Нэгэн хөрөнгө оруулалтын олон улсын чуулган дээр гадны оролцогчид “Монголын баялгийг улсынхаа хөгжил, эдийн засгийн хөдөлгүүр байна” гэж ам нэгтэй дуугарч байсныг санаж байна.

Тэд Монголын уул уурхайн салбарыг ийнхүү өөдрөгөөр төсөөлж байсан цаг жилийн өмнөх явдал. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт буураагүй, 100 гаруй уул уурхайн компани зогсоогүй байсан үе юм. Харин жилийн дотор энэ салбарт олон зүйл өөрчлөгдөв. Ингэхдээ ихэвчлэн улстөрийн бодлогогүй шийдвэрт боомилуулж байв.

Шүүхийн алханд “цохиулсан” 106 лиценз

Уул уурхайгаас хамаараад Монгол руу орж ирэх мөнгөний урсгал татрахтай зэрэгцэн  энэ салбарт “хөдөлж” байсан 20 гаруй уурхай хаалгаа барилаа. Шийдвэр гаргачдын боловсруулсан хуулиас болж гадныхан манайхтай хамтрахгүй гэдгээ онцолж, Монголд төсөвлөж байсан “ногоон”-оо хумиж эхэлсэн юм. Манайд чанартай зам дурайж, барилга босч, орон сууц сүндэрлүүлэх хөрөнгө ийнхүү хууль санаачлагчдын балгаар гацсан. Үүний нэг тод жишээ шүүхийн шийдвэрээр ажлаа зогсоосон уул уурхайн компаниудын 80 гаруй тэрбум төгрөгийн гадны хөрөнгө оруулалт. Баянгол дүүргийн шүүхээс  “Хууль бусаар олгосон” гэсэн шалтгаанаар уул уурхайн 106 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм. Энэ нь мөн л нэгэн цагт төрийн байгууллагын удирдлага хийж явсан хүмүүстэй холбоотой аж. Ашигт малтмал, Кадастрын газрын дарга асан нартай холбоотой эрүүгийн хэрэг төсвийн нэг хэсгийг бүрдүүлж байсан 20 гаруй уул уурхайн компанийг “хөлдөө чирсэн” юм. Энэ талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа “Энэ асуудал Ашигт малтмал, Кадастрын газрын дарга асан нартай холбоотой эрүүгийн хэрэг. Гэтэл шүүх үүнд “Хохирогч тал байна уу, гэрчүүд байгаа эсэхийг” судлахгүйгээр шүүхийн эцсийн шийдвэрийг гаргасан. Нэг ёсондоо зөвшөөрлөө хүчингүй болгосон 24 аж ахуй нэгж, байгууллага гэрч шүү. Гэтэл шүүх гурван шатны хурлаар орох тэднийг оролцуулахгүйгээр зөвхөн шинжээчдийн дүгнэлтэд үндэслж гаргасан. Шүүх энэ хэргийг тал бүрээс нь нягтлан нотлон судалж шийдвэр гаргах ёстой байсан. Үүссэн асуудалд хохирсон хохирогчдын асуудлыг бодоогүй. Тиймээс шүүхийн шийдвэр оновчгүй болсон” хэмээсэн. Харин одоо шүүхийн шийдвэрээс болж алт, төмөр, нүүрс зэрэг 20 гаруй уурхайн ажил “царцаж” гаднаас орж ирэх 30 гаруй тэрбум ам.доллар “нутаг буцжээ”. Мөн тэдэнд аль хэдийнэ итгэж илгээсэн гадныхны 10 гаруй тэрбум “ногоон” үр шимээ өгөхийн даваан дээр ийн  шүүхийн шийдвэрээс болж салхинд хийсч байна. “Хаалгаа бариулсан” 24 компанийн ихэнх нь алтны уурхай аж. Харин сүүлийн саруудад Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурч байгааг албаныхан хэлсэн. Энэ нь мөн л Монголын орлого саарч байна гэсэн үг. Тухайлбал, 2010 онд Монголбанкинд  2.1, өнгөрсөн онд 1.5 тонн алт тушаасан бол энэ онд нэг тоннд хүрэхгүйг Төвбанкинд тушаагаад байна.


Урт нэртэй хуулиар уландаа гишгэсэн 346 лиценз

Төрөөс уул уурхайн компаниудыг “саасан” хуулиудын залгамж халааг Урт нэртэй хууль гэдэг. Алтны гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг залгамжлаж гарсан хууль бол урт нэртэй хууль. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг санаачилснаар хайгуул, олборлолтын 1400 гаруй лицензийг заналхийж эхэлсэн. Олон нийтийн “урт нэртэй” хэмээн нэрлэж заншсан энэ хуулийн дагуу нүүрс, төмрийн хүдэр, алтны ашиглалт болон хайгуулын 1400 лицензийн талбайн хил зааг,  үйл ажиллагаа явуулахыг хориглосон бүс  тогтоож тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлж нөхөн төлбөр өгөх тухай ярьж эхэлсэн юм. Үүний сургаар мөн л гаднаас ирэх мөнгөний урсгал татарсан.  Дээрх лицензийн 400 орчим нь ашиглалтынх, 243 алтных юм.  Энэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хийсэн судалгаагаар хайгуулын компаниуд зөвхөн 2009 онд гэхэд 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн зарим жилд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан удаа ч бий. Тэгэхээр уг  хуулиар хориглосон талбайд урд өмнө нь оруулсан хөрөнгийн хэмжээ асар их гарах нь тодорхой. Өнөөдөр хуульд заасан хориглолтын бүсэд багтаж лиценз нь хүчингүй болсон компаниудад төр 60 орчим тэрбум ам.долларын нөхөн төлбөр өгөх тооцоо гараад буй. Гэхдээ өгч эхлээгүй байна. Урт нэртэй хуулиар хориглосон бүсэд орсон ашиглалтын лицензийн 31 нь нүүрсний уурхайнх гэдэг. Гэтэл  эрчим хүчний салбарын нүүрс олборлогчийн нэг Шарын голын уурхайн лицензийн талбай бүхлээрээ урт нэртэй хуулиар хориглосон бүсэд орсон юм. Нүүрсний бусад лицензийн талбайн зарим хэсэг нь хориотой бүсэд хамрагджээ. Харин энэ хуулийн хөлд үрэгдсэн лицензүүдэд салбарын яам нааштай хариу барих гэж байгаа сураг байна. Ирэх долоо хоногт болох ээлжит бус чуулганаар урт нэртэй хуулийн хэрэгжилтийн журмын өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж батална. Ингэхдээ төр, хувийн хэвшил, орон нутгийн талуудын зөвшилцлийн хүрээнд энэ шинэ журмыг эхлүүлэх юм байна. Шинэ шийдвэр дагуулсан урт нэртэй хууль ирэх өдрүүдэд хэр үр дүн, өгөөжөө өгөхийг харах үлдлээ.   

Э.Солонго