Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
2013/09/16
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр Засгийн газраас санаачлан боловсруулсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тусгай зөвшөөрлийн төрөл бүрээр заасан байдаг бөгөөд одоогоор уг хуульд “Гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах тусгай зөвшөөрөл” олгох хураамжийн хэмжээг тогтоосон зохицуулалт байхгүй байна. Иймээс хуулийн биелэлтийг хангаж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьж байгаа тухай салбарын сайд онцоллоо.
Хуулийн төсөл батлагдсанаар төрөөс энэ төрлийн тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээ хурдан шуурхай болох, гадаад улсад зуучлалаар суралцаж байгаа суралцагсдын бүртгэлийн тогтолцоо бий болох, энэхүү тогтолцоо бий болсноор гадаадад суралцагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөгчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах харилцаанд ахиц гарах, тэмдэгтийн хураамжаас олон улсын төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг үр нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг боловсролын салбарт олгогддог бусад тусгай зөвшөөрлийн хураамжийн хэмжээний дундажийг үндэслэл болгон 200000-400000 төгрөг байхаар тооцож хуулийн төсөлд тусгасан байна.
А.Баярмаа