Г.Энхтайван дарга “Дако” компанитай хамтран машины ченж хийдэг болжээ
2013/09/16
Өнөөдөр Стандарчилал хэмжил зүйн газар гэхээр уншигч олон байгууллага гэхээсээ илүүтэй “Өнөөх Г.Энхтайван” хэмээн сайн таньдаг болжээ. “Өнөөх” гэсний учир нь тэрээр удаа дараа хууль бус томилгоонд орж, өөрөө ч томилгоо хийх болон олон удаагийн хууль бус үйлдлээр нь гаргууд сайн таньдаг болсон.
Түүний хууль бус үйлдэл тоогоо алдахын зэрэгцээ ахин нэг шинэ луйвар илэрсэн нь олныг гайхширхад хүргэв. Өөрөөр хэлбэл, Г.Энхтайван “Дако” хэмээх найзынхаа компанитай хамтран машины ченж хийдэг болжээ. Засгийн газрын тохируулагч агентлагийн дарга хүн хувийн ашиг сонирхлын үүднээс татварын мөнгөөр машины ченж хийнэ гэдэг байж боломжгүй асуудал. Тэрээр албан тушаал, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж зах зээлийн үнээс илүү үнээр бараа материал худалдан авах, хувийн компанид давуу эрх олгож чанар муутай насжилт өндөртөй машинуудыг байгууллагадаа шахаж хувьдаа мөнгө завших, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, тусгай зөвшөөрөл, загварын гэрчилгээг хууль зөрчин олгож компаниудад давуу байдал олгох, хуурамч тушаал үйлдэж шүүх байгууллагад худлаа мэдээлэл өгсөн зэрэг эмх замбараагүй луйврууд шил шилээ даран илэрсээр буй. Тиймээс Г.Энхтайваны хууль бус үйлдлийн талаархи баримтуудыг шалгуулахаар иргэд АТГ-д мэдээлэл ирүүлсэн тухай АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат албан ёсоор олон нийтэд мэдэгдсэн билээ.
Тиймээс Г.Энхтайван даргын хэрхэн машины ченж болсон тухайд баримт дэлгэхийг зорьсон юм. Тэрээр 2011-2013 онуудад “Дако” ХХК-ийн захирал өөрийн найз Д.Дашдаваатай үгсэн тохиролцож тус компанийн данс, нэрийг ашиглан Стандартчилал хэмжилзүйн газарт улсын төсвөөс батлагдсан хөрөнгөөр гурван удаа чанар муутай, насжилт өндөртэй найман ширхэг автомашинуудыг хувь хүмүүсээс зах зээлийн үнээс 5-17 саяар илүүтэйгээр худалдан авч төлбөрийг улсын төсвийн хөрөнгөнөөс 205,5 сая төгрөгийг тус компанид шилжүүлэн хувийн нэг компанид давуу байдал олгон өндөр үнээр шахаж байсан баримт байгаа бөгөөд ихээхэн хэмжээний мөнгө завшиж улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан байж болох авлигын шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа юм. Г.Энхтайван сүүлийн жил гаруйн хугацаанд өөрийн албан ажлын хэрэгцээнд чанаргүй хуучин “Ланд Крузер-100” /УНА 00-91/ машинд нийт 54 сая төгрөг зарцуулаад зогсохгүй 2013 онд дахин 40 сая төгрөгөөр “Камry” машиныг зах зээлийн үнээс 10 сая төгрөгөөр илүүгээр “Дако” компаниар дамжуулан байгууллагадаа шахжээ.Тэрээр ийнхүү өөрийнхөө албаны хэрэгцээнд 94 сая төгрөгийн зардал гаргаж машинаа оймс шиг л ойр ойрхон сольж татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж сууна. Шударга иргэдийн тооцоогоор Г.Энхтайван албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж хувь хүмүүсийн чанар муутай машинуудыг “Дако” компаниар дамжуулан өндөр үнээр төрийн байгууллагуудад шахаж дундаас нь 90 орчим сая төгрөг завшсан байж болзошгүй гэж үзэн ийнхүү АТГ-аар шалгуулахаар хандсан байна. Нэгэнт татвар төлөгчдийн мөнгө нэгэн хууль бус даргын гараар баруун солгойгүй цацагдсан баримт хангалттай байхад хардах нь тэдний эрх юм. Харин төсвийн олон арван сая төгрөг авлигач түшмэл болон, хувийн компаний халаасанд хэрхэн хуваарилагдсаныг нарийвчлан шалгаж тогтоон иргэдэд мэдэгдэх нь Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллагын үүрэг байх ёстой. Иймд Г.Энхтайваны албан тушаалаа урвуулан ашиглаж ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх авлига, албан тушаалын холбогдолтой зөрчлийн талаар баримтуудыг хүргэж байна.
