Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
2013/09/16
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Засгийн газраас санаачлан боловсруулсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг анх 2001 онд баталснаас хойш уг хуульд дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын үзэл санаа, үндсэн зарчимд нийцүүлэн уг хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий болсон байна. Тухайлахад уг хуулийн зохицуулалт нь соёлын өвийг бүрэн хамгаалах шаардлагыг хангаж чадаагүйгээс эртний булш, хиргисүүрийг шунахайн зорилгоор ухаж сүйтгэх, тонон дээрэмдэх, музей, сүм хийдийн үзмэр, эд зүйлсийг хулгайлах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зэрэг зөрчил нэмэгдсээр байгаа аж. Түүнчлэн соёлын өвийг үрэгдүүлж устгасан этгээдэд хүлээлгэх хариуцлага, хяналтын тогтолцоо сул, биет бус өвийг өвлөн уламжлагчийн үнэлэмж доогуур, төрийн дэмжлэг туслалцаа дутмаг байгааг өөрчилж, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулснаа салбарын сайд хэллээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 13 бүлэг, 59 зүйлтэй юм байна.