Жагсаал цуглаан хийгчид Төрийн ордон руу улаан лооль шидэж, будаг цацаж, гороолдог цаг өнгөрчээ. Сүүлдээ нум сум харваж, салаавч гаргаж, буугаар бууддаг болсон байна.

Цагдаа, хамгаалалтын ажилт­нууд амжиж баривчлаагүй бол гранат ч шидэхээр бэлтгэж байсан бололтой юм. “Гал үндэстэн” холбоо тэргүүтэй төрийн бус бай­гууллагынхан тайван жаг­саал хийхээр тохирч, өчиг­дөр Төрийн ордны арын цэцэрлэгт цугларчээ. Жагсагчид цугласны дараа “Гал үндэстэн” холбооныхон гэнэт алга болцгоон, хэсэг хугацааны дараа эргэж ирэх­дээ буу үүрчихсэн ирсэн гэж “Нэгдсэн Монгол” хө-дөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр хэлж байна. “Гал үн­дэс­тэн” холбооныхны хууль зөрчсөн, олон ний­тийг цочирдуулсан ийм үйлдэл өмнө нь гарч байв. Ту­хайлбал, өнгөрөгч онд тус хөдөл­гөөнийхөн болох 50 гаруй морьтон Төрийн ордныг го-роолж, ордны баруун талаас нум сумаар харваж байв.

Тэргүүн Ц.Мөнхбаяр нь “Ордны ганц хоёр цонх хагаллаа гээд яадаг юм бэ” гээд зогсож байсан. Тэд уул уурхайн компанийнхан уул ус газар нутгийг сүйтгэж байна хэмээн эсэргүүцдэг. Тиймдээ ч Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг батлуулахын төлөө тэмцдэг. Харин Засгийн газар уг хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулж, эдийн засгийг дэмжихэд хувь нэмрээ оруулах шаардлагатай гэж үзсэн нь “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт таалагдаагүй бололтой.  Яг ийм шалтгаанаар уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байв. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Түнхэл тосгонд алт олборлож байсан “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан. Энэ хэргээс улбаалан Ц.Мөнхбаяр, С.Самбуу, Н.Баярмаа, Н.Батбаатар нарын дөрвөн хүнийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж, Эрүүгийн  хуулийн ангийн 153,2-т зааснаар бусдын эд зүйлд халдсан, буу зэвсэг хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж байв. Мөн Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян-Улаан сумын заагт үйл ажиллагаа явуулж байсан “Гурван тамга” компанийн усан бууны генераторыг буудан, цагдаагийнханд баривчлагдан саатуулагдаж байв. Тухайн үед энэ үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон билээ.

Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 13.1.6-д  энэ хуулийн 11.2.1-д заасныг зөрчиж тэсэрч дэлбэрэх, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах хордуулах, мансууруулах болон цацраг идэвхт бодис, зэвсэг хэрэглэл авч орсон буюу орохыг завдсан албан тушаалтан иргэнийг 20-50 мянган төгрөгөөр торгож, эд зүйлийг нь хураахаар заасан байдаг. Харин Төрийн ордон руу буудсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхийг хуульд дурьдаагүй байна. Тиймээс Ц.Мөнхбаярт олон нийтийн газар танхайрсан үндэслэлээр хэрэг үүсгэх нь тодорхой.

Анх “Онги гол” хөдөлгөөнийг санаачилж байсан Ц.Мөнхбаяр гэж хэн бэ. Тэрбээр анх 1990-ээд оны дундуур Дундговь аймгийн “Ардчилсан холбоо” эвслийн штабт ажилд орсон нэгэн.  Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах, ардчиллын төлөө тэмцэх зөв үзэл бодолтой залуу гэж үнэлэгдэж байжээ. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат энэ эр агротехникч мэргэжилтэй бөгөөд сумынхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар хоёр жил ажилласнаар зогсохгүй аймгийн ИТХ-д сонгогдож ажиллаж байсан нэгэн. Гадна, дотны төсөл хөтөлбөр олж сум, орон нутагтаа хэрэгжүүлэх ажилд идэвхийлдэг, иргэдийн төлөө дуугардаг, хэнээс ч айхгүйгээр үгээ хэлдэг байжээ. Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлзүйн дээд курсийг төгсөж, сумандаа телевиз байгуулж байсан гэнэ. Ингэж ажиллаж байхдаа говь нутгийн амин судас болсон Онги голыг аврах хөдөлгөөнийг санаачилж, төрийн бус байгууллага байгуулсан байна. Аливаа асуудлыг хэлэлцэхдээ хурцдуулах гээд байдаг муу талтай гэж түүнийг таньж мэдэх хүмүүс хэлдэг юм билээ. Онги голыг хамгаалах нэрээр Байгаль орчны яамнаас дэмжлэг авч, нэлээд олон төсөл хөтөлбөр дээр ажилласан байх юм.

Уул усаа амь шигээ шүтэж, хайрладаг Монголын ард түмэнд тэр жинхэнэ эх оронч хүн шиг санагдаж байгаа. Сүхбаатарын талбайд гэр барьж, 300 морьтон цуглуулахдаа 30 гаруй сая төгрөг зарцуулсан гэдэг.  Өчигдрийн жагсаалын үеэр цагдаа, онцгойгийнхон тэднээс хоёр гар буу, хоёр гранат хурааж авсан гэсэн. Ц.Мөнхбаяр өмнө нь буу гаргаж танхайрсан үйлдлээ “Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг авч үлдэхийн тулд төрд олон удаа хандсан. Шийдэхгүй болохоор нь гарцаагүй байдлаар хийсэн үйлдэл. Үүнийг шүүх сэдэл санаа нь юу юм, гэмт хэрэг мөн эсэх нь тодорхойгүй байна гэсэн утгатай захирамжаар мөрдөн байцаалтад буцаасан” хэмээн тайлбарлаж байсан билээ.

 

Б.Оюунгэрэл