Баримт 1
Г.Энхтайван 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 131 тоот төлбөрийн хүсэлтээр “Дако” ХХК-д автомашины төлбөрт зориулагдах 90 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд уг төлбөрт Стандарчилал хэмжил зүйн газраас авсан “Ланд Крузер-100” /УНА 00-91/ автомашины төлбөр орсон байна. Уг машин нь “Дако” ХХК-тай хийсэн “Автомашин худалдан авах гэрээ”-ний 3-р хавсралтад заасан техникийн тодорхойлолтод хөдөлгүүр, хурдны хайрцагийн төрөл нь автомат, автомашин хүлээлцэх актанд мөн автомат гэсэн байхад худалдаж авсан машин нь механик хөдөлгүүртэй байжээ. Уг машиныг хүлээн авахдаа комисс томилоогүй байна. Түүнээс гадна тендерийн хорооны боловсруулж баталсан баримт бичгийн техникийн тодорхойлолтод худалдан авах машины үйлдвэрлэсэн хугацаа 2003 оноос хойш гэсэн байхад Г.Энхтайван даргын мөнгө шилжүүлж авсан машин нь 1999 онд үйлдвэрлэсэн байгаа нь хуучин чанар муутай машин авч үнийн зөрүүгээс ашиг гаргасан гэж үзэж байгаа аж. Энэ машин үнэхээр хуучин чанаргүй байсан нь дараахи баримтаар батлагддаг. Уг машиныг хүлээн аваад сар ч хүрээгүй байхад машины 5 дугуй, 4 амортизатор, пирда диск, өндгөн тулгуур 4 ширхэг гэж авсаар 7 сарын дотор 5145,5 мян төгрөгийн сэлбэг хэрэгслэл шинээр сольж тавьсан нь үүнийг гэрчилнэ. Эдгээр зөрчлүүдийг МХЕГ-ын улсын ахлах байцаагч Д.Гэрэл шалган тогтоож хууль хяналтын байгууллагаар нягтлуулахыг зөвлөсөн байна. Одоогийн байдлаар дээрхи чанар муутай “Ланд Крузер-100” /УНА 00-91/ машины сэлбэгт нийт 12 сая гаруй төгрөг зарцуулжээ. Иймэрхүү насжилттай машин тухайн үеийн ханшаар 25 сая төгрөгөөс дээш гарахгүй гэж машин борлуулагчид үздэг ба Г.Энхтайван дарга 42 сая төгрөгөөр байгууллагадаа шахжээ. Түүнчлэн уг машин “Дако” компаний эзэмшлийнх биш бөгөөд тус компанийн нэр, дансыг ашиглаж шахсан байгаа юм. Иймэрхүү байдлаар Г.Энхтайван “Дако” компаниас Булган аймагт 2002 оны “ХТrail” маркийн машиныг, Сэлэнгэ аймагт 2000 оны “Tirano” маркийн машиныг, Сүхбаатар аймагт 2000 оны “Mitsubishi pajer”o гэсэн машинуудыг “Дако” компаниар дамжуулан зах зээлийн үнээс өндөр үнээр шахсан байна.
Баримт 2
2012 оны хөрөнгө оруулалтад Стандарчилал хэмжил зүйн газарт албан ажлын суудлын автомашин авахаар төсөв батлагдсаны дагуу 2012 оны 6 дугаар сарын 13-ны шалгаруулалтаар “Тэнгэрлэг орчин” ХХК шалгарч гэрээ байгуулсан боловч Г.Энхтайван дарга гэрээг цуцалж өөрийн найз Д.Дашдаваатай “Дако” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 30-нд гэрээ байгуулж “Делика” маркийн микроавтобусыг 26 сая төгрөгөөр шахжээ. Энэ автобус нь мөн л хуучин загварын бөгөөд зах зээлийн үнэнээс 10 сая төгрөгөөр дээгүүр үнээр байгууллагадаа шахжээ.
Баримт 3
2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу мөн л “Дако” компаниар дамжуулан 3 машиныг өндөр үнээр Стандарчилал хэмжил зүйн газар болон Дорнод аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэст шахжээ. 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр “Дако” компаний дансанд дээрхи машинуудын үнэнд 89,5 сая төгрөг шилжүүлсэн байна. Дорнод аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэст 1996 оны “Делика” маркийн хуучин микроавтобусыг 20 сая төгрөгөөр Г.Энхтайван дарга шахжээ. Зах зээлийн ханшаар ийм насжилттай микроавтобус 10 саяас дээш гарахгүй байгаа ажээ. Түүнчлэн Стандарчилал хэмжил зүйн газарт “Соната-7” маркийн /УНЗ 43-40/ дугаартай, газ хөдөлгүүртэй автомашиныг 29,5 сая төгрөгөөр шахжээ. Зах зээлийн үнээр яг ийм газ хөдөлгүүртэй “Соната-7” маркийн машин 16 саяас хэтрэхгүй байдаг байна. Өөрөөр хэлбэл түүний шахсан “Ланд Крузер-100” /УНА 00-91/, “Соната-7” маркийн /УНЗ 43-40/ дугаартай 2 машинаас 30,5 сая төгрөг унагаж, “Дако” компанид хандивласантай адил юм. Ийм мөнгөөр усны тоолуурын ажлын эталон 2-ыг худалдан авч дутагдалтай байгаа аймагт нийлүүлж болох байсан ч авлигачдын халаасанд орсон нь харамсалтай юм. Түүний шахсан дээрхи 2 машины дүрсийг үзнэ үү.
Зочин · 2013/09/19
механик хөдөлгүүр гэж ямар хөдөлгүүр байдаг юм бэээ????????????????????