УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг АН, МАН, МАХН, "Тусгаар Тогтнол, Эв нэгдэл" эвсэл, "Эх орончдын Нэгдсэн эвсэл" зэрэг улс төрийн нам, эвслүүд албан ёсоор тодруулаад байна.

 

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид дунд дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүдочин Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Баянмөнх аваргын охин зэрэг олон хачирхалтай хүн байгаагаас гадна УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт намаасаа мандат авсан нь олны гайхлыг төрүүлсэн билээ. Учир нь АН-ын дарга З.Энхболд удаа дараа телевизид өгсөн ярилцлагадаа АН оффшор данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй. УИХ-д нэр дэвших гэж байгаа хүмүүс оффшор бүсээс хол байх хэрэгтэй. АН зарчим барьж, тэднийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй, МАН яахыг мэдэхгүй. АН л лав С.Баярцогтыг УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж байсан юм. Харамсалтай нь Баасан гараг буюу 5 сарын 27-ы орой АН-ын ҮЗХ-ы шийдвэр гарч, С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон.

 

Энэ шийдвэрийг АН-ын дарга З.Энхболд "С.Баярцогтын асуудал дэлгэгдээд 3 жил орчим болж, удсан тул УИХ-д нэр дэвшүүлэхээр боллоо" гэж тайлбарласан билээ. Гэсэн ч хөшигний ард өөр үйл явдал өрнөжээ. АН-ын ҮЗХ-ы хурлын өмнө Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахыг дэмжиж санал өгсөн болон хуралд оролцоогүй УИХ-ын гишүүдийг АН-аас хөөх ёстой гэсэн дүгнэлтийг тус намын Хяналтын Хороо гаргасан байна.

 

Уг хороо нь Н.Алтанхуягийн мэдэлд байдаг аж. Мэдээж Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахыг дэмжиж санал өгсөн болон хуралд оролцоогүй УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь АН-ын дарга З.Энхболдын талынхан тул уг асуудлыг шийдэх бололцоогүй. Тэгвэл "Алтангадас" фракцийнхан АН-ын Хяналтын хорооны тавьсан асуудлыг шийдэхгүй бол таныг огцруулах асуудлыг ҮЗХ-оор хэлэлцүүлнэ гэж шахжээ. Буулт хийхээс өөр аргагүй болсон З.Энхболд хариуд нь С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх байр сууринаасаа ухарчээ.

 

Ийнхүү манай нам оффшор данстангуудыг нэр дэвшүүлээгүй, харин МАН-ынхан дүүрэн оффшор данстай улс төрчдийг УИХ-д өрсөлдүүлж байна гэж давшихаар бэлтгэж байсан АН-ын пиар төлөвлөгөө ч нуран унажээ.

 

П.Мандах

 

sonin.mn