Кёкүтэнхо Нямжавын Цэвэгнямын зодог тайлах албан ёсны ёслол өчигдөр буюу тавдугаар сарын 29-нд Токио хотын “Рёогокү” дахь сумогийн төв өргөөнд болж 8 мянга гаруй хүн оролцсон байна.

 

Түүний зодог тайлах ёслолд гэр бүл, сумочид, найз нөхөд, спорт, урлаг соёлын зэрэг 420 хүн дэвжээнд гарч ирж Кёкүтэнхогийн гэзэгт нь гар хүрлээ.

 

Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээ рүү монгол хөвгүүдийг зорих зам мөрийг анхлан гарсан “Алтан хараацай”-нуудын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням 2016 оны тавдугаар сарын Нагоя башёгийн дараа их сумо бөхөөс зодог тайлна гэж зарлаад байсан юм.

 

Сумо бөхийн дэвжээнд 24 жил барилдаж, дээд зиндааны 99 башёд хүч үзсэн хосгүй амжилтын эзэн Н.Цэвэгнямын түүхийг эргэн сөхвөл, 1992 оны хоёрдугаар сард тэр үеийн “Оошима” дэвжээнд Н.Цэвэгням, Д.Батбаяр ,Б.Энхбат ,Ц.Батжаргал, Түмэндэмбэрэл Мөнхболд гэсэн 15-16 насны зургаан хөвгүүн сумо бөхөөр хичээлэхээр орчуулагч Цэвээнсүрэн гуайн хамтаар анх Япон оронд хөл тавьсан. Улмаар мөн оны гуравдугаар сарын Осака башёд анх Монголын бөх зодоглож тэр үеэс сумогийн ертөнц дэх Монголчуудын замналыг эхлүүлсэн түүхтэй. Тэд эх орон, элгэн садан, эх эцгээс хол түүний дээр цаг агаар, хэл, соёл, зан заншлаас эхлээд огт өөр ертөнцөд ороод балмагдаж, халширч бэрхшээж, мөн ар гэрийн амьдралаас шалтгаалж дөрвөн хөвгүүн нутаг буцсан бол багш Оошима, ухаант анд нөхөр Б.Энхбатын ятгалга зүтгэлээр Н.Цэвэгням, Д.Батбаяр барилдахаар үлдсэн тэр цагаас хойш 24 жил улиран оджээ.

 

Кёкшюүзан Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням хоёр Асашёорюү Д.Дагвадорж, Харүмафүжи Д.Бямбадорж, Хакүхо М.Даваажаргал, Какурюү М.Анандаас эхлээд үе үеийн Их аваргуудыг араасаа дагуулж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн гавьяатнууд яах аргагүй мөн. Кёкүтэнхо Н.Цэвэгням 38 настайдаа 2012 оны тавдугаар сарын башёгийн Макүүчид буюу дээд зиндаанд анх удаа түрүүлсэн амжилтаараа Эзэн хааны цом хүртсэн хамгийн ахмад сумоч хэмээх дээд амжилтын эзэн болсон билээ. Тэрбээр мэргэжлийн сумод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны 11 дүгээр сард дээд зиндаанд дэвшин барилдсан. 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас буулгүй тасралтгүй барилдсан зэрэг олон дээд амжилтыг тогтоосон юм.

 

Д.Өлзий