УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор намын бүлгүүдийн хуралдаан хийсэн байгаа. Бүлгийн хуралдаан өндөрлөхөл нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас  цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

 

 

 

 

-Эдийн засгийн хямрал гэж сүүлийн үед яригдах боллоо.  Энэ талар ярилцлагаа эхлүүлье?

- Дэлхийн засгийн байдал тогтвортой байна. Сүүлийн нэг жилд Америк, Хятад, Европын эдийн засаг тогтворжиж, өсөлт дагууллаа. 2008-2009 оны үед дэлхийн эдийн засаг уруудаж байсан үед МАН харин ч өсгөж чадсан. Одоо дэлхийн эдийн засаг тогтворжиж өсч байгаа үед Монголын эдийн засаг уруудаж байна. Ялангуяа нүүрсээ зарж чадахгүй байна. Үүнийг нийлүүлэгч авахгүй байгаа гэнэ. Тэгвэл Хятадын нүүрсний эрэлт 14 хувиар нэмэгдсэн. Ердөө багасаагүй.

Харин Монголын Хятадад нийлүүлдэг нүүрсний хэмжээ хэдэн зуун хувиар унасан. Бидний “Чалко” компанитай хийсэн 70 гаруй ам.долларын гэрээг муу гэрээ гээд экспортыг нь  зургаан сар зогсоосон. Сураг сонсох нь ээ, муу гээд байсан гэрээгээ 40 ам.доллараар гэрээ хийгээд явж байгаа гэнэ лээ. Засах гэсэн биш улам дордуулж нүүрсний ашгаас авах байсан 500 гаруй тэрбум төгрөгийн бодит орлого тасарч байгаа юм. Төр өөрөө нүүрсний салбарт хэт ороод нүүрснийхээ үнийг доод төвшинд унагаж байна. Үүнтэй холбоотойгоор энэ салбарт хөрөнгө оруулалт хийсэн хувийн хэвшлийнхэн ч гэсэн татгалзаж байна. Яагаад гэвэл ашиггүй салбарт бизнесээ эрхлэхийг хүсэхгүй. Тэгэхээр төр өөрөө алдагдалтай бизнес хийж байна гэсэн үг. Үүнийгээ дагаад “Энержи”, “Хөшөөт” гээд бүгдийнх нь үйл ажиллагаа зогсоод байгаа юм.

Бас тэр махны асуудал байна. Махны үнийг тогтворжуулна гээд 87 тэрбум төгрөгийг “Жаст” компанид өгсөн. Тэгвэл тэр компани нь өнөөдөр байхгүй болсныг  хэн ч мэдэх байх. “Жаст” компаниар дамжуулаад эрх баригчдын компанид очсон гэх мэдээлэл ирсэн. Үүнийг шалгаж үзэх шаардлага гарч байх шиг байна. Нөгөө тогтворжуулна гээд байсан махны үнэ буугаагүй.

Гурилын салбарт гэхэд мөн 47 тэрбум төгрөг өгсөн. Гэтэл Монголын гурилын 50 хувийн үйлдвэрлэгч “Алтан төгрөг” компани нэг ч төгрөг төрөөс аваагүй байх жишээтэй. Гурилын үнэ өсч байна.

Шатахууны үнэ ч мөн адил өсч байна. Шатахууны бөөний үнэ жижиглэнгийн үнээсээ хэт их болж. Ханшны өсөлтийг вальютын өөрчлөлтэй холбоотойгоор нөөцөө барлаа.

Харамсалтай нь дахиад таагүй үр дүн ирэх саруудад тохиох шиг байна. 2013, 2014 он бол Монголын 1991 оноос хойшхи хамгийн хүнд өвөл, хавар болж магадгүй. Ирэх саруудад ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, олон аж ахуй нэгжүүд дампуурах үйл явц гарах байх. Үүнийг дагаад ажилгүйдэл нэмэгдэж, нийгмийн тогтворгүй байдал үүсэх болов уу гэж санаа зовниж байна. Өнөөдөр зөвхөн зээлээр өдөр хоногийг өнгөрөөж байна. Өөрийн бодит чадавхиар биш зээлээр амьдарч байна. Орон сууцны салбарт хийсэн 900 гаруй тэрбум ямар үр дүн авчрав гээд Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажилд дүгнэлт өгөх хэрэгтэй болжээ.  

- Ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханү унаж байгаа. Валютын ханшийг тогтоворжуулах боломжтой юу?

- Вальютын ханшийг тогтворжуулж чадахгүй. Бололцоо байхгүй. Эдийн засгийн суурь бодлогын алдаа гаргасан. Хятадыг доромжилж, Орост салаавч өгөөд  байхад яаж ажил явах юм. Бид хүссэн, хүсээгүй Орос, БНХАУ бол мөнхийн хөршүүд. Ийм байтал тэдэнтэйгээ хэл амаа олж чадсангүй. Олон удаа хуурсан, мэхэлсэн. Харин аз болоход хоёр хөрш маань стратегийн түншлэлээр бүхий л салбарт өрнүүлж байх шиг байна. Монголыг тойрсон дэд бүтцийг байгуулж байна. Засгийн газар гадаад бодлогын том алдаа, дээрээс нь эдийн засгийн дотоод бодлогын алдаа гаргасан. Дээрээс нь төрийн албаны боловсон хүчний чадваргүй байдал, улс төрийн хийрхэл нь  хортой нөлөөлж байна. Үүнд дүгнэлт хийж ард түмнээсээ уучлалт хүсээд  хэрэглээгээ танж,  бүсээ чангалаад төвсийн орон тоо тодотголоо хийгээд урагшаа явах ёстой.  Монгол Улсад валютын хямрал үүсч байна. Валютын дутагдлыг хангахын тулд хүссэн хүсээгүй гадаад зээл хүндэрч эхэлж байна. Энэ юу вэ гэхээр гаднаас зээл авахгүйгээр амьдарч чадахаа больсон л гэсэн үг. Энэ бол 1990 оны л нөхцөл байдал шүү дээ. Зүгээр байсан эдийн засаг нэг жилийн дотор нуран унаж байгаа нь үнэхээр харамсалтай. Энгийн хэрэглээний түвшинд  ирэх 11,12-р сараас л хүчтэй цохилтууд орж ирэх байх.

- Эрх баригч намын зүгээс эдийн засгийн хямрал үүсгээгүй гэдгийг хэлээд байгаа шүү дээ.  Эрх баригчдын яг хэн нь худлаа яриад байна вэ?

- Эдийн засгийн савалгаа дэлхийд байдаг. Энэ юунаас болдог вэ гэхээр улстөрчдийн хийрхэлээс болдог асуудал. Үндсэндээ Н.Алтанхуяг юу ч хийгээгүй, хийх гэж оролдоогүй байсан бол Монгол Улсад ашигтай байсан байж магадгүй юм. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан. Эдийн засгийн хөгжил саарсан. Уул уурхайн яам байгуулсан. Уул уурхай уналтад орсон. Аялал жуулчлалын яам байгуулсан. Аялал жуулчлал эрс буурсан шүү дээ.

 

- УИХ-ын ээлжит бус чуулганаар Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр болсон. Батлагдахаасаа эхлээд асуудал дагуулсан энэ хуулийг  ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь зөв үү?

