзэж болох юм. Харин одоо түүнд үе үеийн Засгийн газарт бурууг чихэж зовлон тоочих бус алдааг засаж залруулаад ахиц гаргах шаардлагыг л тавих ёстой. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд чимээгүй байсан шигээ дөрвөн жилийн дараа яг өнөөдрийн ярьж буйгаа яриад зорилго болгоод сууж байх вий.
Засгийн газраас гадна Монголбанк Барилга, хот байгуулалтын яамтай хамтран Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг баталсан. Энэхүү дэд хөтөлбөр нь орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн уялдааг хангах замаар орон сууцны болон түүний түрээсийн үнийг тогтвортой байлгах, мөн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын үйлдвэрүүдийг эргэлтийн хөрөнгөөр дэмжиж, шинэ технологи нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлэхэд 370 тэрбум төгрөгийн, моргейжийн зээлийг санхүүжүүлэхэд 800 орчим тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр санамж бичигт дурьджээ. Мөн моргейжийн зээлийг зөвхөн Төрийн банкаар бус бусад арилжааны банкуудаар дамжуулан олгох, эрх зүйн зарим баримт бичгийг шинэчлэх, бага, дунд орлоготой иргэд, зорилтот бусад бүлэгт моргейжийг хүргэх талаар тодорхой хөтөлбөр зарлахаар болсон. Тэгэхээр орон сууцны болон барилгын материалын үнийн талаар санаа зовнидог үе үеийн салбарын сайд нарын “толгойны өвчин”-ийг Монголбанк бага ч гэсэн хэмжээгээр хугаслаж өгсөн хэрэг. Энэ талаар Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороо хүртэл ажилласан гээд бодохоор Барилга, хот байгуулалтын сайд тулгамдсан асуудлууд, ачааллаа цор ганцаараа үүрэх бус багаараа шийдэх болж байгаагаараа давуу талтай. Харин одоо тэрбээр энэ бүхний хариуг барьж төвлөрлийг сааруулах чиглэлээр “хувьсгал” хийх үүргээ нэр төртэй гүйцэтгэх хэрэгтэй байна.
nviycdijnsw · 2013/04/13
1ZuPnA qkbtkniuicwl
ihtjukot · 2013/04/11
9vd1rf owlopkhwwumb
Gatisha · 2013/04/11
Fidinng this post. Its just a big piece of luck f me.