Төрийн тусгай хамгаалалтын бүс буюу Төрийн ордоны хойд хэсэгт буун дуу гарсантай холбоотойгоор ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа А.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ: “Өнөөдөр өглөө 10:30 цагт  “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр болон тус холбооны гишүүд  байлдааны тэсрэх бөмбөг, гал зэвсэгтэйгээр Төрийн ордоны хойд цэцэрлэгээр орж иржээ.  Энэ үеэр олон нийтэд аюултай байдлаар хүч хэрэглэхийг завдсан, төрийн албан хаагчийг эсэргүүцсэн, амь насанд нь халдахыг завдсан. Энэ үйлдлийг тагнуулийн байгууллага цаг алдалгүй зогсоосон. Одоо холбогдох байгууллагуудтай хамтран болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажиллагаануудыг хийж байна.  Энэ асуудалд   хэд хэдэн хүнийг баривчлаг эрүүгийн хэрэг  үүсгэн шалгаж байгаа бөгөөд одоогоор энэ хэргийн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. Энэ хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177, 91  гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Эскиз маркийн буу нэг ширхэг, сайга маркийн буу нэг ширхэг, 7.62мм-ийн бууны сум 46 ширхэг, F1RGD маркийн гар гранат 9  ширхэгийг  хураан аваад байна.  Гэмт үйлдлийг таслан зогсоох үед буун дуу гарсан.  Энэ үед хүний амь эрдсэн, гэмтсэн  асуудал гараагүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гал үндэстэн” холбоо өмнө нь хэд хэдэн удаа нийгмийн хэв журмыг зөрчиж байсан. Иргэдийн өмч хөрөнгөд халдаж байсан асуудал гаргаж байсан бөгөөд тухай бүрт нь, тухайлбал Ц.Мөнхбаярт сэрэмжлүүлэг өгч байсан удаатай.” Гэв. 

Харин Централ товер болон БОНХЯамны байраас олдсон тэсрэх бөмбөг олдсон нь энэ хэрэгтэй хамаатай эсэхийг одоогийн байдлаар шалгаж байгаа бөгөөд дээрхи хэргийн дэлгэрэнгүйг маргааш хүргэх юм байна.  















 

 

 

А.Баярмаа