-Ээлжит бус чуулган яагаад хуралдах болов гэдэг нь асуудал. Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүндэрсэн учраас яаралтай хуралдаж арга хэмжээ авахын тулд  хуралдаж байгаа гэсэн ойлголт Монголын нийгэмд байгаа. Бид ч гэсэн тийм ойлголттой байна. Тэгвэл энэ удаагийн хурлаар хэлэлцэх асуудлыг харахаар эдийн засаг хүндэрсэн мэт харагдсангүй. Өнгөцхөн харахад Засгийн газар цаг хожих гэсэн ийм л дүр дураг харагдаж байна. Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулна, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулна, алтны асуудлыг шийдвэрлэнэ зэрэг асуудал багтаж. Гэхдээ хэлэлцэхээр багтаасан асуудлыг харахаар Монголын нийгэм бүр хүндэрсэн мэт байж болох юм. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбарт үүссэн нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалт тойрсон асуудал, байгаль экологийн томоохон хүндрэл нь Монголын нийгмийн хурц сэдэв юм. Өчигдөр буу тавиад жагсаал цуглаан хийгээд байгаа иргэний хөдөлгөөнүүд ч гэсэн энэ учир шалтгаанаар бий болсон байх. Энэ утгаар нь Засгийн газрын оруулж ирж байгаа асуудлыг нь харахаар 20 гаруй жилийн хугацаанд хүрсэн үр дүнгээ буцаах гэсэн юм биш үү. Ялангуяа, алтаа ухая гэдэг асуудлыг хүчтэй тавих юм шиг байна. Ойн сав, усны эх үүсвэрт алт олборлохыг хориглосон байсан хуулийн заалтуудыг хүчингүй болгох, дахин шинээр алт олборлолтыг эрчимжүүлэхээр зэхэж байгаа нь вальютын орлогогүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Газраа ухаж алт олохоос өөр аргагүй боллоо гэж. Тэгэхээр тэдний ярьж байгаа яриа, бодит нөхцөл байдал хоорондоо зөрчилдөж байгаа юм.

-Урт нэртэй хуулийн талаарх таны бодол?

-Юу үнэн бэ гэвэл бид нутаг орноо авч үлдэх ёстой. Засаг төр өөрөө өөртөө дүгнэлт хийхгүй бол мянган гоё хууль гаргаад явахгүй. Эдийн засаг өөрөө итгэл дээр зогсож байгаа. Энэ бий болсон нөхцөл байдлаас Монголын төр сургамж авах хэрэгтэй гэдгийг дүгнэж бодох ёстой юм. Бидний мөн чанарыг гаргаж өглөө шүү дээ. Үнэхээр Монгол Улс маань  бүтээгч орон бус хэрэглэгч. Эцэг эхийн үлдээсэн өв хөрөнгийг үрж байгаа айлын эрх хүүхэд шиг л байна шүү дээ. Бид үнэндээ хадаас ч хийж чадахгүй байгаа шүү дээ.

- МАН-ын бүлгээс мэдэгдэл гаргана гэж байсан.  Энэ талаар тодруулбал?

-Бид эхний ээлжинд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа. Өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгнө. Манай ажлын хэсэг үүн дээр ажиллаж байгаа. АН-д мэдэгдэл хүргүүлэхээр зэхэж байна. Алдаа гаргасан улстөрчдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ бол улс төрийн хамгийн соёлтой хэлбэр шүү дээ. “Оюутолгой” компанийн захиралыг солиход “Оюутолгой”-н хувьцаа таван хувь өссөн. Ц.Сэдванчиг гэдэг хүн нэг захиа бичсэнээс болоод хувьцаа нь арван хувь унаж байна билээ. Н.Алтанхуяг гэдэг хүн огцорлоо гэвэл гадаадын хөрөнгө оруулалт арван хувь нэмэгдэх байх гэж бодож байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар огцорвол энэ салбарт нэлээд нааштай үр дүн гарах байх гэж би хувьдаа бодож байна. Гэхдээ үүнийг хийх эрх нь АН-д байгаа. Энэ асуудлаа АН шийдээд, хөгжлийн тушаа болсон хүмүүсээ чөлөөлөөд урагшаа хараад явбал гадна тал ойлгоод л явна. Энгийн юм шүү дээ. Нэг их олон хууль өөрчлөх асуудал биш. Урт нэртэй хууль болоод Оюутолгой дээр хүчтэй улс төр хийж байсан хүмүүс бүгд сайд дарга болсон.

- Цаг гарган ярилцсан таньд баярлалаа.

А.Баярмаа